Монголд газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгч

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Монголд газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгч

Монголын шинжлэх ухааны болон төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын төрийн шагналт, академич Шагдарын Цэгмид агсаны мэндэлсний 90 насны ой энэ онд тохиож Монголын газарзүйчдийн хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал болж байна.

Ш.Цэгмид дунд сургуульд сурч байхдаа орос хэлний орчуулагчийн курст шилжин суралцаж орос хэлийг шамдан эзэмшсэн нь шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллах үндэс суурийг тавьж өгчээ. Тэрээр 1941 онд 19 настай байхдаа Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн газарзүйн тасагт ажилтнаар орж Оросын эрдэмтэнгазарзүйч Э.М.Мурзаев, хөрс судлагч Н.Д.Беспалов нарыг дагалдан Монгол орны баруун хязгаар Алтай Таван Богд хүртэл хээрийн судалгаанд оролцсоноор газарзүйн мэргэжилтэн болох анхны зам мөрөө гаргажээ. Улмаар 1942 онд Москва хотын М.В.Ломоносовын нэрэмжит Улсын Их Сургуулийн газарзүйн факультетад элсэн суралцаж 1947 оны хавар уг сургуулиа төгсгөмөгц тэр сургуулийнхаа аспирантурт шууд дэвшин суралцаж физик газарзүйн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж эхэлжээ. 1951 онд Оросын нэрт эрдэмтэн академич К.К.Марковын удирдлаган дор "Хэнтийн уулархаг орны физик газарзүйн тодорхойлолт ба эртний мөстөл " сэдвээр газарзүйн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж манай улсын анхны газарзүйн эрдэмтэн болсон төдийгүй ер нь тухайн үедээ эрдмийн зэрэг хамгаалсан анхны 5 хүний нэг нь байсан юм. Тэр цагаас хойш тус улсад шинжлэх ухааныг хөгжүүлэх, газарзүйн мэдлэг боловсролыг олон түмэнд түгээн хүртээх, эрдэм оюуны үр шимийг нийгмийн амьдралд нэвтрүүлэх ариун үйл хэрэгт бүхий л амьдралаа тууштай зориулсан билээ.

Тэрээр 1951-1953 онд Шинжлэх Ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1953-1956 онд Ус цаг уурын хорооны дарга, 1956-1957 онд ШУХ-ийн газарзүйн тасгийн эрхлэгч, 1957-1960 онд Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1961-1962 онд Шинжлэх ухааны академийн Байгалийн ухааны хүрээлэнгийн газарзүйн тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байв. 1962 онд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнг доктор Д.Бадамжав, Н.Лонжид нарын хамт анх үндэслэн байгуулж захирлаар нь 1988 он хүртэл 26 жил тасралтгүй ажиллахдаа газарзүйчдийн чадварлаг эрдмийн хамт олныг бүрдүүлж чадсан гавъяатан билээ.

Академич Ш.Цэгмид 1972 онд Газарзүйн хүрээлэнгийн дэргэд газарзүйн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах анхны зөвлөл байгуулж уг зөвлөлийг 30 шахам жил толгойлохдоо 50 гаруй эрдэмтэн хамгаалуулж газарзүйн шинжлэх ухааны боловсон хүчний асуудлыг үндсэнд нь шийдвэрлэсэн явдал шинжлэх ухааны хөгжил дэвшилд оруулсан онцгой хувь нэмэр гэж үзвэл зохино.

Академич Ш.Цэгмид 1973 онд газарзүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, Монгол улсад орчин үеийн газарзүйн шинжлэх ухааныг үндэслэгч төдийгүй Шинжлэх Ухааны Академийг үүсгэн хөгжүүлэх, түүний үйл ажиллагааг бэхжүүлэх, бүтэц зохионбайгуулалтыг боловсронгуй болгоход анхнаас нь оролцож хүч оюунаа зориулсан шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн хүн байв. Тэрээр 1961 онд ШУА-ийн анхны сурвалжлагч гишүүнээр, 1964 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр (академичаар) сонгогдож, 1975-1988 онуудад ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр 14 жил хавсран ажиллахдаа харъяа хүрээлэнгүүдийн боловсон хүчин, эрдэм судлалын үйл ажиллагааг төлөвшүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны нэр хүндийг өсгөх талаар үр дүнтэй ажиллаж олон улсын "Интеркосмос" хөтөлбөрийн Монголын үндэсний зөвлөлийн дарга, орлогч дарга, олон улсын эрдэм шинжилгээний "Хүн ба шим мандал" төслийн үндэсний зохицуулагч, Монгол улсын Төрийн шагналын хорооны нарийн бичгийн дарга, Эрдмийн зэрэг, цол олгох улсын дээд комиссын нарийн бичгийн дарга зэрэг хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж байжээ. Тэрээр Монгол-Оросын хамтарсан сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол улсын иргэнийг сансарт нисгэх бэлтгэл ажлыг зохион байгуулахад биечлэн оролцож байсан түүхтэй.

Академич Ш.Цэгмид шинжлэх ухааны нөр их ажлын зэрэгцээ газарзүйн боловсролыг хөгжүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хичээнгүйлэн зүтгэж Монгол Улсын Их Сургуульд 1955 онд газарзүйн тэнхим байгуулж анхны эрхлэгчээр нь томилогдон багшлах ажил хавсран гүйцэтгэж 1957 онд доцент, 1962 онд профессор цол хүртжээ. Ш.Цэгмид багш болон түүний хамтран зүтгэгч эдийн засгийн газарзүйч, доктор Сандагжав, зурагзүйч, доктор Д.Бадамжав багш нарын гараар бэлтгэгдсэн газарзүйн мэргэжлийн анхны болон удаа дараагийн төгсөгчид шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй хөдөлмөрлөж багш нарынхаа эхлүүлсэн үйл хэргийг амжилттай үргэлжлүүлэн үе үеийн газарзүйчдийг сургаж хүмүүжүүлсээр байна. МУИС-ийн газарзүйн тэнхим өнөөдөр газарзүй-геологийн сургууль болон өргөжиж мэргэжлийн 7 тэнхимд баклавр, магистр, докторын түвшний 1600 гаруй оюутан суралцаж байна.

Ш.Цэгмид багшийн 1957 онд зохиож хэвлүүлсэн "БНМАУ-ын газарзүй", 1972 онд хэвлэгдсэн "БНМАУ-ын физик газарзүй" хэмээх сурах бичиг өнгөрсөн хугацаанд 8 удаа хэвлэгдэж, уг сурах бичгээр манай орны хот, хөдөөгийн олон зуун мянган иргэд суралцаж эх орныхоо байгаль орчин, уул ус, газар нутгийн талаар ерөнхий боловсролын суурь мэдлэг олж эзэмшсэн нь мэдээж. Монгол улсад сургуулийн газарзүйн үндсийг тавьсан энэхүү бүтээлийг төр засаг, түмэн олон өндөр үнэлж 1984 онд академич Ш.Цэгмидэд "Монгол улсын төрийн шагнал" хүртээсэн нь газарзүйчдийн бахархлыг зүй ёсоор төрүүлж байлаа.

Академич Ш.Цэгмидийн эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ, гол үр дүнг дараах байдлаар тоймлон илэрхийлж болох байх. Үүнд:

  • Тодорхой бүс нутагт физик газарзүйн цогцолбор судалгаа хийх арга ухааныг Монголд анх удаа нэвтрүүлж Хэнтийн уулархаг орны газрын гадарга, уулзүйн тогтолцоо, ус, уур амьсгал, хөрс, ургамал, амьтны аймаг, байгалийн нөөц баялгийн тухай тодорхойлолт өгч, тус нутгийг дотор нь байгалийн муж, район, дэд районуудад ялган хувааж тус тусын байгаль-газарзүйн онцлогийг дэлгэрэнгүй гаргаж физик газарзүйн нарийвчилсан мужлалт үйлдэх аргачлалыг анх Монголд туршсан нь (1951,1953) үр дүнтэй болжээ. Дараа үеийн судлаачид энэхүү арга туршлагыг үндэслэн Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ мөрний сав газарт физик газарзүйн цогцолбор судалгаа явуулсан нь онол, практикийн ач холбогдолтой болжээ.
  • Монгол орны уулархаг нутагт удаа дараа тохиож байсан эртний мөстлөгийг судлахад анхаарлаа хандуулж Туул гол, Хар нуур-Хагийн гол, Минж гол, Хэрлэн голын эхэн хэсгийн хөндийнүүдэд эртний мөсөн гол байсны ул мөр болох эгц ханан хөндийлж хонхор, морены хурдсаар тогтсон далан, дов толгод, дэнж мөрөгцөг олныг илрүүлэн тус бүрд нь морфометрийн хэмжилт хийж мөстлөгийн үйл явцыг сэргээн тодорхойлсон нь (1953) шинжлэх ухааны хувьд чухал үнэ цэнтэй судалгаа болсон юм.
  • Монгол орны байгаль, нийгэм, эдийн засгийн байдлыг бүхэлд нь хамруулжтус улсын байгалийн нөхцөл, байгалийн баялаг, хүн ам, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээвэр, харилцаа холбоо, худалдаа, соёл боловсрол хийгээд 18 аймаг тус бүрийн байгаль-эдийн засгийн ерөнхий дүр төрхийг товч тодорхойлон бичсэн "Манай эх орон" (1953) хэмээх ном нь танин мэдэхүйн үүднээс ихээхэн үр өгөөжтэй, газарзүйн нэгдмэл шинжтэй бүтээл болж чадсан байна.
  • Монгол дахь эрт үеийн газарзүйтэй холбогдох сонирхолтой зарим асуудал академич Ш.Цэгмидийн бүтээлүүдэд хөндөгдсөн байдаг нь судлаачийн олон талын мэдлэг авъяасыг илэрхийлэх баримт болон үлджээ. Тухайлбал, Их Нууруудын хотгорт орших Хар-Ус, Хяргас нуурын усны эрдэсжилтийн хэмжээг 1952 онд тодорхойлсон дүнгээ 1926 онд В.А.Смирновын тодорхойлсон шинжилгээтэй харьцуулан үзэж сүүлийн 26 жилийн хугацаанд усны эрдэсжилт нь өөрчлөгдөөгүй тул эдгээр нуур эрчимтэй ширгэж байгаа тухай үзэл баримтлал тухайн үедээ эргэлзээтэй байсныг нотложээ. Мөн Нууруудын хөндийд орших Бөөн Цагаан, Адгийн Цагаан нууруудын усны түвшин болон эрэг орчмын дэнжүүдийн өндөршлийг харьцуулан судалсаны (1954) дүнд эдгээр нуур нь эрт үед нэг савтай том нуур байгаад хожим нь салж хоёр тусдаа нуур үүссэн тухай дурьдаад үүний гол шалтгаан нь мөстлөгийн дараах үеийн уур амьсгалын хуурайшилтай холбоотой, нөгөө талаар Завхан гол урсгалаа өөрчилж баруун тийш Их Нууруудын хотгор руу урсдаг болсонтой холбоотой гэж үзжээ. Энэ мэт сонин содон судалгааны дүнг эргэн харахад манай орны байгаль орчны өнөөгийн төрх байдлыг эргэцүүлэн бодоход хүргэх нь зүй.
  • Ер нь Монголын говь нутгийн тухай сэдэв өмнө дурьдсан ажлуудаас гадна Ш.Цэгмид багшийн бүтээлд тодхон хөндөгдсөн нь цөөнгүй. "Монголын говь ба түүний газарзүйн онцлог" (1958) гэсэн нэг өгүүлэлдээ говийн газар нутаг, нуур ус, ургамал амьтан, газрын доорхи баялгийн тухай дурьдаад энэ сайхан нутгаа ард олныхоо ашиг тусын тулд улам эрчимтэй эзэмших, байгаль орчноо өөрчлөн сэргээх агуу боломж манай говьд бий гэдгийг онцлон сануулж бичсэнийг энд зориуд дурьдмаар байна.
  • Монгол орныг физик-газарзүйн үүднээс мужлах асуудлыг нухацтай авч үзэж, мужлалтын нэгжүүдийг ялган тогтоохдоо газрын гадаргын хотгор гүдгэрийн шинжийг гол шалгуур болгож, харин талархаг нутгийн хувьд байгаль-ландшафтын өргөргийн бүсшилийн хүчин зүйлийг чухалчлан анхаарч нийтдээ физик газарзүйн 4 их муж, 12 муж, 27 тойрогт хувааж, эдгээр нэгж тус бүрийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг өгчээ (1962, 1969). Энэхүү мужлалтыг бүх нийтээр хүлээн зөвшөөрч практикт өргөн хэрэглэсээр байна.
  • Физик газарзүйн нэг чухал салбар болох ландшафтын судалгааг Монгол дорнод хэсгийн уул, тал хосолсон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт явуулж (1964, 1965) ландшафт тодорхойлогч гол хүчин зүйл болдог хотгор гүдгэрийн онцлогийгхаргалзан байгалийн ландшафтуудыг өндөр уулын, дундаж өндөр уулын, нам уул-талын гэсэн 3 үндсэн бүлэгт хувааж, бүлэг тус бүрийн дотор ургамлын бүлгэмдэл, гадаргын шинжийг баримтлан ландшафтын хэвшинжүүдийг ялган тогтоож, тэдгээрийн газарзүйн тархалтыг харуулсан зураглал үйлдсэн нь манай орны хувьд анхны шинэлэг ажил байсан. Түүнчлэн уг ландшафтуудын ялгааг үндэслэн хөдөө аж ахуйн байршилт, төлөвлөлтөд зориулан ландшафтын мужлалт боловсруулсан нь энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг цаашид гүйцэтгэх онол-арга зүйн үндэслэл болж өгсөн юм.
  • Академич Ш.Цэгмидийн санаачилгаар, түүний эрдэм шинжилгээний удирдлагын дор гүйцэтгэсэн нэг томоохон ажил бол "Монгол орны физик газарзүй" (1969) хэмээх суурь судалгааны нэг сэдэвт зохиол. Монголын газарзүй, байгаль шинжлэлийн багш, оюутан, судлаачдын дунд "Цэгмид багшийн хөх ном" гэж алдаршсан энэ бүтээл өнгөрсөн 40 гаруй жилийн турш шинжлэх ухааны үнэ цэнээ огтхон ч алдалгүй хэрэглэгдсээр ирлээ. Уг номын "Хотгор гүдгэр", "Ургамалшил", "Амьтны аймаг", "Физик газарзүйн мужууд", "Газарзүйн байрлал ба онцлог" гэсэн гол бүлэг, хэсгүүдийг Цэгмид багш маань өөрөө бичиж, тэр үед эрдэм судлалын ажлынхаа гарааг дөнгөж эхэлж байсан шавь нарынхаа бичсэн "Уур амьсгал" (Н.Бадарч, Б.Жамбаажамц), "Ус" (Ж.Цэрэнсодном), "Хөрс" (Д.Доржготов) гэсэн хэсгүүдийг хичээнгүйлэн хянаж, засвар залруулга уйгагүй хийж байсныг эргэн бодоход багш маань аргагүй л тал бүрийн өргөн мэдлэгтэй агуу эрдэмтэн байжээ.
  • Монгол орны уулзүйн тогтоц, геологийн өнгөрсөн эрин галавуудад манай орны газрын гадарга өөрчлөгдөн хөгжиж ирсэн түүх, хотгор гүдгэр бүрэлдүүлэгч эртний ба орчин үеийн үйл явц, хотгор гүдгэриин хэвшинжүүдийн онцлог, геоморфологийн мужлалт, физик газарзүйн мужуудын үндсэн шинж ба дотоод ялгаа, газарзүйн байршил гэх мэт физик газарзүй, түүхэн газарзүй, геоморфологи, орон нутаг судлалын олон тулгуур асуудлыг дэвшүүлэн тавьж мэргэжлийн судлаачийн хувьд өөрийн шинжилгээний баримт материал, санал дүгнэлт, үзэд баримтлалд үндэслэн Монголын газарзүйн шинжлэх ухаанд олон суурь ойлголт, шинэ мэдлэг бий болгосон юм. Үүгээр зогсохгүй Монгол орны ургамал, амьтны аймгийн талаар бүрэн дүүрэн, цэгцтэй ойлголт өгч чадсан билээ. Монголчуудын оюуны сан хөмрөгт оруулсан хувь нэмэр, шинжлэх ухааны ач холбогдлыг нь үнэлж "Монгол орны физик газарзүй" номыг газарзүйн салбарын XX зууны шилдэг бүтээлээр шалгаруулж Засгийн газрын өргөмжлөл хүртээснийг дурьдахад таатай байна.
  • Монгол орны байгалийн нөхцөл, нөөц баялаг, нийгэм соёл, эдийн засгийн талаарх түүхийн тодорхой үед хамаарах шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг нэгтгэн дүгнэсэн эрдэм шинжилгээ-зурагзүйн иж бүрэн шинжтэй суурь бүтээл болох " БНМАУ-ын үндэсний атлас" (1990)-ыг зохиож хэвлүүлэх олон жилийн нүсэр ажлыг гүйцэтгэхэд академич Ш.Цэгмид Монгол талаас ерөнхий редактораар ажиллаж голлох үүрэгтэй оролцсон билээ. Уг атласыг зохиох ажлын хэсэгт Монголын талаас ерөнхий редакторын орлогч, доктор Д.Базаргүр, Ж.Санжаажамц, хариуцлагатай редактор Н.Орших, редакцийн зөвлөлийн орлогч дарга Б.Рагчаа, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Доржготов, Г.Тогоо нар Ш.Цэгмид багшийн олон талын мэдлэг, нэр хүнд, эрдмийн ажлын туршлагад тулгуурлан ихээхэн үр бүтээмжтэй ажиллаж Монгол, Оросын эрдэм шинжилгээ, зураг зүй-үйлдвэрлэлийн болон бусад салбарын 70 шахамбайгууллагын 300 орчим эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцсон энэ том ажлыг амжилттай дуусгасан билээ. Монгол улсын засаг захиргаа, түүх-хувьсгал, хүн ам, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, тээвэр холбоо, боловсрол, соёл, шинжлэх ухаан, худалдаа, эрүүлийг хамгаалах, олон улсын харилцаа зэрэг нийгэм-эдийн засгийн сэдэвтэй 143 зураг, газрын гадарга, геологийн тогтоц, ашигт малтмал, эрт галавын түүх, уур амьсгал, ус, хөрс, ургамал, амьтны аймаг, ландшафт зэрэг байгалийн сэдэвтэй 133 зураг (нийт 276 газрын зураг), 17 бүлгийн тайлбар өгүүлэл бүхий монгол, орос хэл дээр хэвлүүлсэн " БНМАУ-ын үндэсний атлас" нь тус улсын байгалийн нөхцөл, нөөц баялаг, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг бүхэлд нь зураглан харуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүй, практикийн ач холбогдолтой газарзүйн цогцолбор бүтээл бөгөөд хэвлэгдэж гарснаас хойшхи 20 гаруй жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, боловсрол, нийгмийн үйлчилгээний олон талын хэрэгцээг шаардлагатай мэдлэг мэдээллээр хангахад чухал эх сурвалжийн үүрэг гүйцэтгэж дотоод, гадаадын уншигч олон түмний хүртээл болж чадсан байна.
  • Академич Ш.Цэгмидийн сүүлийн үед туурвисан нэг сонирхолтой томоохон бүтээл бол "Манай дэлхий" (2001) гэсэн газарзүйн товч лавлах бөгөөд түүний тэргүүн ботид Ази тивийн 47 улс орон, Европ тивийн 44 улс орны байгаль, нийгэм, эдийн засгийн тухай товч мэдээлэл өгч, мөн энэ хоёр тив дээр орших хот суурин, уул нуруу, нам доор газар, арал, хойг, гол мөрөн, нуур, цөл газар, булан, хоолой зэрэг газарзүйн элементүүдийг нэг бүрчлэн нэрлэж тодорхойлсон нь өнөөгийн даяаршиж буй гариг ертөнцийг танин мэдэхэд үнэхээрийн үр өгөөжтэй, үнэ цэнтэй ажил болсон юм. Харамасалтай нь энэ лавлах номын дараачийн ботийг бүрэн дуусгаж амжилгүй багш маань мөнх амгалангийн орноо одсон билээ.
  • Ш.Цэгмид багшийн бас нэг чухал бүтээл бол "Газарзүйн шинжлэх ухаан Монголд" (2003) хэмээх ном. Манай улсын анхны эрдэм шинжилгээний байгууллага-Судар бичгийн хүрээлэнд 1924 онд газарзүйн тасаг байгуулагдсанаас хойш 2000 он хүртэл хугацаанд манай газарзүйчдийн хийсэн эрдэм судлалын ажлыг физик газарзүйн цогцолбор судалгаа, ландшафтын, топологийн, геоэкологийн, уур амьсгалын, ус зүйн, нуурын, хөрсний газарзүйн, цэвдгийн, агуй судлалын, зурагзүйн, нийгэм-эдийн засгийн газарзүйн цогцлбор ба региональ судалгаа, хөдөө аж ахуйн газарзүйн, аж үйлдвэрийн газарзүйн, зам тээврийн газарзүйн, хүн амын газарзүйн, сургуулийн газарзүйн гэсэн салбаруудаар ангилж нийт 110 гаруй эрдэмтэн, судлаачдын бичиж нийтлүүлсэн ном бүтээл, эрдмийн зэрэг хамгаалсан ажлын үр дүнгүүдийг нэгтгэн тоймлож ийнхүү толилуулсан явдал Монголын газарзүйн шинжлэх ухааны хүрсэн түвшин хийгээд цаашид юу судлах, ямар асуудалд голлож анхаарах талаар тодорхой бодол санаа төрүүлж өнгөрснийг тунгааж, эдүгээг ухаарч, ирээдүйг харах билгийн мэлмийг бидэнд нээж өгч буй хэрэг билээ.

Дээр дурьдсан эрдэм шинжилгээний тодорхой бүтээлүүдээс гадна академич Ш.Цэгмидийн шинжлэх ухааны мэдлэгийг олон түмэнд түгээх, сурталчлах, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, утга соёлыг дэлгэрүүлэх үйлсэд идэвхийлэн зүтгэж явсныг гэрчлэх "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь" (1988), "Монголын нэвтэрхий толь" (2000) зэрэг хамтран зохиосон том хэмжээний лавлагааны ботиуд, мөн түүний монгол хэлнээ орчуулсан Оросын сонгодог уран зохиолчдын (И.С.Тургенев, А.Н.Толстой, Н.Островский) романуудыг дурьдахгүй байхын аргагүй. Ялангуяа Ш.Цэгмид багшийн орос хэлний мэдлэг, бичгийн чадвар, орчуулгын ур ухааны талаар хамтран ажиллаж байсан журмын нөхөд, ойр дотны хүмүүс, шавь нар нь төдийгүй оросын эрдэмтэн судлаачид шагшран үнэлдэг байсныг энд зориуд тэмдэглэх нь зүйтэй болов уу.

"Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу" гэгчийн жинхэнэ үлгэр дууриалал болж олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж явсан академич Ш.Цэгмид шинжлэх ухааны зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч байсан төдийгүй Монголын төр нийгмийн томоохон зүтгэлтэн хүн байсан юм. Тэрээр 1963,1966,1973 онуудад Монгол Улсын Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогдож, 1963-1965 онуудад АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдож төрийн өндөр хариуцлагатай алба үүргийг гүйцэтгэж байсан билээ. Үүний зэрэгцээ Дэлхийн энх тайвны зөвлөлийн гишүүн, Монголын парламентын бүлгэмийн нарийн бичгийн дарга , Нэгдсэн үндэстний боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний хорооны гишүүн, Дэлхийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгч, Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн дарга зэрэг ажил үүргийг олон жил нэр төртэй гүйцэтгэж гадаадын 30 шахам улс оронд айлчлан Монгол улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт хичээнгүйлэн зүтгэж зохих хувь нэмрээ оруулжээ. Олон улсын газарзүйн холбооны их хурал болон Оросын газарзүйн нийгэмлэгийн хуралд удаа дараа оролцож 1973 онд Оросын газарзүйн нийгэмлэгийн гадаад хүндэт гишүүнээр сонгогджээ.

Монголын төр засгаас шинжлэх ухаан, боловсрол, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор, академич Ш.Цэгмидийн нөр хичээнгүй хөдөлмөр, эх орон ард түмнийхээ төлөө зориулсан бүтээлч үйл хэргийг өндрөөр үнэлж Монгол улсын төрийн шагнал, Сүхбаатарын одон, хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2 удаа, ойн медиалууд болон бусад шагналаар урамшуулан шагнажээ.

Энэ суут хүний сэдэж бүтээсэн үйл хэрэг, туулж өнгөрүүлсэн амьдралын зам, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээсэн эрдмийн сан хөмрөг, ажлын арвин арга туршлага, эрдэмтэн хүний өндөр ёс суртахуун, эгэл даруу төрх, багш хүний өгөөмөр сэтгэл үнэхээр бахархууштай бөгөөд үе үеийн шавь нарт нь үлгэр дууриал болон дурсагдсаар байх болно.

Эдгээр мөрүүдийг бичиж дуусах мөчид Монгол Улсын Засгийн Газрын (2012 оны 4-р сарын 18-ны өдрийн) тогтоолоор ШУА-ийн Газарзүйн хүрээлэнг академич Ш.Цэгмидийн нэрэмжит болгох шийдвэр гарсан нь Ш.Цэгмид багшийн эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавъяат үйлсийг алдаршуулж, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлж буй нэн хүндэтгэлтэй үйл явдал хэмээн гүнээ билэгшээж монголын нийт газарзүйчид, газарзүй-байгаль шинжлэлийн эрдэмтэн, судлаачид, багш, оюутан, олон нийтийн өмнөөс халуун талархал дэвшүүлж байна.

ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн захирал, академич Д.Доржготов
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж