Итгэл алдсан итгэлцүүр

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Итгэлцүүр. Уншигч та гайхаж магадгүй. Энэ хүн чинь хүнд итгэхээ байсан толгой юу даа гэж бодож магадгүй. Гэхдээ үгүй юм. Угтаа тэтгэврийг бодож гаргадаг итгэлцүүр хэмээх хэдэн тоонд итгэл алдраад байгаа хэрэг. Бага зэрэг тайлбарлах гэж оролдъё л доо. Жингийн туухай дээр хоёр жингийн туухай тавьчихсан байна гэж бодъё. Нэг талынх нь нөгөөгөө, нөгөө талынх нь бас нөгөөхөөсөө давж гарна даа. Тэгвэл энэ жинг тэнцвэржүүлэхийн тулд дэнс хэрэгтэй болно. Угтаа яг ийм зориулалтаар итгэлцүүр хэмээх нэгжийг бий болгожээ. 1995 оноос өмнө иргэн Дондог 900 төгрөгийн цалин авч байсан бол одоо 100 мянган төгрөгийг авна гэсэн үг. Чухам яаж яваад 100 мянган төгрөг болж байна вэ гэхээр тухайн үеийн 900 төгрөгийн бодит худалдан авах чадварыг одоогийн худалдан авах чадвартай харьцуулан бодож гаргасан эцсийн тооцоо нь 100 мянган төгрөг гэнэ. Гэхдээ үүнийг инфляцийн өсөлт, өргөн хэрэглээний барааны өсөлтөд шилжүүлэн бодсон гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.

2007 онд бодсон аргачлалаар итгэлцүүрийг 100 гэж үзэн шууд 100 мянган төгрөгөөр нэмсэн хэрэг. Гэхдээ үүнийг тухайн үеийн инфляцийн өсөлт зэргийг тооцон гаргасан гэдгийг санахад илүүдэхгүй. Яг амьдрал дээр үүнийг хэрхэн бодож, хүн бүрийн цалин яг эрх тэгш бодогдсон уу гэдгийг шалгахад тун бэрх. Хэдийгээр та Нийгмийн даатгалын ерөнхий газар руу энэ талаар асуугаад очиж болох ч хүссэн хариугаа авах нь үгүй л болов уу. “Итгэлцүүрийг нэмэх боломж бий. Бид судалж байгаа. Нэмэхгүйгээр тэтгэврийг нэрийн дансаар олгоод эхэлбэл дахин нэг шинэ тэтгэврийн зөрүү нэмэгдэх болно” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг ярив.

Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн онд  л гэхэд 295 тэрбум төгрөгийг тэтгэвэр тэтгэмжид зориулжээ. Гэхдээ энэ нь хуучин итгэлцүүрээрээ бодогдсон гэдгийг санахад илүүдэхгүй.

Итгэлцүүрийг нэмж болох уу?

Итгэлцүүрийг нэмэх боломжтой. Албаны хүмүүсийн хэлж буйгаар итгэлцүүрийг 600 болгож нэмэх боломж байгаа ажээ. “Итгэлцүүрийг 600 болгож өсгөвөл тэтгэврийн зөрүү арилна” гэж Ч.Алтанхуяг ярьсан юм. Хэрвээ түүний хэлсэнээр өөрчлөгддөг бол сайн л хэрэг. Дээр өгүүлсэн 900 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүн 550 мянган төгрөгийн тэтгэврийг дунджаар авах болж байна. Гэхдээ үүнийг шууд автоматаар нэмж болохгүй гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм. “Тэтгэврийг шууд нэмчихвэл эргээд сөрөг үр дагаврууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Анхнаасаа итгэлцүүрийг буруу тооцоолсон учраас тэтгэврийн зөрүү үүсэх нэг шалтгаан болсон. Тиймээс эдийн засгийн судалгааг нь нарийн чанд хийж байж итгэлцүүрийг нэмэх хэрэгтэй” гэж судлаач, эдийн засагч О.Батчимэг ярьж байна.

Хариуцсан байгууллага нь итгэлцүүрийг нэмэх талаар сүүлийн гурван жил гаруй судалгаа хийж итгэлцүүрийг нэмж болох, тэтгэврийн зөрүүг арилгаж болох санаачлагуудыг боловсруулсан байна. “Одоогоор яригдаж байгаа нэг асуудал гэвэл хэрэглээний үнийн индексийн өсөлт зэргээс хамаараад одоогийн итгэлцүүрийг 600 хүртэл шинэчлэн тогтоох боломжууд бий. Бид үүнийг ярьж байна. Хэрвээ тэр итгэлцүүр нь батлагдчих юм бол 1995 оноос өмнө байна уу, хойно байна уу хамаагүй тэтгэврийн зөрүү арилж яг одоогийн төвшинд худалдан авах чадвартай тэтгэвэр авна” гэж Ч.Алтанхуяг ярьсан юм.

Иргэдэд мэдээлэл алга

Жирийн ард иргэд дарга нарын гаргасан баахан тоо, итгэлцүүр гэж нэрлэсэн айхавтар нэршлийг мэдэхгүй. “Итгэлцүүр гэж ярьдаг л юм, түүнийг нь мэдэхгүй шүү дээ. Энэ нь яадгийг мань мэт шиг юм нь мэдэхгүй шүү дээ” гэж Сонгинохайрхан дүүргийн өндөр настан Ж.Янжмаа гуай ярьсан. Угтаа ингэж хариулах хүн захаас аваад олон. Гэтэл итгэлцүүр нь одоогийн төвшинд нийцсэн тэтгэврийг өгч чадахгүй байгаа гэдгийг эдгээр хүмүүс ойлгохгүй явсаар л. Хариуцсан байгууллагаас нь ч энэ талаар тодорхой мэдээллийг өгөхгүй байсаар өнөөг хүрчээ. “Иргэд хүрч ирээд лавлагаа авах бүрэн бололцоо нь бий. Бид энэ үйлчилгээн дээрээ ямар нэгэн үнэ төлбөр аваад байдаггүй. Тийм болохоор хаалга нээлттэй хэмээн ойлгож болно” гэж Ч.Алтанхуяг ярьсан.

Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд итгэлцүүрийг нэмэх талаар 2009 оноос хойш ярьсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байна. Бүр итгэлцүүрийг өөр аргаар бодох хүртэл яриа явж байсан ч энэ яриа бодит байдал дээр ажил хэрэг болсон зүйл алга. Эцэст нь уншигчиддаа нэг зүйлийг зөвлөе. Хол, ойр хамаагүй итгэлцүүрээ асуугаад тэтгэврээ шалгаад үзчихэд гэмгүй гэж. Таныг очиход Нийгмийн даатгалын ерөнхий газар лав хөөх­гүй юм байна.

Б.БОЛОРСҮХ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж