УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-ын IV Бага хуралдаанаас өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг МАН-ын Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн юм. Эл үйлдлийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн намын дүрэм зөрчсөн хууль бус үйлдэл болсон гэж буруутгаж байна. Тэрбээр хэлэхдээ “Намын дүрэмд зааснаар тухайн намаас УИХ-д сонгогдсон гишүүн тухайн намын Бага хурлын гишүүн байдаг. Удирдлагууд яаж хандаж байгаагаас бус, намын нөхдөөсөө асууж байж энэ асуудлыг шийднэ гэсэн байтал бүлгээс гарсан гэдгийг намаасаа гарлаа гэж ойлгодог юм уу. Эсвэл намайг өөр намд орсон гэдэг ойлголттой байсан уу, Бага хурлын гишүүнээс хассан явдал нь ёс зүйн хувьд буруу алхам. УИХ-ын гишүүнийг улстөрийн нам шийтгэх ёсгүй. УИХ-ын гишүүн тойргийн иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг төлөөлөөд явж байгаа. Намайг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн нь олон мянган сонгогчид руу бас тааламжгүй алхмыг намаас хийж байна гэж ойлгож болно” гэж тодотгосон юм. Мөн тэрбээр нам нэрээ өөрчилсөн үеэс дотоодод хагарал бий болоход түүн дээр тос нэмэхгүй гэсэн байр сууринаас хандаж өдийг хүргэсэн. Энэ ч үүднээс МАН-аас яаран гарахыг бодоогүй. Гол нь намын удирдлагын алдаатай бодлогоос болж УИХ-ын сонгуулийн дараа энэ нам хүнд байдалд битгий ороосой гэдэг үүднээс болж буй үйл явдалд тэвчээртэй хандаж ирсэн” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн үеэс МАН-ын бүлгээс нэр бүхий гишүүд гарч, МАХН-д элсэх нь гэсэн мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд хүчтэй цацагдсан ч өчигдөр энэ нь батлагдаж МАН нь Бага хурлаа хийх үеэр гурван ч гишүүн нь өрх тусгаарлан МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн билээ. Харин эдгээр гишүүдтэй хамт УИХ дахь МАН-ын бүлгээсээ татгалзаад байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нь МАН-даа хэвээр үлдсэн ч Бага хурлын гишүүнээс нь түдгэлзүүлсэн явдал нь удирдлагууддаа буруутгах үндэслэл болж хувираад байна.
Н.ДАРЬ