Ядуурал огцом буурч, махны үнэ огцом өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.03-нд нийтлэгдсэн

Ядуурал огцом буурч, махны үнэ огцом өсчээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үндэсний ста­тистикийн хорооны өнгөрсөн жилийн дүн болон махны үнийн хөө­рөг­дөл, хангамжийн талаархи хэлэлцүүлгийг хийлээ.

Ядуурал жилийн дотор 10 хувиар буурчээ

Тус байнгын хороогоор Үндэсний Статистикийн хороо /ҮСХ/-ны өнгө­рөгч 2011 оны тайлагналаа. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Статистикийн мэдээллийг сар бүр олон нийтэд тайлагнадаг ч үүнийг Засгийн газар ажил болгохгүй байгааг гишүүд шүүмжилсэн. Дээр нь Монгол Улсад ядуурлын төвшин жилийн дотор 39 хувиас 29 хувь болтлоо буурсан гэлээ. Монголд ядуурлын төвшин 2001-2002 онд 36,1 хувь, 2007-2008 онд 35,2 хувь, 2009 онд 38,7 хувь, 2010 онд 39,2 хувьтай өссөн дүнтэй гарч байсан бол 2011 онд огцом буурч 29,8 хувь болсон гэнэ. Үүнийг гишүүн Лу.Гантөмөр “Эвгүй үнэр ханхалсан сэжигтэй тоо байна. ҮСХ нь иргэдэд үнэ зарладаг комисс болсон байна. Яагаад энэ байгууллага Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийхгүй байна” хэмээн сануулсан. Мөн тус хорооны гишүүд инфляцитай холбоотой, түүнийг зохицуулах алхмыг Засгийн газар хийдэггүй, зөвхөн төв банк хийдэг, харин Засгийн газар энэ тоон мэдээллийг ашигладаг, энэ мэдээлэл дээр ажилладаг байх ёстой. Гэтэл ҮСХ зөвхөн сайн тоог л зарлаж байна гэдгийг анхааруулсан.

Мөн ядуурал 10 хувиар буурсан болсон гэхэд жижиг, дунд үйлвэр хөгжсөн юм алга. Хүнд суртал, гааль, татварын дарамт алга болоогүй. Энэ бүгд хэвээрээ байхад ядуурал 10 хувиар буурсан гэж байгаа нь улстөрийн ухуулга гээд яаж 10 хувиар буурсныг нь тайлбарлахийг хүссэн юм. Харин ҮСХ-ны дарга С.Мэндсайхан “2010 онд их зудын жил болсон. Мал сүргийн 25 хувь нь зуданд үрэгдэж, 20 гаруй мянган өрхийн амьжиргаа огцом буурсан. Харин 2011 онд өрхийн орлого 557 мянга, мөнгөн орлого 505 мянган төгрөг болж 28 хувиар нэмэгдсэн нь инфлияци 10 хувь болж буурахад нөлөөлсөн. Энэ нь ядуурал буурахад нөлөөлсөн” гэсэн хариултыг өглөө. Харин УИХ-ын гишүүн Р.Буд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий өсөлт их байхад иргэдийн амьжиргаа өсөхгүй байна. ДНБ-ний хэдэн хувь гадагш гарч, энэ бүхэн статистикийн хоосон тоо болж байгаа, хэдэн хувь нь дотооддоо үлддэгийг тодруулахад ҮСХ-ны дарга ямар нэг хариулт өгсөнгүй.

Махны үнэ инфляцийг өсгөж байна

Мөн махны хангамж, нийлүүлэл­тийн одоогийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Н.Баянмөнх Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийлээ. 40 сая малтай хэрнээ махны үнэ нь өндөр байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж махны үнэ бууруулах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргасан ч энэ нь үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаа. Монгол Улсын хэмжээнд жилдээ 200 мянга орчим тонн мах бэлтгэдгийн 10 орчим хувийг гадаад зах зээлд нийлүүлж, үлдсэнийг нь дотоод хэрэгцээндээ зарцуулдаг байна. Импортоор ОХУ руу жилд 10-25 мянган тонн мах гаргадаг. Мөн өртөг шингэсэн, боловсруулсан махан бүтээгдэхүүнийг гадагш гаргадаг болсон давуу талтай болсныг албаныхан хэлж байлаа. Энэ нь шар айрагны даруулга болох боловсруулсан махан бүтээгдэхүүн бөгөөд гадаад зах зээлд эрэлттэй болж цаашид ч нэмүү өртөг шингэсэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүн гадаадын зах зээлд гаргах бодлогыг ХХААХҮЯ баримталж байгаа гэнэ.

Ирэх  зургадугаар сарын 1-нээс Хөдөө аж ахуйн биржийн хууль үйлчилж эхэлнэ. Ингэснээр  мах, ноос, ноолуурын үнэд шууд өөрчлөлт ороод эхэлнэ гэвэл үгүй гэдгийг дэд сайд хэлж байлаа. Улс орны онцлог, тархай бутархай суурьшилтайгаас үүдэж биржийг ажиллуулахад бэлтгэл ажил хэрэгтэй аж. Үүнд зориулсан үндэсний тогтолцоо байхгүй тул хоршооны үндэсний сүлжээ байгуулах хэрэгтэй гэдгийг дэд сайд Н.Баянмөнх хэллээ. Малчид бүтээгдэхүүнээ хоршоондоо тушаадаг, сумд нэгдсэн хоршоотой болох шаардлага бий болж буй гэнэ.

Үүний дараа байнгын хорооны гишүүд саналаа хэлцгээсэн. Гишүүн А.Телейхан “Монгол Улс 2,7 сая хүн амтай, 40 гаруй сая толгой малтай, түүнээс жилдээ долоон сая толгой мал хүнсэндээ хэрэглэдэг. Аливаа зүйл хоёр талтай тул махны үнэ өсөх нь малчдад ашигтай, хот суурин газрын иргэдэд хүндрэлтэй. Төрөөс тодорхой татаас өгч, махыг хямдруулах боломжтой. Малыг бэлчээрээс нь авчирч нядлах бус, тодорхой хугацаанд бордож байж нядалдаг тогтолцоонд шилжих ёстой” гэлээ. Мөн гишүүн Д.Дамба-Очир “Орхон аймагт хонины ястай мах кг нь 7200, үхрийнх 7800 төгрөгийн үнэтэй байна. Яагаад малтай монголчууд махаа ийм өндөр үнээр авч байна вэ.  Ченжүүд хэлэхдээ мах бага орж ирж байгаа гэдэг. Хүний хөгжлийн мөнгө, оюутнууд тэтгэлэгтэй болсноор малчид малаа зарахаа больсон байна. Мөн зах зээлд нийлүүлж байгаа махны 90-95 хувь нь ченжийн гараар дамждаг. Үүнийг зохицуулсны дараа биржээ ярих хэрэгтэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Батхүү  “Бод­логын яам аж ахуйн яам шиг трак­тороор мах солино гэж ярьж таарахгүй. Малчдаас авч байгаа мах, зах дээр зарагдаж байгаа мах хоёрын үнэд ялгаа их байна. Малчдын гараас малын амьдын жинг нэг кг-ыг 1200-1300 төгрөгөөр аваад Хүчит шонхор зах дээр хонины мах кг нь 6600 төгрөг, үхэр 7200 төгрөг болоод зарагдаж байна. Бөмбөгөр дээр үүнээс арай үнэтэй байна” гээд малчдаас хямдхан авсан мах хэрэглэгчдийн гар дээр дөрөв нугарч өссөн үнээр ирж байгааг анхаарах хэрэгтэй гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд долдугаар сарын 1-н гэхэд иргэдийн махны хангамжийг сайжруулах, нүүдэлчин малчдын мал хямд байх үед худалдаж аваад туувраар төв суурин газарт нядалдаг аргыг түлхүү хэрэглэх хэрэгтэй.  Нийслэлийн иргэдийн хувьд нөөцийн мах долдугаар сарын 1 хүртэл хүрэлцээтэй байгаа. Харин махны үнийг бирж байгуулснаар зохицуулах төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Энэ биржийн ажил ирэх зургадугаар сард эхэлнэ. Сүүлийн гурван сарын хугацаанд инфляцийн 90 хувьд махны үнэ нөлөөлсөн учраас үнэ бууруулахад анхаарч ажиллахыг байнгын хорооны дарга анхааруулсан. Мөн жижиглэнгээр худалдаалж байгаа хүмүүс нь 1500-2000 төгрөгийг түрээс, зардалд зарцуулдаг учраас үүнийг нь анхаарч ажиллахыг албаныханд санууллаа. Нийслэлчүүд дулааны улирал эхэлтэл нөөцийн мах­ны хомсдолд орохгүй ч үнийн хувьд бууруулах тал дээр албаныхан “Бирж байгуулснаар үнэ бууруулах боломж бүрдэнэ” гэснээс өөр дорвитой хариулт өгсөнгүй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж