Жинхэнэ эсэхийг шалгана

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Николя Саркозийн сонгуулийн кампанид Каддафийн мөнгө орж ирснийг гэрчлэх баримтыг прокурорын газраас шалгаж эхэлжээ. Хэрэг албан ёсоор мөрдөн байцаалтад шилжжээ. Энэ үеэр хэт барууны намын лидер Марин Ле Пен тавдугаар сарын 6-ны сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад хэний төлөө  санал өгөх талаар өөрийн байр суурийг ярьжээ.

Францын Прокурорын газар тус орны ерөнхийлөгч Николя Саркози Ливийн хувьсгалын лидер агсан Мауммар Каддафигаас өөрийн сонгуулийн кампанид мөнгө авсан гэх мэдээллийн үнэн эсэхийг шалгаж эхэллээ. Өмнө нийтлэгдсэн энэ сэдвийн баримтуудыг хуурамч гэж нэрлэн дургүйцлээ гаргасан Саркозийн гомдлын дагуу уг мөрдөн байцаалтыг явуулж байгаа гэнэ. Францын ерөнхийлөгч Mediapart гэх бие даасан  мэдээллийн агентлагийг шүүхэд өгчээ. Ийм маягаар хэрэг цэвэр мэдээллийн талбараас хууль эрх зүйн талбарт шилжив.

Гуравдугаар сард портал Ливийн дэглэм Саркозийн сонгуулийн кампанид 50 сая евро өгсөн гэх мэдээллийг гарган тавьсан байв. Тэнд мэдээлснээр кампанийн санхүүжилтийн асуудлын хэлэлцээрийг Каддафийн хүү Сейф аль-Ислам ба ZT гэх үл таних хүнтэй хийжээ. Тэр ZT гэсэн үсгүүдийг ливан гаралтай Зиад Такиеддин гэдэг бизнесмен гэж Mediapart сайт тайлаад байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт уг агентлаг  Каддафийн мөнгөний нярав гэгдэж байсан одоо Францад амьдарч байгаа Башир Салехд мөнгийг гаргах тогтоолын араб хэл дээр байгаа  хувийг нийтэлсэн байв. Ням гаригт Башир Салех өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан тэр баримтын талаар мэдэгдсэн байна. “Mediapart  сайтад Николя Саркозийн 2007 оны сонгуулийн кампанийг санхүүжүүлсний баримт болгон тавьж нийтлүүлсэн уг баримтын үнэн гэдэгт эргэлзэж буйгаа Башир Салех хэлэхээр яарч байна” гэж Салехын сонирхлыг төлөөлөгч болох өмгөөлөгч Пьер Аик мэдэгдсэн байна.

Гэсэн ч Mediapart агентлагийн мэдээний дагуу эрүүгийн хэрэг үүсгэхийг Франсуа Олландын сонгуулийн штабаас бямба гаригт шаардсан байв.

“Энэ бол эвлүүлэг, хорлон! Веб-сайт Mediapart худал мэдээлэл тарааж байна. Зүүнийхэнд үйлчилж, худал цуу яриа тараах гал тогоо нь тэр мөн” хэмээн Саркози дургүйцлээ илэрхийлжээ.

“Энэ бол ичгүүр. Мауммар Каддафийн нууц алба ба түүний хүүд итгэдэг сэтгүүлчид байна гэдгийг төсөөлөхөд бэрхтэй. Энэ бүгд нь Доминик Стросс-Каныг Францын дараагийн ерөнхийлөгч болгох гэж байсныг нь сануулахыг хүсдэггүй социалистуудад л хэрэгтэй” хэмээн  Францын ерөнхийлөгч дургүйцэн хэлж байлаа.

“Бид Mediapart-ийн эсрэг гомдол гаргана… Энэ баримт нь асар том хэмжээний хуурамч үйлдэл” гэж Саркози амлав. Энэ баримт гэгчийг гаргасан нь ерөнхийлөгчийн сонгуулийн кампани ид өрнөж буй цагаар түүний өрсөлдөгч социалистуудын хийж буй ажил гэдэгт Саркози итгэлтэй байна. Социалистууд ч Тав дахь бүгд найрамдах улсын хууль хяналтынханд хандан уг баримтаар, гэхдээ тэнд хэлэгдсэн баримтын дагуу эрүү үүсгэхийг шаардсан байгаа.

Саркозийн сонгуулийн кампанийг санхүү­жүүл­сэн гэх яриаг хамгийн анх жилийн өмнө Муаммар Каддафийн хүү Сейф аль-Ислам (арваннэгдүгээр сард баривчлагдсан) зарласан юм. “Бид энэ алиалагчаас хамгийн түрүүнд Ливийн ард түмэнд мөнгийг нь буцаан өгөхийг шаардана. Ливийн ард түмэнд тус болоосой гээд бид түүнд тусалсан юм. Тэр бидний дургүйг хүргэсэн учраас бидний мөнгийг өгөг. Бидэнд бүх баримт байгаа, банкны данс, банкны шилжүүлгийн баримт гээд л. Удалгүй бид энэ бүгдийг гарган тавина” гэж тэр мэдэгдсэн байлаа.
Мауммар Каддафи өөрөө нэгэн ярилцлагадаа Европын найз нарынхаа хуншгүй занг гайхсанаа хэлэхдээ Ливийн худалдааны түнш байсан Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконийг онцолж байлаа. “Бүхнээс илүүтэйгээр Сильвио Берлускони миний дургүйцлийг хөдөлгөлөө. Би хууртагдаж, урвагдсанаа мэдэрч байна. Одоо уулзлаа гэхэд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй” гэж хурандаа гомдолж байжээ.

Ливийг бөмбөгдөх санал гаргасан Саркозийн талаар тэр ярихдаа долоовор хуруугаа чамархай дээрээ эргүүлэн “тэр сэтгэцийн гажигтай… Зөвхөн галзуу хүнээс л тийм санаа гарна” гэж байлаа.

Сануулахад, ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шийдвэрлэх санал хураалт хүртэл хэдхэн хоног үлдээд байна. Эхний шатанд Социалист намын нэр дэвшигч Франсуа Олланд Саркозигаас бүтэн хагас хувийн саналаар  түрүүлсэн юм. Одоо нэр дэвшигчдийн саналын зөрүү багасч эхэлжээ.

Ням гаригт  нийтлэгдсэн олон нийтийн санал асуулгаар Олландын төлөө асуулгад оролцогсдын 54 хувь, Саркозийн төлөө 46 хувь нь саналаа өгнө гэжээ. Арав хоногийн өмнөхөөс Саркозийн чансаа хоёр хувиар нэмэгдсэн байна.

Энэ үеэр хэт барууны “Үндэсний фронт намын” лидер  Марин Ле Пен сонгуулийн хоёр дахь санал хураалтад өөрийн иргэний байр сууриа илэрхийлэв. Тэрээр саналын хуудсыг бөглөхгүйгээр хоосон үлдээн санал өгнө гээд өөрийн талынханд мөн ингэхийг уриалжээ.

“Сонгууль дууссан, хөлсний ажилд орох үйл явдал эхэллээ. Николя Саркози эсвэл Франсуа Олланд хоёрын хэн ч тавдугаар сарын 6-нд ялалт байгуулсан тэр нь Европын төв банкинд хөлслөгдөн ажиллагч болон Ангела Меркелийн өмнө байнга тайлангаа тавдаг болно” гэж Парис хотноо болсон Жанна  д’Аркийн 600 жилийн ойд зориулсан таван сарын 1-ний цуглаан дээр Ле Пен хэлжээ.

Түүний хэлснээр Францын ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын 22-нд төгссөн болов. “Та нар чөлөөт иргэд өөрсдийн санаа бодлын дагуу саналаа өгнө биз хэмээн Ле Пен Дуурийн талбайд цугларсан олонд хандаад өөрсдийн  сонгогчдыг “саналын сав” биш гэжээ. “Бид эрх баригч нам, Социалист намаас юу ч хүлээх хэрэггүй. Энэ бол миний үзэл бодол” гэж тэр хэлжээ. Тэрээр нэмж хэлэхдээ өөрийн намыг “үнэн ба эрүүл ухаантай” учраас  тэргүүлэгч гэж нэрлээд зургадугаар сард саналаа “Үндэсний фронтын” төлөө өгнө гэв. “Бид энэ сонгуульд өөрсдийн сэдвийг гарган тавиад олны гайхлыг төрүүлж чадлаа. Бид Францын бодлогын төв болж чадав. Манай сэдвээр маргаан үргэлжилж байна. Сонгуульд бид ялаагүй ч бидний засгийн эрхэнд гарах суурийг тавьж чадлаа. Хөдөлгөөнийг зогсоож чадахгүй”. Мөн тэрээр “ард түмний нэр дэвшигчийн хувцас өмсөх” гэсэн Саркозийн аргыг буруутган шүүмжилжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж