Хэнтий аймгийн ахмад багш нарын хоёрдугаар зөвлөгөөн болж, холбоог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, даргаар нь багш Ж.Сүхбаатарыг сонголоо. 2007 онд аймгийн ахмад багш нарын анхдугаар зөвлөгөөнд 97 багш оролцож байсан бол өнөөдрийн зөвлөгөөнд хот, хөдөөгөөс нийт 274 ахмад багш оролцсоны тав нь Монгол Улсын Гавьяат багш, доктор профессор 10 байгааг танилцуулав. Мөн ахмад багш нарт шагналын хур буулаа. Тухайлбал, Төрийн шагнал “Алтан гадас” одонгоор Баянхутаг сумын ахмад багш Л.Батчулуун, Хэрлэн сумын ахмад багш Ж.Сүхбаатар нар шагнуулсан бол Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 26, БСШУЯ-ны Хүндэт жуух бичгээр хоёр, Боловсролын 90 жилийн ойн медалиар 10, Засаг даргын өргөмжлөлөөр 10, Хэнтий аймгийн Хүндэт тэмдгээр 32 ахмад багш шагнуулж, Монголын багш нарын холбооноос ч олон ахмад багшийг “Багшийн гавьяа” одон, “Багшийн алдар” медалиар шагнав. Ахмад багш нарыг ажиллаж байсан сургууль цэцэрлэгтэй нь байнгын холбоотой байлгахын тулд тэдэнд зориулсан өрөө тасалгаа гарагн өгч, хүүхдийн хүмүүжлийн ажилд тэдний хүчийг дайчилж, сургалт явуулах, ном товхмол бичихдээ ахмад багш нартаа хандах, зөвлөлгөөнийг гурван жил тутуамд хийж байхаар багш нар санал гаргасныг боловсролын салбарын удирдлагууд дэмжиж ажил хэрэг болгохоо амлав.
И.Байгалмаа /Хэнтий/