Сэтгүүлчид хамтын ажиллагаа тогтоохоор ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид хамтын ажиллагаа тогтоохоор ярилцлаа

Монголын парламентын сэтгүүлчдийн холбооны гишүүн хэсэг сэтгүүлч АНУ-ын Юта мужид Монгол Улсын өргөмжит консул Малан Жексон, Ютагийн Улсын их сургуулийн урилгаар зочлоод ирлээ.

Юта мужид зочлох үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, муж улсын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагатай танилцах, Солт Лейк хотын их сургуулийн уул уурхайн салбар, Ютагийн Логан хот дахь  Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд зочлох, Кеннекот Юта Коппер уурхайтай танилцах зэрэг өргөн хүрээтэй хөтөлбөрт хамрагдлаа.

Ютагийн Логан хотын  Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд зочлох үеэр тус сургууль, Монголын сэтгүүлчдийн хооронд хамтын ажиллагаа тогтоох талаар ярилцаж Ютагийн их сургуулийн тал талархалтайгаар хүлээн авсан юм.

Энэ үеэр Ютагийн Улсын их сургуулийн Геологийн салбарын профессор хатагтай Мэри Хуббард, Сэтгүүл зүй, харилцааны салбарын эрхлэгч, профессор ноён Эдвард Пийс нар Монголын сэтгүүл зүйн хөгжлийн талаар асууж сонирхон ярилцлаа.

АНУ-ын сэтгүүл зүйн салбарт баримталдаг чиг хандлагын талаар ч ярилцсан юм. АНУ-ын Үндсэн хуульд оруулсан хамгийн анхны нэмэлт өөрчлөлт нь хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал байдаг ажээ.Үндсэн хуулиар иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Сэтгүүлчдийн үндсэн зорилго бол иргэдэд мэдээлэл хүргэх явдал. Иргэдэд мэдээлэл хүргэснийхээ төлөө сэтгүүлч хүн хуулийн хариуцлага хүлээх ёсгүй.

Сэтгүүлчдэд мэдээлэл хүргэснийх нь төлөө ял, хариуцлага хүлээлгэх гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулсан эрхийн дагуу тэднийг зөвтгөдөг гэдгийг хэлж байлаа.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж