Говийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Говийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Тавантолгой, Оюутолгой орчмын газарт байгаль орчны үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж, тухайн бүс нутгийн малчдын өвөлжөө, хаваржаа нь уул уурхайн эдэлбэр газарт орсон тохиолдолд нөхөн олговор олгох асуудлыг судлан, эрх зүйн орчин бүрдүүлэхийг холбогдох сайд нарт Засгийн газрын өчигдрийн /V.02/ хуралдаанаас даалгалаа. Мөн түүхий нүүрс, төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулах санал боловсруулж шийдвэрлүүлэх, “Замын-Үүд” боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолбор, зам талбайн өргөтгөл болон цогцолбороос гаалийн рентген хяналтын талбай хүртэлх 2.3 км хатуу хучилттай замыг энэ оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ.“Замын-Үүд” боомтод авто тээврийн хөдөлгөөн нэлээд түгжирдэг байна. Иймээс хяналт шалгалт явуулах талбайг өргөтгөх, ачааны машины шалган нэвтрүүлэх цогцолбороос БНХАУ-ын Эрээний боомт хүртэл 1 км, цогцолбороос төмөр замын шилжүүлэн ачих 3 дугаар терминал хүртэлх 8 км зам барих хөрөнгийг эхний хагас жилд багтаан зээл, тусламж, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах бүтцийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Иргэдийг сургах, ажлын байраар хангах тухай хуралдаанаар яригдсан байна. Энэ дагуу уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай мэргэжлээр ажилгүй иргэдийг бүртгэн мэргэжил олгох, мэргэшүүлэх, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд сургах, уул уурхай, бусад үйлдвэрт монгол иргэдийг ажилд оруулах зэрэг цогц арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж