Б.Жаргалсайхан, С.Молор-Эрдэнэ нар эвсэхээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан, С.Молор-Эрдэнэ нар эвсэхээ мэдэгдлээ

Хамуг Монголын хөдөлмөрийн нам болон Бүгд найрамдах нам хамтран “Үндэсний их эвсэл” байгуулж, сонгуульд эвсч оролцох болсон тухай мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хоёр намын дарга болох С.Молор-Эрдэнэ,  Б.Жаргалсайхан нар эвсэл байгуулж, хамтран ажиллах тухай албан ёсны баримтад гарын үсэг зурсан. Тэд мөрийн хөтөлбөрөө боловсруулж дууссан бөгөөд өнөөдөр Аудитын ерөнхий газарт хүргүүлэх ажээ.

“Үндэсний их эвсэл” 76 тойрогт тэнцүү тоогоор буюу Хамуг Монголын хөдөлмөрийн нам болон Бүнд найрамдах намаас тус бүр 38 хүнийг нэр дэвшүүлэх гэнэ. Сонгуульд оролцох эвслийн мөрийн хөтөлбөр нь хүн төвтэй нийгэм, ардчиллыг байгуулахыг эрмэлзсэн бодлого, ажлыг тусгах гэнэ. Хурлын үеэр Б.Жаргалсайхан сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өглөө.

-Ямар зорилгоор эвсэл байгуулж сонгуульд оролцох болсон бэ?

-Сүүлийн дөрвөн жилийн улс орны ээдрээтэй амьдрал, улс төр, нийгмийн алдаатай бодлогыг өөрчлөхөөр эвслээ. Ер нь энэ жилийн сонгуульд ард иргэдийн зүгээс өөрт нь зориулж юу ирэх нь вэ гэдгээр биш улс орныг яаж хөгжүүлэх вэ гэдэг талаас нь харж, сонгуулиа өгөх байх гэдэгт найдаж байна.

-Улс төрийн нам хүчнүүд эвслээ, тарлаа л гэдэг.  Ийм байдалд хүрэх вий?

-Ер нь бол эвсэнэ гэдэг нь тухайн намуудын үзэл баримтлал яв цав таарах учиртай гэсэн үг биш. Нэг зорилгын дагуу эвсч байгаа юм. Харин үзэл бодол зөрчилдөх үе гарвал өөр хэрэг л дээ.

 У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж