Гол нь маргааш, эсвэл нөгөөдөр өөр нэг цагдаа бусдад зодуулах нөхцөл байдал шийдэгдэхгүй үлдэх нь. Дээрх хэрэг олон нийтэд ил болж анхаарлын төвд орсон болохоос биш өдөр бүр л хаа нэгтэй хэн нэг нь цагдааг зодож, нөгөөх нь цагдаад зодуулсаар л байгаа. Энэ явдлын дараахан л гэхэд Баянзүрх дүүрэгт эргүүл хийж явсан цагдааг дээрэмдэж орхиж. Үүнээс цар хүрээгээрээ том хэрэг гэвэл цагдаагийн дарга нарын хэрэг, долдугаар сарын нэгэнд цагдаагийн ажилтнууд иргэд рүү буудсан хэрэг гээд л үргэлжилнэ. Эдгээр фактууд юуг хэлээд байна гэвэл "Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулиа дорвитойхон өөрчлөөч л гээд буй хэрэг.
ОХУ-д л гэхэд цагдаагийн дарга нар болон бусад шаардлагагүй орон тоогоо цөөлж оронд нь алба хаагчдынхаа цалинг нэмж дэслэгч цолтой цагдаа 45 мянган рубль авч байна, Америкт хамгийн бага цолтой цагдаагийн албан хаагч зөвхөн цалин нь жилийн 35 мянга орчим ам.доллар, нэмэгдэлтэйгээ нийлээд 60 гаруй мянган ам.доллар хангалттай хүрч байна. Монголд ийм цалин, урамшуулал өгч чаддаггүй юм гэхэд ядаж одоогийнх нь цалинг хоёроос гурав дахин өсгөөд, хамгаалах хэрэгслийг нь хангалттай өгөх хэрэгтэй. Ингэснийхээ дараа хариуцлагынх нь талаар ярих хэрэгтэй. Хангамж эдлэх цагдаагийн албан хаагч болохын тулд хязгаар, шалгуур ч тогтоох учиртай. 45 хоногийн жолооны курс шиг сургалт төгсчихөөд төрийн хувцас өмссөн цагдаа хэв журам сахиулах биш, хэн нэгнийг айлгаж түгшээж байна. Ядаж үүнийг шийдэхэд хуулийн ганцхан үгийг хөдөлгөхөд л хангалттай.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд цагдаагийн байгууллага нь алба хаагчийг давтан, мэргэшүүлэх зэрэг сургуультай байж БОЛНО гэсэн утга бүхий заалт /4.4, 9.5/ л байгаа. Тэр “болно“ гэдэг нь хэрэгждэггүй гэхэд болно. Тэгэхээр цагдаагийн байгууллага давтан сургуультай БАЙЖ БОЛОХ биш, давтан болон мэргэшил дээшлүүлэх сургуультай БАЙНА гэж тодорхой заагаад тэр нь ямар хугацаанд, ямар журмаар яаж зохион байгуулагддаг гээд бүгдийг тодорхой үүрэгжүүлэх үлдэж байна.
Нэгэн сонирхолтой судалгаа гарч гэнэ. Долдугаар сарын 1-ний дараа дахиж ийм үйл явдал болвол яах вэ гэсэн судалгаанд цагдаагийн алба хаагчдийн 80 гаруй хувь нь ажлаа таслана, өвчтэй гэнэ гэх мэт өөр бусад байдлаар хариулж. Ингэхээр одоо, ерөнхий боловсрол эзэмшсэн нь байтугай эзэмшээгүй нь олдохгүй болох гээд байна даа. Цагдаа хүн ажлаа гүйцэтгэхээс айж байна, цагдаа нараас иргэд айж байна шүү, хууль тогтоогчид минь.
Ээ дээ, энэ цагдаа нарыг уйлуулаад баймааргүй л байна шүү. Хурдхан л хуулийг нь засаад өгчих.