Саддам Хуссейн Абд аль-Маджид ат-Тикрити. Энэ бол түүний бүтэн нэр. Одоогоос есөн жилийн өмнө түүнийг 148 хүний амийг санаатай бүрэлгэх тушаал өгсөн гэх үндэслэлээр Иракын шүүхээс цаазаар авах ял оноосон. Түүнийг дүүжлэн хороосон. Иракын ард түмэн ч баяр хөөр, нулимс гашуудлаар дүүрэн өдрүүдийг даван туулсан. Түүний улс төрийн амьдрал 1979 оноос эхэлсэн гэж үздэг. Химийн хорт зэвсэгээр бүрэн тоноглогдсон Иракын цэргүүдийг удирдан 1988 хүртэл үргэлжилсэн Ираны дайнд том гавьяа байгуулсан гэдэг. Кувейтыг эзлэн нэвтэрсний дараа хэдэн зуун мянган шийтүүдийн амийг хороосон түүхтэй. Цэргийн хүчийг анхнаасаа системтэй хөгжүүлсэн нэгэн. Иракын тав дахь Ерөнхийлөгч. Төрийн тэргүүний суудлаас 2003 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор буусан. Саддам Хуссейн өөрийн орд харшийг лууг дарж байгаа шаргал үст бүсгүйчүүд, могойтой тулалдаж байгаа баатрууд зэрэг өвөрмөц дүрслэлүүдээр чимж, үлгэр домгийн сэдэвтэй фантастик зургуудаар гоёсон байжээ. Үүнээс ажиглахад дарангуйлагч асан С.Хуссейн төрийн тэргүүнд гэхээсээ илүү өсвөр насны жаалхүүд тохирохоор гоо зүйн мэдрэмжтэй байсан бололтой. Харамсалтай нь тэр амиа алдаж, бүтээн байгуусан улс орон нь бусдын гарт орсон.
Францын Ерөнхийлөгч асан Жак Ширакын эсрэг шүүх хурал нэг хэсэг дэлхий нийтийг гайхшруулж, алмайруулж орхисон. Авлигын хэрэгт сэжиглэгдсэн экс Ерөнхийлөгчийн гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс арван жил хүртэлх хорих ял сонсч, 150 мянган еврогийн торгууль оногдуулж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Ямартай ч түүний гэм буруутай нь дэлхий дахин тархаж, түмний нүд болсон. Өдгөө 79 настай Жак Ширакыг 1977 оноос эхэлж Парис хотын захирагч байх хугацаандаа Консерватив намыг санхүүжүүлэх зорилгоор хуурамч ажлын байрыг олноор нээж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн гэдгийг олж тогтоосон. Бараг 80 нас зооголж буй настай эрд төсвийн мөнгө, зарим нэг намыг санхүүжүүлэ хзэрэг ажил амархан л байдаг байх. Айхтар хөгшин шүү. Францын улс төрд цойлж гарч ирсэн Жак өвгөн өдгөө нүүрээ хийх газаргүй гэрийн мухарт сууж байгаа талаар “France de Presse” мэдээлж байсан. Түүнийг “Орчин цагийн шилдэг санхүүч” хэмээн өргөмжилж хэвлэлүүдээр цаашлуулж байсан цаг саяхан.
Эх орон, тусгаар тогтнол ярьсаар байгаад ард түмнийхээ гарт амиа алдсан дарангуйлагч бол Ливийн удирдагч асан Муаммар Каддафи. 44 жил Ливийн төрийн тэргүүн хийж, орчин цагийн ганц бие хүчирхэг удирдагч, дарангуйлагч болон төрсөн. Гэвч амьдралынх нь сүүлчийн мөчид олон жил даралсан ард түмнийхээ гарт үхнэ гэж төсөөлөөгүй л болов уу. НҮБ, АНУ тэргүүтэй барууны орнуудын шахалтаар хааны суудлаас татан буугдсан ард түмний эрх чөлөө, улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэж буйгаа тунхагласаар амиа алдсан. Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи өвөрмөц этгээд дарангуйлагчдын үлгэр дууриалал аж. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Кондолиза Райст үнэн сэтгэлээсээ дурлаж байсан ба онгон бүсгүйчүүдээр өөрийгөө хамгаалуулж, бас Америкийн хөгжимт жүжигт дуртай байсан аж. Мөн Кондолиза Райсийн гэр бүлийнхэнд зориулж дуучин Бионсе, Мэрай Кэри, Лайнел Ричи нарт багагүй шан харамж өгч дуулуулж байжээ. Хайр дурлалын асуудал дээр тун эмзэг нэгэн. Ард түмнээ хайрлах сэтгэл нь түүнийг хороосон ч байж болох.
Алжир, Тунисээс эхэлсэн Арабын хувьсгал Египетийг хоромхон зуур өөрчилсөн. Хувьсгал гарахыг анзаарсан тэрбээр цэргийн хүчээр хэдэн зуун жагсагчдыг хороох тушаал өгсөн нь нэгэнт баримтаар нотлогдож өнгөрсөн оны наймдугаар сард шүүх хурал нь болсон. Өмнөх Ерөнхийлөгч Анвар Садат 1981 онд алагдсаны дараа Хосни Мубарак Египетийг захирах болсон. Тэр үед дэд ерөнхийлөгч байсан Х.Мубарак шархадсан байдалтай байсан ч төрийн эрхийг атгасан. “Орчин үеийн фараон” засгийн эрхийг 30 жилийн турш атгасан ба энэ хугацаанд Египет онцгой дэглэмд байлаа. Нийгмийн аюулгүй байдлын сонирхлын үүднээс тус улсын Үндсэн хууль цензурьтай байв. Өөрөөр хэлбэл, ард түмний эрх ашгийн бус, төрийн эрх мэдлийн төлөө үйлчилдэг хууль байсан юм. Х.Мубарак бүх нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчөөр дөрвөн удаа сонгогдохдоо цорын ганц нэр дэвшигч байсан нь хамгийн инээдтэй. Тэгээд үүнийг “Ерөнхийлөгчийн сонгууль” гэж нэрлэж байгаа нь ард түмэнд таалагдсангүй бололтой. Ийнхүү олон жилийн жаргалын дараа там мэт өдрүүд үргэлжилж эхэлсэн талаар Египетийн хэвлэлүүд онцолсоор. Түүний эхнэр Сюзанн Мубарак АНУ-ын “Huffington Post” сонинд “Египетийн түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Хосни Мубаракийн эхнэр өөрийн өвөрмөц хэв маяг болон Клинтоны гэр бүлтэй найз” хэмээн олны анхааралд орж байжээ. Их Британи гаралтай Сюзанн Мубарак Каир хот дахь АНУ-ын их сургуулийг дүүргэжээ. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулсныхаа төлөө олон шагнал хүртэж байсан нэгэн. Гэвч нөхөр нь эсрэгээрээ.
Нэгэн цагт Тунисын төрийн эргэлт хийж Засгийн эрхийг атгасан Зин Эль Абидин Бен Али 23 жилийн дараа эх орноосоо дүрвэх ацын шалаанд орсон нэгэн. 1994 оны Тунисын Ерөнхийлөгчийн сонгуулиар ганцаараа нэр дэвшээд Төрийн тэргүүн болсон тэрбээр 2002 онд ч мөн адил бүх нийтийн санал асуулгаар улиран сонгогдсон. Гудамжинд гарсан жагсагчид ажилгүйдэл, авилгын эсрэг эсэргүүцлээ илэрхийлж жагсаал хийсэн. Гурван долоо хоногийн эсэргүүцлийн жагсаалын дараа Бен Али гэр бүлийнхээ хамт улс орноосоо зугтан гарч Саудын Арабт орогнохоор болсон. Өнгөрсөн зургадугаар сард Бен Али ба түүний эхнэр гэм буруутай гэдэг нь нотлогдож, улсын хөрөнгөөс завшсан гэх үндэслэлээр 35 жилийн ял сонссон. Улмаар тэдэнд 65 сая ам.долларын торгуул ногдуулсан. Түүний хамаатан садан гэх 30 гаруй хүнийг эх орноосоо дүрвэн зугтсаны дараа баривчилсан. Түүнийг зугтах үед Швейцарийн дансан дахь хэдэн арван сая ам.долларыг битүүмжилсэн юм. Тэрбээр зугтаах үедээ онгоцондоо 60 сая ам.долларын үнэ бүхий цэвэр 1,5 тонн алт авч явжээ. Тунисын эрх баригчдын зүгээс дээрх алт нь Тунисын өмч гэдгийг олон улсад зарласан удаатай. Эх орноосоо дүрвэсэн 60 саяын алттай сайн эр хаана байгааг одоо хэн ч мэдэхгүй. Учир нь тэрбээр хуурамч бичиг баримттай, зүсээ хувиргасан эр дэлхийн хаана ч байж мэднэ.
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
