Монголбанкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард бодлогын хүүгээ өсгөж, 13,25 хувь болгосноо гадаад валюттай харьцах төгрөгийн ханшид ирэх дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор мөнгөний бодлогыг чангаруулж байна хэмээн тайлбарласан. Гэтэл Засгийн газрын хүсэлтээр төв банк “Хүний хөгжил сан”-гийн гурав, дөрөв, тавдугаар сарын мөнгийг олгохын тулд 100 тэрбум төгрөгийг шинээр хэвлэжээ. Удахгүй хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах 334 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг нь Засгийн газар бас л Монголбанкнаас авахаар болсон гэх.
Махны үнээс болоод инфляци өслөө хэмээн бүх буруугаа мах руу чихээд байсан төв банкныхан харин өөрсдөө бэлэн мөнгө үйлдвэрлэж, үүнийгээ хэрэглэгчдийн халааснаас гаргахаар бодлогынхоо хүүг өсгөсөн хэрэг. Бодлогын хүү өсөхөөр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өсөхөөр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой. Тэгэхээр хэрэглэгчид төв банкны үйлдвэрлэсэн мөнгийг халааснаасаа төлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар монголчуудын нэг халаасанд сар бүр 21 мянган төгрөг хийчихээд түүнийгээ нөгөө халааснаас нь өсгөөд авчихаж байгаа юм. Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшид ирэх дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор гэсэн үгээр өөрсдийнхөө үйлдсэн гэм нүглийг хаацайлж байна гэх хүмүүс ч байна.
Өнгөрсөн намар гэхэд Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгодог 21 мянган төгрөгийн эс үүсвэрээ бүрдүүлэхийн тулд Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ тонн тутамд 70 ам.доллараар зарахаар “Чайналко”-той гэрээ байгуулж, урьдчилгаа 250 сая ам.долларыг аваад тараачихсан. Түүний өмнө “Оюутолгой” төслөөс орж ирсэн мөнгийг иргэдэд эх орны хишиг болгоод өгчихсөн билээ. УИХ-аар 2012 он төсвийг хэлэлцэх үеэр Засгийн газрын зардал хэтэрхий өндөр байгааг шүүмжилж, түүнийгээ танахгүй бол инфляцийг хязгаарлаж чадахгүй хэмээн томорч суусан Монголбанкны удирдлагууд өнөөдөр өөрсдөө инфляци үйлдвэрлэж байгаа нь мөнгөний бодлого хэрэгжүүлдэг ганц гол байгууллагынхаа хувьд ёс зүйгүй үйлдэл болчихоод байна. Нэг гараараа бодлогоо чангатгаж, нөгөө гараараа инфляци үйлдвэрлэж байгаа Монголбанкны үйдлээс болоод улсын хэмжээнд эхний гурван сарын байдлаар 15.3, Улаанбаатар хотын хэмжээнд 17.3 хувьтай байгаа инфляци сонгуулийн дараа бүр 20 хувь давна гэдгийг ч эдийн засагчид анхааруулж эхлэв.
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн гуравдугаар сарын эцэст 6114.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1159.7 тэрбум төгрөгөөр, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны гуравдугаар сарын эцэст 648.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 117.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Эндээс он гарсаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлт нэлээд нэмэгдсэнийг харж болно.
Инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүүг өсгөх нь зөв ч гэлээ урт удаан хугацааны туршид авч хэрэгжүүлдэг арга хэмжээ биш шүү гэдгийг өнгөрсөн онд Дэлхийн банкныхан ч зөвлөж байсан юм. Гэтэл төв банк он гарсаар сар хүрэхгүй хугацааны дотор бодлогын хүүгээ хоёр удаа өсгөж орхив. Тэр хэрээр ч инфляци улам л нэмэгдсээр байгаа юм. Бэлэн мөнгө их хэмжээгээр үйлдвэрлэх тусам төгрөгийн ханш суларч, худалдан авах чадвар нь буурна гэдгийг төв банкныхан л мэдэхгүй байв гэж үү дээ. Бодлогын хүүг нэмэх нь эргээд инфляци болдог, инфляци нь хөрөнгийг ядуугаас нь булааж баячуудад шилжүүлдэг аюултай зэвсэг гэдгийг Монголбанк мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэсэн хэрнээ Засгийн газрын захиалгаар мөнгө үйлдвэрлэх нь ямар зорилготой байна вэ.
Засгийн газрын хувьд улс төрийн амлалтаа биелүүлэхийн тулд эдийн засгийн сүйрүүлсэн бодлого хэрэгжүүлэхээ ч сийхгүй байж болно. Харин мөнгөний бодлого тодорхойлдог хүмүүс үүнээс татгалзах ёстой. Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтдээ 334 тэрбум төгрөг өгнө гээд Засгийн газар төсөвлөчихсөн. Гэтэл төсөвт энэ мөнгө байхгүй. Дээрх мөнгийг гурав хувааж өгөхөөр болсон гэвэл үлдсэн 234 тэрбум төгрөгийг хаанаас олох вэ. Дахиад л мөнгө хэвлэх үү.
Ингэхэд, Засгийн газарт мөнгө хэвлэх эрх бий юу гэвэл бий. Засгийн газар мөнгийг шинээр үйлдвэрлэн гүйлгээнд оруулах эрхтэй бөгөөд шинээр бонд гарган худалдах замаар өрөө төлж болох гэнэ. Гэхдээ шинээр мөнгө үйлдвэрлэх замаар төсвийн алдагдлыг нөхөх нь ханшийн уналтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай учир аль ч орны Засгийн газар үүнээс аль болох зайлсхийдэг. Учир нь энэ цаасан мөнгө эдийн засгийг нь “хорлочихно” гэж айдаг юм байна. Тэгвэл Монголын Засгийн газар улс төрийн амлалтаа биелүүлэхийн тулд улс орнуудын айдаг “тоглоом”-ыг тоглохоосоо айхгүй байна. Тэгээд бас мөнгөний бодлогыг нь тодорхойлдог байгууллага нь үүнийг нь дэмжихээр бүр яана даа.