Төсөл хэрэгжүүлэлтийн загвар сум болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Төсөл хэрэгжүүлэлтийн загвар сум болжээ

Булган аймгийн Бүрэгхангай суманд хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа-2” төслийг аймгийн Засаг дарга дэмжиж, тус сумыг төсөл хэрэгжүүлэлтийн загвар сумаар сонгосон байна. Учир нь төслийн ажлын явцад орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг зөв оновчтой сонгон авч чадсан, хамгийн гол нь түүнийгээ  үр дүнд хүргэсэн, иргэд айл өрхөд төслийн өгөөж шимийг хүртээсэн, түүний дүнд орон нутгийн нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах нөхцөл бүрдүүлсэн байх зорилго тавьжээ. Энэ 2012  он бол төслийн энэ удаагийн үе шатны үр дүнг тооцох жил болж байна. Тэр үнэлгээнд тус сумынхан “онц” дүн авах боломж бүрдсэн ажээ. Ажил эхэлснээс хойш тус суманд нийт 190 сая төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Энэ талаар Бүрэгхангай сумын засаг дарга Т.Баатар “Төсөл үр дүнгээ өглөө. Үүнийг сумын иргэд, ялангуяа хөдөөгийнхөн маань бахархан ярьж байгаа. Мал сүрэг маань соргог сайхан өвс ургамал бүхий бэлчээртэй, эзэн хүн нь хавь ойрынхонтой булаалцалдалгүй буйр сэлгэх нутагтай, малаа өсгөн үржүүлэх боломжийг өргөтгөлөө. Ийм үр дүнд хүргэхийн тулд сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар төслийн дэмжлэгийг мал аж ахуйн салбарын ямар чиглэлд юу хийхэд зориулж авахыг тодорхойлж, иргэдээрээ хэлэлцүүлэн зөвлөлийн хурлаар шийдвэрлэж байлаа. Мөн төслийн санхүүжилтээр алслагдсан нутагт эвдэрч тоногдсон, усгүй болсон худгийг сэргээн засуулах арга хэмжээ авч, ус нь татарсан бараг бүх гол горхины эхийг хашиж хамгааллаа. Энэ нь мундахгүй хөрөнгө зарсан ажил байсан юм” хэмээжээ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж