“Эрх” Монгол уу эсвэл “зөв” Монгол уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

“Эрх” Монгол уу эсвэл “зөв” Монгол уу?

…Эрх чөлөө, эрхт төр, эрх зүйн орчин, хүний эрх, гэх мэтчилэн хаашаа л харна уу эрх ярьсан хүмүүсийг ажиглаваас өнөөгийн Монголын нийгэм эрхийг хэт их хөндөөд байна уу гэмээр. Хэрэглээд нэгэнт дадсан монголчууд “ардчилсан” гэгдэх алдаатай демократ зарчмаар өнөөг хүртэл будилж ирэхдээ ганц урдаа барьж, уриа болгож сурсан үгсийн тоонд “эрх” яах аргагүй багтах бөгөөд эл үг өнөөгийн Монголын нийгэмд өөрийн байр суурийг хэдийн эзлээд амжжээ. Монголчууд үүрэг гэхээсээ илүү эрх ярих дуртай, гэтэл бидний хэрэглэж хэвшсэн “эрх” гэгч үг өөрөө ямар утга агуулсан үг билээ гэдэг дээр нэг удаа эргэлзэж байсан билүү? Үндсэн хууль болон бүх шатны хууль зүйн салбарт түгээмэл хэрэглэгдэх энэ үг яг ямар шат дарааллаар орж ирсэн болон ямар үүрэг гүйцэтгээд ямар ойлголт төрүүлээд буй талаар нухацтай авч үзэх нь зүйтэй болов уу…

Аливаа үгийн утга ба учрыг ойлгож таних нь хамгийн чухал зүйл байдаг. Хэрэв үгээ буруу хэрэглэвэл өгүүлбэр буруу болж, өгүүлбэр буруу бол текст буруу болдог. Харин текст буруу бол хүний ойлголт буруу, цаашлаад бодол, бодолд тулгуурлаад үйлдэл хүртэл буруу явагдах сөрөг үр дагавартай. Үгээ буруу сонгосноос болж буруу бас алдаатай мэдлэг суурилах ч тал бий. Өнөөдөр үгийг нарийвчлан судалдаг хэлний мэргэжилтнүүд Монголд нэгэнт хомс тул хэлний хэрэглээ хамаагүй хэрэглэгдэж хэт задгай байдал үүсжээ. Энэ нь мэдээж уйгаржин бичгээс кирилл бичигт шилжих үед үгийн язгуурыг алдагдуулсантай холбоотой. Хэлний мэргэжилтнүүд гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс бол монгол хэлний судлаачид. Үнэндээ тэд хэлний мэргэжилтэн гэхээсээ илүү монгол хэлийг эрс хамгаалагчид бөгөөд монгол хэлийг яруу уянгалаг, төгс төгөлдөр, гайхамшигтай хэл гэдэгт итгээд зогсохгүй хэт магтан дуулсан хандлагатангууд. Тэрчлэн шүүмжилсэн нэгнийг ч халгаах дургуй улс. Хэлийг судалдаг тусгай сайэнсийн салбар бий, тэдний үүрэг бол тухайн нийгэмд хүмүүс хэлийг хэрхэн хэрэглэж бас хэрхэн ойлгож буйг судлах. Харамсалтай нь Монголд хэлний мэргэжилтнүүдийн орон зайг яруу найрагчид, зохиолчид, бас орчуулагчид эзлэж монгол хэлийг хэт өмчлөх дүр төрх ажиглагддаг. Өнөөдөр монгол хэлний шинэчлэлийн тухай асуудал яригдаж байгаа ч яг юуг, хэрхэн шинэчлэх талаар тодорхой зүйл алга. Аливаа хэлний үгнүүдийг дотор нь төрөлх хэлний ба орчуулгын хэлний үгнүүд гэж хоёр төрөлд хувааж ангилдаг. Орчуулгын хэлний үгнүүд нь голдуу гаднаас орж ирсэн мэргэжлийн салбарын үгнүүд бөгөөд тэдгээрийг голдуу тэр чигээр нь шууд хэрэглэх эсвэл орчуулан хэрэглэдэг. Харин мэргэжлийн үгийг шууд орчуулж буулгах нь үгийн цаад утгыг алдагдуулах эрсдэлтэй. Мэдээж монгол хэлэнд мэргэжлийн төвшинд хэрэглэгдэх гадаад үгс өнгөрсөн хугацаанд тоймгүй нэмэгдсэн ба өнөөдөр ч гэсэн нэмэгдсээр л байгаа. Мэргэжлийн нэр томъёог монгол хэл рүү хэтэрхий болхи орчуулснаас болж цаад сайэнсийн болон философийн чухал ухагдахуунууд үнэн утгаа алддаг. Жишээлбэл, “philosophy”-г гүн ухаан, “science”-г шинжлэх ухаан, “democracy”-г ардчилал, “university”-г их сургууль хэмээн тайлбарлан орчуулжээ. Тэгвэл бид чинь хэд хэдэн “high school” -тэй, мөн философиос бусад салбарууд нь “гүехэн ухаан” болж таарах нь ээ? Ингэж хэт махчилснаар эдгээр мэргэжлийн салбаруудын мөн чанарыг алдагдуулж хөгжлийг нь зогсооход хүргэсэн гэхэд нэг их буруудахгүй болов уу. Жишээлбэл, “justice”-г шударга ёс, “freedom”-г эрх чөлөө, “politics”-г улс төр гэж ташаа хөрвүүлсэн орчуулгууд байдаг. Үнэн орчуулга нь “зүй”, “амгалан”, “политик” л гэсэн үгнүүд. Улс гэдэг тусдаа бие даасан ухагдахуун, төр гэдэг бас тусдаа, гэтэл заавал холбоод бантан болгох шаардлага бидэнд байна уу? Зүй ба зөв бол нийгмийн үнэт зүйлүүдийн нэрлэгээ. Аливаа үг ба нэр томъёоны цаана тухайн мэргэжлийн салбарууд, институцууд байдгийг анхаарах хэрэгтэй. Ингэж зарим мэргэжлийн нэр томъёог хэт дэлгэрүүлж тайлбарласнаар монгол хэлийг аврах биш харин ч тухайн салбарын хөгжлийг зогсооход хүргэдэг. Орчуулж болох үгийг орчуулах хэрэгтэй, гэхдээ тухайн үгэнд таарсан оновчтой нэр олох л чухал. Эцэстээ монгол хэл маань өөрөө “тайлбарын тайлбар хэл” болсон байх вий дээ… Ялангуяа техник технологийн эрин үед олон шинэ нэр томъёог хөрвүүлнэ гэдэг багагүй ээдрээтэй асуудал болох нь даамжиггүй.

Энэхүү нийтлэлд сүүлийн хорин жилд түгээмэл хэрэглэгдэх болсон “эрх” гэдэг үгийг задлаж тайлбарлахыг оролдлоо. “Энэ миний эрх”, “би ийм эрхтэй” гэж хүүхэд хөгшидгүй хэлэх нь либерал принципийг таних нэг тэмдэг. “Хүн бүр амьдрах эрхтэй”, “хүн бүр хуулийн өмнө тэнцүү эрхтэй” гэх мэтчилэн эрх болгоныг тоочно тоймгүй их. Монгол хэл рүү хөрвүүлэхдээ “right” гэдэг үгийг эрх хэмээн буулгасан байгаа, тэгхээр “хүний эрхүүд” гэхээр юу бидэнд тусах уу? “Хүн бүр үг хэлэх эрхтэй” гэхээр хүн бүр л хүссэн үгээ гадагш илэрхийлж, хүссэн нэгэн рүүгээ дайрч давшилж хэл амаар доромжлоод зогсох боломжтой гэсэн ойлголт төрүүлмээр. “Эрх” гэдэг үгийг утгын хувьд задлан шинжлэвэл эрх дураараа, зоргоороо, эрх хүүхэд мэтчилэн зарчимгүй аашлахыг илэрхийлсэн ойлголтууд. Өөрөөр хэлбэл “эрх” гэдэг нь ерөөс дураараа, зоргоороо, бас юу ч хийж болно гэсэн утга илэрхийлдэг. “Эрх хүүхэд” гэдэг бол хүний үг авах байтугай эцэг эхийнхээ ч үгийг сонсох дургүй хүүхдийг хэлдэг. Өнөөдөр ч гэсэн ялгаагүй энэ л утгаараа хэрэглэгддэг. Чөлөөт эрх, хувийн эрх, нийгмийн эрх, улс төрийн эрх, хүний эрх, тэгш эрх, соёлын эрх, туйлын эрх, засгийн эрх зэрэг үгнүүд ч бий. Төрийн эрх гэдгийг төр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ л гэж ойлгомоор. Эрхээ эдлэж чадсан учраас өнөөдөр Монголын нийгэм өдий зэрэгтэй яваа. Ард түмэндээ эрхийг нь олгоогүй биш олгосон, олгох олгохдоо бүр хангалттай олгосон. Эрхээ эдлэх нэрээр иргэд ч тэр, төр засгийнхан ч тэр хүссэнээ авч, хүссэнээрээ цадаж, хүссэндээ өгч, хүссэнийгээ луйвардаж, хүссэнтэйгээ барилцаж, хүссэн газраа хогоо хаяж, хүссэн зүйлээ үйлдэх боллоо. Энэ бидний хүссэн амьдрал мөн гэж үү?…

Зөвийг хоёр газар хариуцдаг, нэг нь хуулийн хүрээнд, нөгөө нь моралийн төвшинд. Аль аль нь хүний натурын зөвд тусгагдаагүй зүйлс, гэхдээ “зөв байх” болон “моралтай байх” хоёр огтлолцох буюу давхардах тохиолдол элбэг. Энэ хоёр заримдаа нэг л юмыг илэрхийлнэ, учир нь зөв өөрөө цэвэр моралийн үнэлгээнээс гаралтай. Хэрвээ бидний хэрэглэж буй “эрх” англи хэлний “right”, герман хэлний “Recht”, орос хэлний “право” гэх үгнүүдтэй ижил бол “зөв” гэдэг үг илүү дүйцэх ёстойсон. Оросоор “ты прав”, англиар “you’re right” гэхийг “чиний зөв” гэж орчуулдаг шиг, герман хэлэнд мөн л ялгаагүй “du hast Recht” буюу утгачилвал бас л “чиний зөв” гэсэн үг. Хаа газрын соёлд баруун талыг билигшээж зөвтэй уялдуулдаг, оросоор ч тэр “правый”, англиар ч гэсэн “right”, францаар “droit”, германаар “rechts”, алинд нь ч зөв нь эрх гэж тусгагдаагүй. Гэтэл учир битүүлэг шалтгаанаар зөв нь эрх болоод төөрөгдүүлснээс болж хамаг будлиан үүсч яваандаа эрхээ эдлэх нэрээр хэтэрхий зоргоороо авирласан, дураа дагасан хүмүүсийн нийгэм болсон нь Монголынх. Эрх чөлөө гэдгийг хүн ойлгохдоо эрхээ эдлэх бүрэн чөлөөт байдал гэж ойлгодог бол барууны аль ч улсад тэр утга агуулагдаагүй. Учир нь эрхээ эдлэх чөлөө биш харин зөвийг чөлөөтэй үйлдэх бололцоо. Хэрвээ хэн нэг нь зөв юм хийж байгаа бол тухайн үйлдэж буйгаа чөлөөтэй үйлдэх боломжтой шүү гэсэн ойлголт төрүүлэхээс эрх дураараа туйлах боломж биш юм шүү гэдгийг зарим нэг газар одоог хүртэл ухамсарлалгүй явсаар. Үүнд тусгагдах “зөв” -д нэн түрүүнд бидний эрх дураараа авирлах, хязгаарлагдаагүй хүсэл огт дурдагдах ёсгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. “Human rights” бидний зөвийг хамгаалхаас бидний эрхийг хамгаалахгүй. Бодлоо чөлөөтэй илэрхийлээд жагсаал хийх нь хэдий зөв ч цонх руу чулуу аваад шидэх нь таны зөв биш шүү гэдгийг ялгуулж чадах нь “зөв” -ийн үүрэг.

Тэгвэл яаж яваад эрх болчихов гэдэг дээр жаахан эргэцүүлцгээе. Эрх гэдэг үгийг бид 1911 онд Манж, Хятадаас хуулбарлан, улмаар ундсэн хуулиндаа оруулж улам бататгаад өгөв үү гэлтэй. Хуулинд тусгагдсан “эрх” гэдэг үг угтаа Хятадын хуулиас үүдэлтэй бөгөөд тэнд бичигдэх “хүний эрх” буюу “ren quan” (рэн чүан) хэмээх үгнээс гаралтай билээ. Үүний цаана повэр (power) гэх санаа агуулагддаг. Хоёр хөршөөсөө даваагүй бид сурсан зангаараа “будаа идэж” урд хөршийн эрх гэгчийг хуулбарлах нь тэр. Монголчуудыг өөрийн эрхшээлдээ оруулхын тулд зориуд повэрийг төвийлгөсөн байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл феодализмаас эхлэлтэй үеээ өнгөрөөсөн уг нэр томъёо хөлөө олох гэж яваа Монголын шинэхэн демократ принципийн хувьд яавч нийцэхгүй нь ойлгомжтой зүйл. Бид сүүлийн хорин жил эрх ярьж, чухам л эрхээс илүү мэдэх зүйл үлдсэнгүй. Нэгэнт эрхээ эдлэх нэрийн дор хүссэнээ үйлдэхийг ойлгосон этгээд хууль бус үйлдэл хийсэн гэх үндэслэлээр саатуулагдлаа гэхэд оноогдсон эрх нь ийм гээд шийтгэлээс мултрах хүртэл хуулийн доголдол нэгэнт бүрдчихсэн. Зөв гэдэг бол моралийн асуудал, тэр ч үүднээс хүний натурын зөвийг сөхөлгүйгээр энэ бүгдийг тайлбарлана гэдэг амаргүй.
Натурын зөв гэдэг нь философийн чухал ойлголт бөгөөд философчид үүнийг эртнээс судлаж тайлбарлахыг оролдсон. “Би амьдармаар байна” гэж байгаа хүн амьдрах үнэхээр боломжтой бөгөөд амьдаръя гэж буйгаараа ч тэр хүний зөв. Эсвэл “би жаргамаар байна” гэвэл мөн л ялгаагүй тэр хүний жаргах нь бусдын жаргалыг хязгаарлаагүй, түүнчлэн зөвийг нь хөндөөгүй тохиолдолд жаргах нь тухайн хүний зөв. Энд тэгхээр амьдрах эрхийн эсвэл жаргах эрхийн тухай огт яригдаагүй. Гэх мэтчилэн зөвийг хэтэрхий далдлаад үнэгүйдүүлцэн. “Зөв” гэдэг бол “зүй” -гийн анхны суурь ойлголт байх учиртай. “Зүй” гэдэг маань хэнд юу ноогдсон бэ, түүнийг л хүртээ гэсэн үг. Натурын зөв бол тиймээс “зүй” -гийн суурь. Зүй дээр тулгуурлаад хууль хийгддэг, харин монголчуудын хувьд зарим нэг суурь ойлголтын дээгүүр харайгаад үндсэн хууль руу хэт яаруу орсноос ан цав үүсэв үү гэмээр. Хүний натурын зөвийг тусгахдаа амьдрах болон хувь хүний амгалан, тайван байдлыг сахиулах зөвтэй хэмээн тусгасан байдаг. Хүн бүр зөвтэй байх нь төрөлхөөс заяагддаг зүйл, гэтэл нэг бүрчлэнгийн зөвөөс шалтгаалаад замбараагүйдэл үүсдэг жамтай. Замбараагүйдэл зонхилох энэ төлөвт хүч бүгдийг шийдэж хүч бүгдийг зохицуулдаг. Хүний амьдрал өөрөө тарчиг бас богинохон, үүнд үл итгэлцэл зонхилох ба мөнхийн түгшүүртэй. Энэ байдлаас зайлсхийхийн тулд хүний хамтралд эдгээрийг зохицуулах хууль хэрэгтэй. Үүнийг анх английн төрийн философич Томас Хоббэс 1651 онд өөрийн зохиол “Лэвиатан” -д тусгахдаа нийгмийн замбарааг бий болгохын тулд бүгдийн повэрийг хязгаарлаж өөртөө бүх хүчийг хуримтлуусан “төр” гэгчийг дүрсэлсэн байдаг. Мэдээж бүх зүйл бүгдийн мэдэлд гэвэл хэнд нь арай илүү ноогдох учиртай вэ гэсэн асуулт тулгарна. Бүгдийг зөвтгөөд байвал хэнийг буруутгах болж байна, хэн нэгэн буруутай байж л нөгөөгийн зөв болдог, тэгвэл энэ бүхнийг төр гэгч нь зүйг барьж зохицуулна гэсэн үг. Аливаа хүний зөв бусад хүний зөвөөр хязгаарлагддаг, тиймээс бидэнд түүнийг зохицуулах төр хэрэгтэй гэсэн идей нуугдаж байгаа юм. “Лэвиатан” -ыг бичсэнээс хойш бараг дөрвөн зуун жил өнгөрчээ, бараг нэг хагас мянган, гэтэл өнөөг хүртэл уг зохиолыг олж уншаагүй, тэрийг ухамсарлаагүй хүмүүс Монголын гудамжаар холхилдсоор л байна, төр барьсаар л байгаа. Энэ бол ерөөсөө л өнгийгөөд хоёр хөршөөсөө давж харж чадаагүйн л гай, олон арван жил төөрөлдөж, будилж бас эндүүрч байсны л уршиг. Аливаад эргэлзэл үгүй, өөрийн ухамсараа умартаж цутгасан болгоныг нь залгиж байсны л балрал. Дүрмүүдийн систем ямар байдаг вэ гэхээр зүйг баримтлан хуулиар зохицуулагдсан, институцуудаар шалгагдсан “зөв” -үүд л байх ёстой. Эдгээр нь аливаа зөрчлүүдийг л зохицуулахын тулд оршдог, үл зохицсон тохиолдолд хүмүүсийн хоорондын байгуулагдсан бичигдээгүй хууль дагуу төрийн мэдлээр зохицуулах хүртэл боломж бий.
Мэдээж дасцан, хэрэглээд зуршсан гэх шалтаглалаар “эрх” -ийн тухайн ойлголтыг хөндөхгүй гэх хүн тоймгүй олдоно, тэгвэл “зөв” гэгч тэр чухал ухагдахууныг аль халаасандаа нандигнаад явах уу? Аливаа өөрчлөлт шүүмжлэлээс эхэлдэг, шүүмжлээгүй газар өөрчлөлт, цаашлаад шинэчлэлт явагддаггүй. Бидний шинэлэг гэх бүхий л зүйлс хаа нэгтээ эхлэлтэй, магадгүй бас шүүмжлэлтэй байгаа. Бид “ардчилал” -ыг ч тэр, “шударга ёс”, “үндсэн хууль”, “их хурал”, “эрх чөлөө”, “эв нэгдэл” бүгдийг шүүмжлэх болно. Үгүй хийх эсвэл авч далдлах гэсэндээ биш, гагцхүү алдаатай, дутуу, буруу бас зөрүүг нь оношилж эмчлэх гэсэндээ шүүмжилнэ. Худлаатай болгон алдаатай, дайсантай, сэрдэлттэй, итгэлгүй бас түгшүүртэй; эрхтэй болгон дураараа, давруун, дээрэнгүй, шуналтай, танхай бас моралгүй. Тэгвэл зөвтэй бүхэн зоригтой, итгэлтэй, чөлөөттэй, тэмүүлэлтэй бас зорилготой.

”Монгол Ухаан Судлалын Хүрээлэн” -гийн судлаач: Б.Ганхөлөг
Жич: Монголын хамгийн олон уншигч, хандалттай www.news.mn сайтын хаягаар захидал илгээж  өөрийн байр суурь, үзэл бодлыг хуваалцах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Та эдгээр хүмүүсийн байр суурьтай санал нийлэх албагүй ч өөрийн байр суурийг илэрхийлэх эрхтэй.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж