“Хөх нар” төвийн зураач Б.Энхтуяатай уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр зураач Г.Далх-Очиртой хамтран Швейцарийн “Nestle” брэндийн “Nestle Rich blend” хэмээх баяжуулсан хар кофе, кофены сүүгээр зурах зураг санааг хэрэгжүүлэн, үзэсгэлэнгээ нээсэн байна. Тэдний үзэсгэлэн “Эртний өгүүлэмжийг Nestle-гээр” гэсэн нэртэй.
-Энэ танхимд дэлгэсэн бүтээлүүд эрт эдүгээг холбосон юм шиг санагдлаа?
-Миний бүтээлүүд 3-4 мянган жилийн өмнөх Түрэг, Уйгарын үеийн эмэгтэйчүүдийг өнөө цагийн гэрэл зурагтай харьцуулсан, бясалгал гэрээрлийн маягийг харуулсан, холимог техникийн аргаар хийсэн ажлууд байгаа. Харин Г.Далх-Очирынх б 30-40 мянган жилийн өмнөх хадны сүг зургийг одоогийн бидний өдөр тутумдаа хэрэглэж буй мессэжний товчлуурууд болон комьпютерийн тэмдэгтүүдтэй харьцуулсан байгаа. Үүгээрээ тэр үеийн кодууд ямар байв, одоо ямар байгаа вэ гэдгийг л харьцуулж гаргасан.
-Кофегоор бүтээл хийхэд ямар байсан бэ?
-Кофены өнгө бол монголчуудын таашаадаг бор шаргал буюу эртний эсгийний өнгийг харуулдаг онцлогтой. Ерөнхийдөө зурахад уран зургийн будгийн хэрэгслээр зурж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Гоё нь кофегоор зурж байхад урлангаар дүүрэн кофений үнэр ханхлаад, нэг талаар сэргээш болсон шүү.
-Хэдэн кофе, сүүгээр уран зураг зурав аа?
-Хоёр авдар кофе, нэг авдар кофены сүү орсон. Үүнийг урлах нь маш гоё байсан. Хүн хоёр тэжээлээр тэжээгддэг, нэг нь хүнс, нөгөө нь оюун. Бидний хувь хүнсний бүтээгдэхүүнээр оюуны тэжээлийг хийнэ гэдэг сонирхолтой байсан. Түүгээрээ онцлог.
-Нийт хэдэн бүтээл дэлгэв?
-Бид хоёрын нийт арав гаруй бүтээл, нэг инстоляци, видео артын бүтээлдээ зурж байгаа явцаа харуулсан.
-Уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Бид хоёр цаашид энэ үзэсгэлэнтэйгээ гадагшаа явах санаатай байгаа.
-Таны зүүж яваа алчууурт энэ үзэсгэлэнгийн бүтээлийн зураг байна уу даа?
-Тийм ээ. “Говь” кашмерын дизайнер Ариунаа гээд бүсгүй манай урлан дээр болсон үдэшлэгт оролцохдоо миний зургийг хараад уулга алдсан. Тэрбээр Германд дизайнераар төгсөөд ажиллаж байсан юм байна лээ. Тэнд ийм сонирхолтой зүйлс их байдаг, манайд ч гэсэн энэ төрлийн бүтээл хийж байгааг магтаад, миний зургийг кашмер дээр хэвлэмээр байна гээд надад ганц хувь хийж өгсөн юм. Ард талдаа миний өөрийн зурагтай.
-Энэ тал дээр цаашид хамтран ажиллах уу?
-Ер нь цаашдаа үүнийг худалдаанд оруулах зорилготой байгаа.
Зургийг ЭНД дарж үзнэ үү