Хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдүүлж, баялаг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдүүлж, баялаг бий болгоно

Эдийн засагч Б.Лхагважаваас цөөн асуултад хариулт авлаа.

-Аж ахуйн нэгжүүдэд татварын өршөөл үзүүлнэ гэсэн. Тэр асуудал юу болсон бэ?

-Тун удахгүй энэ асуудал шийдэгдэх байх. Саяхан л гэхэд  50 саяас доош хөрөнгөтэй аж ахуйн нэгжүүдээс НӨАТ авахгүй болсон. Ер нь бол санхүү бүртгэлийг шинээр эхлүүлнэ. Би зах зээлийг дахиж иргэддээ өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эрх чөлөөг олгох нь Монголын эдийн засагт далд байгаа мөнгийг ил болгох нэг арга.

-Санхүүгийн эрх чөлөө гэж татварын өршөөл л гэсэн үг юм байна, тийм үү?

-Тийм ээ, тэгж ойлгож болно. Өмнө хэрэгжсэн Татварын өршөөлийн хуульд 3000 аж ахуйн нэгж, хувь хүн хамрагдсан байдаг юм. Бусад нь хамрагдаж чадаагүй.

-Та нэгэнтээ ажилгүйдлийг бууруулахын тулд ажилгүй хүмүүст хөрөнгө хаях, өөрөөр хэлбэл капиталийг бий болгохын тулд хөдөл­мөрийн үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байсан. Энэ бодлого яагаад явахгүй байна?

-Монголд хөдөлмөрийн үнэлэмж маш муу байгаа. Ялангуяа хувийн хэвшлийн зарим салбарт, зарим байгууллагад хөдөлмөрийн хөлсний үнэ­лэмж байхгүй болсон. Хөдөлмөрийг зөв үнэлэхээс хөдөлмөрийн бүтээмж бий болдог. Хөдөлмөрийг зөв, сайн үнэлж чадахгүйгээр бид хичнээн бүтээмжийг нэмээд, ажилгүйдлийг бууруулах гээд чадахгүй. Монголд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдлээ л гэнэ. Гэтэл 12 мянган ажлын байр сул байгаа гэсэн тооцоо бий. Ажлын байр олноороо эзнээ хүлээгээд байхад ажилгүйдэл яагаад нэмэгдээд байна гэж бодож байна. Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж маш муу байгаа болохоор тэр.

-Тэгээд цалин нэмэхээр үнэ өснө шүү дээ?

-Төрийн албан хаагчдын цалин 53 хувиар нэмэгдлээ. Гэтэл хувийнхан дагаад яг ийм хэмжээгээр цалингаа нэмж чадсан уу гэдэг байна.  Хүмүүс ажилгүй байна л гэдэг. Гэтэл Монголд хүн ажиллуулах механизм нь алга. Яагаад хүмүүс Өмнөд Солонгос явах гээд зүтгээд байна гээч. Тэнд хөдөлмөрийн үнэлэмж байгаа болохоор тэр. Тиймээс би ажилгүй хүмүүст хөрөнгө оруулж, хүний бүтээмжийг нэмэгдүүлэх л хэрэгтэй гэж бодож байна.

-Яг яаж?

-Нэг төгрөг болгонд 20 мөнгөний урамшуулал олгох хэрэгтэй. Ийм л бодлого Монголд хэрэгтэй байна. Монгол Улсын  нэг сая  24 мянган хүн ажил хийдэг гэсэн статистик судалгаа байдаг юм билээ. Тэдний 30 хувь нь 140 мянган төгрөгийн цалинтай гэсэн үг. Өндөр цалинтай хүмүүст урамшуулал хэрэггүй. Харин бага цалинтай хүмүүст ажлаа сайн хийснийх нь төлөө сард авдаг цалингийнх нь 20 хувийг нь урамшуулал болгоод өгчих хэрэгтэй.  Зүгээр хэвтэж байгаа хүмүүст сул мөнгө хаяж байхаар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, урамшууллаар бүтээмжийг сайжруулах ёстой юм. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гээд биднийг бага байхад эцэг эх маань сургадаг байсан. Тэгвэл өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнууд капиталыг капи­талиар бий болгодог гэсэн зарчим баримталж байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж