
Өнгөрсөн амралтын өдрөөр Английн “Челси” Германы авяаслаг залуу тоглогч Марко Маринг багтаа нэгтгэсэн бол Лондонгийн “Их буучид” Бундеслигийн “Кёлн” багийн довтлогч Лукаш Подольскиг “Эмират”-д авчрах нь тодорхой боллоо. Подольскийн хувьд анх “ФС Кёлн” багаас карьераа эхлүүлж, 2006-2009 онд “Байерн Мюнхен”-ий төлөө зүтгэж байсан. Хэдий 2009 онд Европын хэд хэдэн багууд залуу довтлогчийг багтаа авчрах гэж оролдсон ч Подольскигийн сонголт өөрийн төрөлх “Кёлн” баг байсан юм. Харин энэ зуны Европын аварга шалгаруулах тэмцээний дараа герман довтлогч Лондонд ирэх болж байна. Хэдий 26 настай ч тэрбээр Герман машинуудын төлөө нийт 95 тоглолтод оролцож 43 гоолыг оруулсан Кёлн хотын бахархал болсон шилдэг тоглогчдын нэг билээ.