Ц.Баярсайхан: Одоо сорил хийх цаг биш

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Ц.Баярсайхан: Одоо сорил хийх цаг биш

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийнхан Тайюань хотод болсон олимпийн эрх олгох гурав дахь шатны тэмцээнээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Эмэгтэйчүүд нь анх удаа олимпод бүтэн багаараа оролцох болсон гээд чөлөөтийнхөн оройхон гараад ширүүхэн дайрч байна. Хэдийгээр эхний Астанагийн тэмцээнд азгүйтсэн ч энэ удаа амжилт арвин эх орондоо ирлээ. Тэднийг өчигдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар болон албаны хүмүүс хүлээн авч уулзан баяр хүргэв. Шинэ он гарснаас хойш чөлөөт бөхийнхөн 10 орчим олон улсын тэмцээнд оролцсон бөгөөд энэ бүхэнд 400 гаруй сая төгрөг зарцуулсныг албаныхан онцлоод цаашид ч хөрөнгө мөнгөний тал дээр санаа зоволгүй зөвхөн бэлтгэл сургуулилт дээр гол анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Мөн Ч.Наранбаатар дарга нэмж хэлэхдээ “Олимпийн эрх авлаа гээд тайвширч болохгүй. Энэ бол хувь хүнд биш тухайн улсад нь өгч байгаа эрх. Тиймээс та бүхэн бэлтгэл сургуулилтаа хийгээд олимпод оролцвол хэрхэн зодоглохоо тактикаа боловсруулж байх хэрэгтэй. Олимпоос өмнө сонгон шалгаруулалт хийж Лондон явах тамирчныг тодруулна” гэв. Энэ үеэр тамирчид, дасгалжуулагчдын сэтгэгдлийг сонслоо.

С.Бямбацэрэн: Миний жинд 19 тамирчин оролцсон байгаа. Дандаа Европын бөхчүүдтэй барилдаж олимпийн эрхээ авсан. Алтан медалийн төлөө барилдаж ялагдсан тамирчинтайгаа дараа нь дахин таарвал заавал хожно. Удахгүй эмэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-д оролцоно.

Д.Отгонцэцэг:
Дэлхийн аваргын медальтай тамирчидтай нэг хэсэгт багтсан. Бүгдийг нь ялаад алтан медаль хүртсэндээ баяртай байна. Энэ тэмцээн надад олимпод амжилттай барилдана гэсэн итгэл өглөө. Миний хувьд зургаан кг хасч барилдсан учраас бага хэцүү байсан. Одоо жиндээ дасч байгаа болохоор цаашдаа илүү өндөр амжилт үзүүлнэ. Олимпийн эрх аваад алтан медальтай ирсэн болохоор сэтгэл санаа их сайхан байна.

О.Бурмаа: Юуны өмнө намайг дэмжиж байсан бүх хүнд баярласнаа илэрхийлье. Олимпийн эрх олгох тэмцээн учраас өрсөлдөгч бүхэн хүчтэй байлаа. Нэлээд ширүүн өрсөлдөөн дундаас эрхээ олж авсан учраас олимпод илүү сайн оролцоно гэж бодож байна.

Ц.Баярсайхан /дасгалжуулагч/: Миний хоёр шавь олимпийн эрх авлаа. Нэгэнт айдгаа авдартаа хийгээд эхний даваагаа давсан юм чинь шулуухан олимпийн бэлтгэлдээ гарна. Сая Ч.Наранбаатар дарга сорил хийнэ гэж хэллээ. Миний бодлоор бол одоо сорил хийж байх цаг биш. Аль улсын, хэн гэдэг тамирчинтай хэрхэн яаж барилдах вэ гэдгээ судалж, тактикаа боловсруулж байх үе шүү дээ. Гэхдээ үүнийг би мэдэхгүй. БТСГ, шигшээ багийн алба, холбооны удирдлагууд шийднэ биз. Гол нь тамирчдадаа биеэ битгий бариарай гэж хэлсэн. Б.Наранбаатар, Г.Мандахнаран, Б.Батзориг нарыг эрхээ аваад ирэх байлгүй гэж их найдлага тавьж байгаа.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж