Фрийдландын суудал Кей Престлид шилжлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Фрийдландын суудал Кей Престлид шилжлээ

“Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал “Хорт Боб” хочтой Роберт Фрийдландыг огцруулснаас хойш нэг сарын дараа тус компанийн хяналтын хувьцааг эзэмшдэг “Рио Тинто” групп менежментийн удирдлагыг гартаа авлаа. Тус компанийн гүйцэтгэх захирлын албыг түр хашиж байсан Кей Престлиг шинэ гүйцэтгэх захирлаар томилсныг “Айвенхоу Майнз” өнгөрсөн мягмар гаригт мэдээлжээ. Харин санхүүгийн захирлаар Крис Бейтмэныг томилсон талаар “Ройтерс” мэдээлсэн байна. “Рио Тинто”-гоос томилсон  Престли, Бейтмэн “Айвенхоу Майнз”-ыг удирдах болсноор нөөцийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт бичигдэх болсон “Оюутолгой” төсөлд “Рио Тинто”  голлох үүрэг гүйцэтгэх болж байгаа юм.

Кей Престли нь “Рио Тинто”-гийн зэсийн асуудал хариуцсан санхүүгийн захирлаар ажиллаж байсан бол Крис Бейтмэн “Рио Тинто”-гийн алмаз, эрдсийн группийн бизнес, хөгжлийн санхүүгийн захирлын алба хашиж байжээ.

Өнгөрсөн сард “Айвенхоу Майнз”-ын менежментийн удирдлагыг гартаа авсан “Рио Тинто” тус компанийн хувьцааг нэмж худалдан авахаар болж, “Оюутолгой” төслийн олборлолтыг 2013 оны эхний улиралд эхлүүлэхэд шаардлагатай 3.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг батлан даахаар болсон юм. “Айвенхоу Майнз”-ын нэгж хувьцаа мягмар гаригт 1.6 хувиар буурч, 11.35 канад доллараар худалдаалагдсан байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж