Улсын харцага Г.Намсрайжавыг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Улсын харцага Г.Намсрайжавыг маргааш шүүнэ

Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавыг маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгаж байгаа юм.

Сануулахад, Г.Намсрайжав өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  Нарантуул захын баруун урд уулзварын орчим албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн юм. Тухайн үед Г.Намсрайжавын хүү Замын хөдөлгөөны дүрэм зөрчиж, нэг чигийн урсгалтай зам дээр буцаж эргэхийг завдахад нь замын цагдаа дүрэм зөрчихгүй чигээрээ явахыг сануулж, бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьсан аж. Замын хөдөлгөөнийг хянах камерт Г.Намсрайжав цагдаагийн биед халдаж, зодож танхайрсан нь тодорхой бичигдсэн байсан.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд зодуулсан цагдаа толгойдоо гэмтэл авчээ. Эрүүгийн хуулийн 230.2-т төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.

                                        Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж