“Гулсдаг” заалтыг хүчингүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

“Гулсдаг” заалтыг хүчингүй болгожээ

Үндсэн
хуулийн Цэц өнөөдөр их суудлаараа хуралдаж,  Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх
тухай маргааныг дахин хянан хэлэлцжээ.

УИХ-ын сонгуулийн хуульд
мажоритар хэсгийн 26 тойрогт 48 суудлын төлөө нэр дэвшин өрсөлдөгч
тухайн тойрогтоо ялагдсан ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн саналыг
авбал намын нэрсийн жагсаалтаар бүрдэх пропорциональ хэсэг рүү гулсан
УИХ-д сонгогдож болох заалт оруулсныг Цэц өмнөх дунд суудлын
хуралдаанаараа хэлэлцээд тухайн заалтыг түдгэлзүүлсэн юм. Харин УИХ
Цэцийн уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авалгүй хуулийн заалтыг хэвээр
үлдээсэн.

Харин Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн их суудлын
хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын
төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч
тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их
Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг олгож, улмаар зарим нэр дэвшигч
нарт давуу байдал бий болгосноороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн
тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5,
49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын
холбогдох хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх
тэгш байх болон сонгуулийн шууд сонгох зарчмын агуулгыг алдагдуулж,
иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлан ардчилсан ёс, шударга ёс,
тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн
суурь зарчмыг зөрчсөн байна” гэж үзээд уг хуулийн дээрх заалтуудыг
хүчингүй болгосон байна.  Үүгээр Цэц маргааныг эцэслэн шийдвэрлэсэн
хэмээн үзжээ.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр
эцсийнх байдаг. Мөн  гармагцаа хүчин төгөлдөр болдог хуультай. Иймээс
Сонгуулийн хуулийн “гулсдаг” заалт өнөөдрөөс эхлэн хүчингүй болжээ.

                            Д.ОЮУН 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж