
Төмөр замын газрын дарга Т.Батболдтой
Г. Идэрхангай ярилцлаа
Монгол улсын төмөр замын салбарт “Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэсэн зуун хувийн төрийн өмчит компани байгуулагдахаар боллоо. Энэ компани эхний ээлжинд ямар ажлууд гүйцэтгэх вэ?
Энэ компанийг ярихын өмнө би эрх зүйн зохицуулалттай холбоотой хэдэн зүйлийг онцолж хэлье. УИХ-аас 2007 онд баталсан Монгол улсын Төмөр замын тээврийн тухай хууль бол салбарын эрх зүйн чиг баримжааг тодорхойлсон суурь бичиг баримт. Хуулийн үзэл баримтлалд суулгаж өгсөн гол санаа нь ерөөс төмөр замын суурь бүтцээр хийгдэх тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулсанд байдаг. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 1949 оноос үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани нэг талаасаа суурь бүтэц эзэмшигч. Нөгөө талаас төмөр замын тээврийн үйл ажиллагааг хамтад нь эрхэлдэг. Гэтэл олон улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байх зарчмыг мөрддөг. Тэгэхээр шинээр байгуулагдах шинэ компаниудыг ийм буруу бүтэц рүү оруулж болохгүй. Харин суурь бүтэц дээгүүр хэн ч тээвэр хийх эрх нь нээлттэй байх ёстой. Өрсөлдөөн өрнөж байх ёстой.
“Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэж одоохондоо нэрлээд байгаа компанийг байгуулахын учир ийм. Энэ бол яг оноосон нэр биш. Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг эзэмшинэ гэдэг утгаар л хэлж байгаа хэрэг. Суурь бүтцийг гэрээний үндсэн дээр нийтэд тээвэр хэлбэрээр ашиглуулах зарчмыг энэ компани баримтална. “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”-аас гадна хувийн хэвшлийн, төрийн хөрөнгө оруулалттай компаниуд энэхүү суурь бүтцээр тээвэр хийх боломжтой. Өөрөөр хэлэх юм бол компаниуд суурь бүтэц ашигласны төлбөр хураамжаа Үндэсний төмөр замын суурь бүтэц гэж нэрлэгдээд байгаа компанидаа төлж байх юм. Засгийн газрын зүгээс энэ компанийг байгуулах чиглэл өглөө. Тэгэхээр төрийн өмчит компани яаж байгуулагддаг билээ, яг л тэр зарчмаараа, Төрийн өмчийн хороо хариуцаад явна. Компани байгуулагдсаны дараа эхний ээлжиндээ өөрийнхөө суурь бүтэц байгуулах үе шат болгоныг удирдаж явах ёстой.
Шинэ компани байгуулагдсанаар төрийн өмчит “Монголын төмөр зам” компанийн эрх үүрэг хумигдлаа гэсэн мэдээллүүд хэвлэлээр нэлээд гарч байна. Энэ компани анхнаасаа төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэгтэй байгуулагдсан юм биш үү?
Анхнаасаа гэдэг зүйл дээр зөв ойлголт өгмөөр байгаа юм. “Монголын төмөр зам” компани ондоо зорилгоор байгуулагдсан. Тодруулж хэлбэл, Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд 30 зүтгүүр, 180 гаруй вагон авна, дохиолол холбоог сайжруулна. Улаанбаатар төмөр замын аж ахуйг сайжруулна, тэр бүх хөрөнгийг өмчилж ашиглана гэсэн зорилгоор байгуулагдсан юм. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх үүрэгтэй гэсэн үг л дээ. Түүнээс биш төмөр замын суурь бүтэц барих ажилд энэ компанийг оролцуулах ойлголт анхнаасаа байгаагүй.
Мянганы сорилтын сангийн төсөл тодорхой шалтгаануудын улмаас зогссоныг та бүхэн мэдэж байгаа. Ингээд явцын дунд “Монголын төмөр зам” компани “Шинэ төмөр зам” төсөл рүү зүгээр гүйгээд орчихсон байдаг юм. Би дээр хуулийн үзэл баримтлал, зохицуулалтын тухай цухас дурьдсан. Тээвэрлэлт, суурь бүтэц өмчлөл, ашиглалт тусдаа байх ёстой. “Монголын төмөр зам” компанийн тухайд зүтгүүр, вагонууд өмчилж байна. Энэ бол тээвэрлэлтийн л үйл ажиллагаа. Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын салбарын хөдлөх бүрэлдэхүүнийг сайжруулах, шинэчлэх, Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих байгууламж барих төслийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлсэн. Эхний төсөл нь хэрэгжээд дуусч байна. Мөн Хятадаас төмөр замын барилгын машин механизм авахаар тохиролцоод эхний тоног төхөөрөмж, машин механизмууд орж ирж байна. Энэ бүх хөрөнгө өнөөдөр төмөр замын тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэх төрийн өмч давамгайлсан “Монголын төмөр зам” компанийн мэдэлд очиж байна.
Харин төмөр замын суурь бүтцийг барих буюу “Шинэ төмөр зам” төслийг “Монголын төмөр зам” хэрэгжүүлэх нь тээвэрлэлт, суурь бүтэц эзэмшлийг хольсон хэрэг болно. Цаашдаа энэ хэвээр явбал бүр ч будлиантана. Хамгийн гол нь энэ хоёрыг зааглахын тулд хуулийн зарчмаа баримтлах хэрэгтэй.
Үндэсний төмөр замын суурь бүтцийг хариуцсан компани байгуулагдсаны да¬раа “Монголын төмөр зам” зөвхөн тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа төвлөрнө.
Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоор бол эхний ээлжинд Тавантолгой ордоос Сайншанд, Чойбалсангийн чиглэлд төмөр зам барих ажлыг “Монголын төмөр зам” хариуцаж, зарим ажлаа эхлүүлсэн шүү дээ?
Энэ бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам”-аар үргэлжлүүлж хийлгэхгүй, шинэ компанид яагаад хариуцуулах гээд байгаа юм бэ гэж үү. Түрүүн хэлсэнчлэн, тээвэрлэлттэй холбоотой төслүүд энэ компани дээр аль хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн. Шинэ төмөр замын бүтээн байгуулалт хараахан барилгын ажилдаа ороогүй байна. Зөвхөн бэлтгэл ажлаа хангах хүрээнд явж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл гэх зэргээр. Өөрөөр хэлэх юм бол тээвэрлэлттэй холбоотой ажлууд биелсэн, харин бүтээн байгуулалтын төслүүд нь цаасан дээр бий. Нөгөө талаас “Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй төсөл бол зөвхөн Тавантолгой-Сайншанд-Чойбалсан гэсэн төмөр замын маршрут бүхий тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжиж байгаа. Тэгвэл суурь бүтэц эзэмших шинэ компани үүнээс өөр.
Шинэ компани “Монголын төмөр зам”-ын одоо хэрэгжүүлж байгаа төслийг эзэмшихээс гадна “Энержи Ресурс” компанийн Ухаа худаг-Гашуун сухайт, МАК-ийн Нарийн сухайт-Шивээ хүрэн, “Болд төмөр ерөө гол”-ын 90 орчим км төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь нэгтгэн зангидаж хариуцах юм. “Болд төмөр ерөө гол” компани төмөр замаа тавиад дуусч байна. Улсын комисс хүлээж авах л үлдсэн.
Төмөр замын эдгээр суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниудтай төрийн өмчит шинэ компани гэрээ хэлэлцээ хийнэ. Үүний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгийн 51 хувийг өөртөө шилжүүлэх ёстой юм. 51 хувийг нь төр өмчилж авна гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ нь шууд шилжүүлэх юм уу, тодорхой ашиглалтын хугацааны дараа шилжүүлж авах уу, шилжүүлж авлаа гэхэд гэрээний үүрэг хариуцлага ямар байх вэ гэдэг аяндаа тодорхой болно.
Гэхдээ “Монголын төмөр зам” компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд амжуулсан ажлууд нэлээд бий биз дээ?
Суурь бүтэц байгуулах чиглэлээр хийсэн ажлууд гэх юм бол нэгдүгээрт шинэ замынхаа трассын зургийг Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, ЗТБХБЯ-тай хамтраад гаргасан. Ерөнхий чигийн зургийг зохиохдоо дагуу огтлолын зураг хийгээгүй гэж би түрүүн хэлсэн. Энэ дутуу орхигдсон байгаа. Уг нь энэ зураг дээр үндэслээд урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ёстой байсан.
Би урьдчилсан ТЭЗҮ биш, иж бүрэн ТЭЗҮ гэж яриад байгаа юм. Иж бүрэн ТЭЗҮ-ийг боловсруулахдаа АНУ-ын “Маккензи” компанийг зөвлөх үйлчилгээний байгууллагаар ажиллуулсан. Дотроо бүлэг зөвлөх үйлчилгээнүүд байгаа. ТЭЗҮ-ийн дагуу Австралийн СМЕК компанийг шинээр баригдах төмөр замын суурь бүтцийн техникийн зураг төсөл боловсруулах техникийн зөвлөхөөр сонгон шалгаруулж гэрээ байгуулахад бэлэн болсон. Зөвлөх үйлчилгээнүүдээс гадна судалгааны ажлууд гэж бий. Судалгааны ажлууд дотроо геологи, геодезийн ажлууд хийгдсэн. Геодезид 18 компани, геологид 10-аад компани оролцсон. Хэдийгээр зураг төсөл бүрэн хэмжээгээр гараагүй ч 250 орчим км газар хөрс хуулалтын ажил эхэлсэн. Одоогоор 100 орчимд нь ажил явагдаж байна. Энэ бүх ажил шинэ компанийн мэдэлд очих юм.
Хөгжлийн банкны санхүүжилт цаг хугацаандаа хийгдээгүйн улмаас “Шинэ төмөр зам” төсөл урагшаа ахисангүй гэж салбарын экс сайд мэдэгдэж байсан. Тэгвэл шинэ компанийн ажлыг эхлүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгөд төрөөс эхний ээлжинд ногдох 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкинд гаргахаар боллоо.
Мэдээж Хөгжлийн банк нь үндэсний төмөр замын суурь бүтэц хариуцах компанидаа санхүүжилт хийнэ. Энэ бол цаад утгаараа төрийн санхүүжилт шүү дээ. Гэхдээ Хөгжлийн банк төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх компаниудад ч санхүүжилт хийж магадгүй. Энэ тал дээр тооцоо гаргаж үзэхэд, эхний ээлжиндээ 10 сая, яваандаа 40-60 сая тонн ачаа тээвэрлэх бол зайлшгүй санхүүжилт шаардлагатай. “Монголын төмөр зам” компанид ч энэ хамаарна.
Шинэ компанийн хувьцааны 49-өөс дээшгүй хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн оролцоог хязгаарлахгүйгээр, бусад хөрөнгө оруулагч тус бүрийн хувьцааны эзэмшлийг 10 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан. Шинэ компанийн хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад 10, 10 хувиар тус тус олгох уу?
Монгол улсад барих төмөр замуудын 51 хувь төрийн өмчид байх ёстой. 51-ээс доошгүй хувь байж болохгүй. Үлдэж байгаа 49 хувиа ашиглаж бид хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа хийнэ гэж байгаа. Энэ нь Төрийн өмчийн хороотой хамтарч хийх ажил. 49 хувь дотор төрийн болон гадаадын, дотоодын хөрөнгө оруулалттай компани орж болно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмчлөлийг үүнд хязгаарлалтгүйгээр оруулж ирж байгаа. Бусад хөрөнгө оруулагчийн эзэмшлийн хувь хэмжээ 10 хувиас дээшгүй байна гэж Засгийн газрын тогтоолд тусгасан. Стратегийн хөрөнгө оруулагч гэдэгт лав РЖД (Оросын төмөр замуудын нэгдэл) сонирхлоо илэрхийлсэн. Солонгосын Консорциум ч мөн адил. Эд нарын асуудал 49 хувь дотор яригдах нь гэж ойлгох хэрэгтэй. Тээвэрлэгч компанийн хувьд бол үүнээс тусдаа. Хуульд зааснаар 100 хувийн өмчлөл бүхий тээврийн компани ч байж болно. “Монголын төмөр зам”-ын тухайд одоогоор 100 хувийн төрийн өмчит компани хэвээр байгаа. Яваандаа энэ компанийг хувьчлах бол 51 хувийг төрдөө авч үлдээд, үлдсэнийг хуулиар зохицуулж болно.
Дашрамд дурьдахад, “Монголын төмөр зам” компанийн удирдлагыг Төрийн өмчийн хорооноос томилдог. Манай яам, агентлагт энэ асуудал огт хамааралгүй. Яам, агентлаг зөвхөн энэ компанид мэргэжлийн зөвлөгөө л өгдөг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь манай агентлагт төлөөлөлтэй.
Хонконгт бүртгэлтэй “Монголын төмөр замын дэд бүтэц” компани манай төмөр замын салбарт ямар нэгэн байдлаар холбоотой ажилладаг уу?
Монголын нэр төртэй холбогдсон ямар нэг компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлээд, хувьцаа гаргаад явах нь бидэнд хамаагүй гэж үзэж болохгүй. “Монголын төмөр замын дэд бүтэц” гэдэг компани хувьцаанаасаа ашиг орлого олж байвал тэр нь монголчуудад наалдаж л байх ёстой. Тэр тусмаа төмөр зам бол стратегийн, улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх маш чухал салбар.
Энэ чухал салбарт төр, засгаас хамааралгүй зүйл гэж байхгүй. Тийм учраас Хонконгт бүртгэлтэй компани ядахнаа нэрээ авахдаа ёс зүйгээ бодож бидэнтэй зөвшилцөх байсан юм. Ер нь төмөр замын салбарт үйл ажиллагаа хэрэгжүүлэх гэж буй компанийн үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Тусгай зөвшөөрөл олгодог байгууллага нь Засгийн газраас эхлээд шат болгонд бий. Гэтэл компаниа шууд Хонконгт бүртгүүлээд, ашиг олоод явж байгаа нь цэвэр луйвар юм.
Манай агентлагийн хувьд энэ компанитай ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй. Ямар ч холбоо байхгүй.