МАН-ын дүрмийн дагуу тухайн намаас УИХ-д сонгогдсон гишүүн автоматаар намын бага хурлын гишүүн болдог зарчимтай. Ц.Даваасүрэн гишүүн МАН-аас гараагүй, тийм өргөдөл өгөөгүй,шийдвэрээ гаргаагүй гэдгээ илэрхийлж “МАН-аас гарахаар болбол намынхаа нөхдөөс асууж байж шийдэх байсан. Гэтэл намын удирдлага бүлгээс гарна гэдгийг эндүүрсэн үү, МАН-аас гарах, бүлгээс гарах гэдгийг ялгаж ойлголгүй шийдвэр гаргасан уу, эсвэл намайг өөр намд элссэн гэдэг ойлголт авсан уу ямар боловч Бага хурлын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргасанд харамсч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл байдаг. Гэтэл МАН-д суудал авчирч олонх болгосон, ард түмний төлөөлөл болсон гишүүнийг улс төрийн нам шийтгэнэ гэдэг нь ёс суртахууны хувьд маш зохимжгүй асуудал гэдгийг тэрбээр хэлсэн юм. Энэ нь тухайн гишүүнийг өөрийнх нь төлөөлөл болсон сонгогчидтой хамт шийтгэж байгаатай яг ижил гэдгийг гишүүн тайлбарлалаа.
Ц.Даваасүрэн гишүүн “Би хувь хүн гэхээсээ илүүтэй сонгосон сонгогч олныхоо төлөөлөл учраас өдий хүртэл нутгийн ард түмнээ хүлээж ирсэн. МАН-аас надад гаргаж байгаа хандлага нь намайг итгэж сонгосон, миний ард байгаа олон мянган сонгогчийг үл хүндэтгэсэн явдал. МАН-аас гараагүй байхад Бага хурлаас чөлөөлөх арга хэмжээ авч байгаа бол би сонгогчидтойгоо хамт явна. УИХ-ын гишүүн, олон түмний төлөөлөлд хүндэтгэлгүй хандаж байгаа нь сонгууль дөхөж байгаа энэ цаг үед байж болохгүй асуудал”гэлээ. Ц.Даваасүрэн гишүүн МАХН нэрээ өөрчилж МАН болж хагарах үед тос нэмэхгүй гэсэн байр суурь баримталж байсан гэв. “МАН, МАХН хоёр нэг угшилтай. Монгол Улсын тусгаар тогтнолын эзэн болж явсан улс төрийн хүчин хагарсан нь сайн зүйл биш. 2000 оны АН-ын гашуун түүхийг давтаж байгаа тул хагаралд хувь нэмэр оруулахгүй” гэж МАН-даа үлджээ. Гэтэл сүүлийн үед МАН-д хөрөнгө, мөнгөтэй, хахсан цацсан, аархсан хүмүүсийг дэмжих хандлага ажиглагдах болсон байна.
“Намдаа шүүмжлэлтэй ханддаг гэсэн нэр зүүсэн гишүүд “Өчигдөр алдсан, өнөөдөр алдаж болно маргааш алдалгүй сонгуульд орооч” гэсэн сэтгэлээр алдаа, оноог нь хэлж байсан. Би МАН-ын сонгуулийн улс төрийн амлалтыг биелүүлэх, стратегийн ордын хөрөнгө оруулалт зэрэгт дэмжлэг үзүүлээгүй учраас намын бүлгээс гарснаа хэлсэн. Бас ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. МАН-аас гарахын тулд намын анхан шатны үүрт өргөдлөө өгч шийдвэрлүүлдэг. Би тэгээгүй. Хөрөнгө мөнгөнд хөлчүүрхсэн хүмүүсийг өөгшүүлээд байвал жирийн ард түмэн МАН-аас холдоно. Намынхаа нэг гишүүн, намдаа нэг суудал авчирсан УИХ-ын гишүүнийг Бага хурлаас хөөнө гэдэг нь зарим нэг хөрөнгө мөнгөтэй хүний явуулгаар болсон, тойрог өгөхгүй гэсэн дүрмийн бус зүйл” гээд “МАН-аас гарах цаг ирвэл сонгогчидтойгоо хамт явна” гэдгээ илэрхийллээ.