
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн тодотгосноор УИХ дахь залуучуудыг дэмжих “Лобби” бүлгийг 10 гаруй жилийн өмнө Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоотой хамтран байгуулж байжээ. Илүү тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар тухайн үед эл бүлгийг байгуулах санаачлагыг гаргаж байсан, одоо харин дахин үйл ажиллагааг нь сэргээж идэвхижүүлэх санаачлагыг өнөөгийн Монголын Залуучуудын холбооны удирдлага гаргасан юм байна. Энэ нь залуучуудаа дэмжих бодлогыг хууль тогтоогчдоор гаргуулах гэсэн зорилготой нь холбоотой аж. Энэхүү арга хэмжээний үеэр Ч.Сайханбилэг гишүүн “УИХ-ын сонгуульд аль нэг нам ялахаас үл шалтгаалаад залуучуудын төлөө их зүйлийг хийх ёстой байгаа” гэж онцолсон бол УИХ-ын гишүүн З.Энхболд “Залуу гэр бүлд моргежийн зээл хамгийн чухал байгаа. Тиймээс уг зээлийг бий болгохын төлөө УИХ ажиллах шаардлага байгаа” гэдгийг тэмдэглэсэн юм.