Хэтэрхий бага, хэтэрхий оройтсон

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Хэтэрхий бага, хэтэрхий оройтсон

Евро бүсийн хямралын бүхий л хугацаанд бүсийн орнууд анх удаагаа эдийн засгийн өсөлтийг дэмжихээр шийдэцгээв. Еврокомисс эдийн засгийг амьдруулах механизмыг хөдөлгөөнд оруулахаар 200 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг боловсруулж байна. Үүнд илүү их хөрөнгө шаардлагатай гэж үзэж байгаа шинжээчид уг төлөвлөгөөг төдийлөн үнэлэхгүй байгаа юм.

Еврокомисс Европын холбооны гишүүдийн эдийн засагт 200 тэрбум хүртэл еврогийн  хөрөнгө оруулах өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг боловсруулж байна.

Хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч ба тэргүүлэх технологийн салбарт хийх гэнэ. Хэвлэлийн мэдээгээр хөрөнгийг Европын хөрөнгө оруулалтын банк ба Санхүүгийн тогтворжилтийн Европын механизмын (СТЕМ) баталгаан дор хувийн хөрөнгө оруулагчдаас гаргах ажээ.

Хоёр дахь нь евро бүсийн өрийн хямралд зориулагдсан СТЕМ-ийн ашиглагдаагүй байгаа 12 тэрбум еврогийн тухай яриа. Эдгээр мөнгө нь нь улсын болон хувийн хөрөнгөөр дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд баталгаа болгох ёстой ажээ.

Европын холбооны Хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө нэмэгдүүлэх нэг хувилбар нь нийгэмлэгийн гишүүн орнуудаас зэрэг оруулах нийт 10 тэрбум еврогийн татвар авах үйлдэл байж болно. Гэхдээ холбооны орнууд хямралд нэрвэгдсэн байгаа учраас тэр нь хүндрэлтэй байж болох юм.

1948 оны дөрөвдүгээр сард хэрэгжиж эхэлсэн “Маршаллын төлөвлөгөө” гэгчтэй адил гэх уг төлөвлөгөөг Европын холбооны ирэх сарын 28–29-нд Брюссель хотноо болох саммит дээр танилцуулах ажээ.

Сануулахад, дэлхийн хоёрдугаар дайны дараа Европыг амилуулахаар Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн тусгай байгууллагыг 1961 онд Европыг шинэчлэн бүтээх Маршаллын төлөвлөгөөний дагуу АНУ ба Канадын тусламжийг зохицуулахаар байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын бааз дээр бий болгосон байв.

“Эдийн засгийн өсөлтийн тухай” гэрээгээ өдгөө холбооны 25 орон гарын үсгээ зураад байгаа төсвийн тогтворжуулалтын гэрээний нэмэлт болгох талаар бодож үзэхийг Европын Төв банкны тэргүүн Марио Драги өмнө нь уриалсан байв. Холбооны лидерүүд төрийн зарлагын байдлыг сайжруулахад чиглэсэн төсвийн тогтворжуулах гэрээнд гуравдугаар сард гарын үсэг зурсан юм. Гэрээнд нэгдэхгүйгээ Чех, Их Британи хоёр хэлсэн байгаа. Уг гэрээнд гарын үсгээ зурсан ч энэ талаар бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ Ирланд мэдэгдсэн ба тэр нь тавдугаар сарын 31-ний өдөр болох ёстой.

Дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас дээш төсвийн алдагдал гаргасан орнуудад ДНБ-нийх нь 0,1 хувьтай тэнцэх хоригийг автоматаар авна гэдгийг тэр хэлэлцээрээр зааж өгсөн билээ. Евро бүсийн орнуудаас автоматаар авах тэр хөрөнгө нь Санхүүгийн тогтворжилтын байнгын механизмд шууд орж байх юм.

Гэрээгээр төсвийн тэнцлийг барих журам, төсвийн бараг алдагдалгүй хувилбар болон төсвийн алдагдлыг орон тус бүрээр нь зааж өгсөн байгаа. Төсвийн алдагдлын жилийн бүтэц нь ДНБ-ний зах зээлийн үнийн 0,5 хувиас хэтрээгүй улс орныг уг гэрээг зөрчөөгүй гэж үзэх юм байна. Тэр “алтан журмыг” зөрчсөн нөхцөлд улс тус бүрт нь таарсан зохицуулалтын автомат механизм ажиллана.

Португали, Испанийн байдал тогтворгүй байгаа нөхцөлд Санхүүгийн зохицуулалтын механизмын (СЗМ) хөрөнгийг 200 тэрбумаар нэмэгдүүлэн Европын санхүүгийн тогтворжилтийн түр хугацааны сангийн ажиллагаатай хамтруулан 700 тэрбум еврод хүргэнэ гэсэн санааг өмнө нь Германы канцлер Ангела Меркель батлан хэлсэн байв.

Тэр санааг нь Европын Төв банкны захиргааны гишүүн Йенс Вайдман (Jens Weidman) дэмжихгүй байна. Санхүүгийн тогтворжилтийн механизмыг нэмэгдүүлснээр евро бүсийн  санхүүгийн хямралын асуудлыг шийдэж чадахгүй гэж тэр үзэж байгаа тухай Bloomberg агентлаг мэдээлсэн байна. “Бидний гаргаж байгаа бүх мөнгөөр өрийн хямралыг худалдан авах боломжгүй” хэмээн Вайдман хэлжээ.

СТЕМ ба СЗМ хоёрын үндсэн үүрэг нь өөрийн өрийн үйлчилгээг хийж чадахааргүй болсон евро бүсийн орнуудад санхүүжилт хийн туслах явдал юм. Өдгөө тийм байдалд орсон Грек, Ирланд, Португали зэрэг гурван орон байгаа ба Испани, Итали хоёрыг тэдэнд нэгдэнэ гэсэн болгоомжлол өмнө нь байлаа.

Олон тэрбумын санхүүгийн тусламж нь санхүүгийн систем нь хямралд идэгдсэн орнуудын төлбөрийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ч тэр нь зээлийн байгууллагуудад хуримтлагдан эдийн засгийн бодит салбаруудад хүрэхгүй байгааг хэлэх нь зүйтэй. Тийм бодлого нь гал унтраахтай адил бөгөөд эдийн засгийн өсөлтөд нөлөөгүй.

200 тэрбумын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг  “Маршаллын төлөвлөгөө” хэмээн чангаар нэрлэх хэрэггүйг шинжээчид хэлж байгаа. “Өмнөх жилүүдийн туршлагаас харвал энэ бол өчүүхэн зүйл. Грек гэхэд л дангаараа түүнийг өлхөн залгиж чадна. Тэгээд л бас уналттай хэвээр үлдэнэ. Түүний ойрын ирээдүйн дүгнэлтийг  аваад үзсэн ч ганцхан зовлон л харагдаж байна” гэж FxPro-гийн шинжээч Александр Купцикевич ярьж байна. Тэрээр Европын өнөөгийн байдлыг АНУ-ын санхүүгийн хямралтай адил гэлээ. “АНУ-ын Сан хөмрөгийн тэргүүн асан Полсон 2008 онд “галаас гал руу гүйсэн гал команд байсаар бид ядарлаа” гээд санхүүгийн салбарыг аврахын тулд шууд 700 тэрбум доллар гаргахыг шаардаж байлаа. Миний хэлэх гээд байгаа зүйл нь Евро бүсийн эдийн засаг, АНУ-ын эдийн засаг хоёр хэмжээгээрээ адилхан гэдгийг л онцолж байгаа хэмээн тэр сануулжээ.

Ерөнхийдөө бол хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө нь зөв чиглэлтэй, харин европ маягаараа удаашралтай гэж тэр үзэв. “Энэ бүгд нь юугаар төгсдгийг бид мэднэ. Зах зээл нь түүнийг хэтэрхий бага, хэтэрхий оройтсон гэж яриад бүсийн хөрөнгө оруулалтаа багасгасаар байгаа” хэмээн тэр тэмдэглэв.

Дашрамд дурьдахад, Грек холбооноос хамгийн их дэмжлэг авч байгаа. Түүнд 2010 оны тавдугаар сард бүсийн гишүүд ба ОУВС 110 тэрбумын зээл олгоод 2012 оны  хавар нэмэн 130 тэрбумын зээлийн багцыг өгөхөөр болсон. Хувийн хөрөнгө оруулагч нартай нь 100 тэрбум еврогийн өрийг нь цагаатгахаар тохиролцсон байгаа билээ.

Ер нь бол 2008 оноос хойш Европ 300 тэрбум евроны алдагдал хүлээгээд байна. “Хэрэв сүүлийн 10 жилийн дотор хөрөнгө оруулалтын төвшин хувийн ашгийн 22 орчим хувь байсан бол 2011 оны дөрөвдүгээр улиралд тэр нь 20,2 хувь болон буурсан байна. Өдгөө 2008 оноос хойших тэр хэмжээ нь 2,3 их наяд евро хавьд эргэлдэж байна. 2008 онд бол 2,6  их наядын хэмжээтэй байсан. Ажил хэргийн идэвх унаснаас Европ 300 тэрбум еврогийн алдагдал хүлээлээ гэж болно” хэмээн Купцевич онцолсон байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж