Саяхан зургаан настай охиныхоо анги засварын мөнгө гэж багшид нь 10 мянган төгрөг өгсөн. Цэцэрлэгт явдаг хүүгийнхээ ангийн засварт нь 12 мянган төгрөг өгөх өртэй яваагаа санав. Тухайн үед ажил ихтэй явсан болохоор толгой дохиод өнгөрсөн. Харин энэ удаа хэрэг болгоод энэ сэдэв рүү өнгийж үзлээ. Яагаад гэвэл, хаврын шалгалт, "Хонхны баяр" зэрэгцэж буй энэ үед сургууль, цэцэрлэгийн насны 2-3 хүүхэдтэй айлд багш нарын татаасны мөнгө багагүй хэл, ам тарьж байгааг ойлгов.
"Элдэв шалтгаан тоочсон сурагчдын энэ "татвар" жил бүр өнөөх л хэвээрээ үргэлжилсээр. Харин ч бүр авдаг мөнгөнийх нь тоо сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна" гэж гомдоллох хүн цөөнгүй байна. Энэ тухай зарим хүнээс асууж, сонирхлоо. "Хичээлийн шинэ жил эхлэх үеэр саван, угаалгын нунтаг, самбарын алчуур, номын мөнгө, анги тохижилтын мөнгө гээд хөвөрч өгдөг. Харин хичээлийн жил дуусах үеэр анги засварын мөнгө нэхсэнээр энэ яриа зуны гурван сард түр зуур өндөрлөдөг" гээд захын хүн л ам муутай байна.
Зарим эцэг, "эхчүүдийн ярьж буйгаар "Ангидаа сан" бүрдүүлэх зорилгоор cap бүр 500-1000 төгрөг нэхдэг хүүхдүүд ч бас байдаг. Эцэг, эхчүүд энэ бүхэнд хэчнээн дургүйцсэн ч хүүхдээ бодсондоо "наашаа харж инээж, цаашаа харж уйлах" шахаж байж нэхсэн мөнгийг нь өгөөд явуулдаг гэнэ. Тэдний олонх нь энэ бүхнийг зохицуулдаг хууль, дүрэм байдаг эсэхийг сайн мэддэггүй.
Мөн эцэг, эхчүүдийн халааснаас "хумсалж" буй энэ мөнгийг хэн, юунд зарцуулж байгааг нь хянаж чаддаггүй. Сургуулийн захиргаа болон багш нар нь хийсэн ажлаа эцэг, эхчүүдэд тайлагнадаггүй. Ангийн багш нар нь авахаа л боддог болохоос ажлаа тайлагнаж мэддэггүй" гэж байв.
"Манайх дунд сургуулийн гурван хүүхэдтэй. Cap бүр ангийн хуримтлал гэж 500 төгрөг нэхдэг" гэж нэгэн ээж ярьж байна. Энэ тухай багш нараас бас асууж үзэв. Ганц нэг нэр цохож хэлсэн сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзвал "Бид эцэг, эхчүүдтэй нь зөвлөж байгаад л мөнгө хураадаг. Хураасан мөнгөө ангиа тохижуулахад л зарцуулдаг болохоос хувьдаа идэж, уугаагүй" гээд халгаасангүй. Харин учир мэдэх зарим нь арай өөр зүйлийг хэлж өгөв. Тухайлбал, "Энэ нь тухайн анги, хамт олон ангийнхаа хуримтлалын санг яаж бий болгосноос их шалтгаалдаг. Зарим анги шил, лааз зэрэг гарын доорхи материалыг тушааж, ангийнхаа санг бүрдүүлдэг. Гэтэл ихэнхдээ 1-4 дүгээр ангийн сурагчдын эцэг, эхчүүд хүүхдийнхээ гар, хөлийг бохирдоно, түүнийх нь оронд cap бүр төлөх ёстой мөнгийг нь өгч байя гэдэг. Ер нь зарим туршлагатай багш нар намар хичээл эхлэх үеэр эцэг, эхийн хурлаар ангийн хуримтлалаа яаж байгуулах тухай санал, бодлоо солилцож, тооцоогоо хийж, танилцуулдаг. Харин зарим нь ямар ч тооцоо хийж зөвшилцдөггүйгээс болж, үл ойлголцох явдал гардаг. Уг нь нийслэл, дүүргийн ИТХ-аас сургууль бүрт их засварын болон урсгал засварын жилийн төсөв баталж өгдөг. Зарим сургуульд энэ төсөв мөнгө нь хүрдэггүйгээс сургуулийн захиргаа болон анги удирдсан багш нар нь хүүхдүүдээс анги тохижуулах мөнгө гэж тодорхой хэмжээний төсөв, мөнгө шаарддаг. Зарим нь үүнийг хавтгайруулж, мөнгөний тоо зааж авдаг нь буруу. Хандивын мөнгийг хүн сайн дураараа өгөх ёстой. Өгөхгүй ч байж болно" гэсэн юм.
Энэ бүхний эцэст эцэг, эхчүүдэд энэ талын тодорхой мэдээлэл өгөх зорилгоор дүрэм, журам бас сөхөж үзэв. Гэгээрлийн сайдын 1999 оны 244 дүгээр тушаалд "Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас бүх шатны сургууль, хүүхдийн цэцэрлэгт өгсөн хандив, хуримтлалыг хүлээж аван зарцуулах журам" гэж байдаг аж. Энэ журам одоог хүртэл мөрдөгдөж байгаа гэнэ. Сургуулийн захиргаа уг хандив, хуримтлалыг албан ёсоор хүлээж аван бүртгэлдээ тусгаж, санаачлагчдад баталгаа гаргаж өгдөг юм байна. Улмаар хандивыг төвлөрүүлж зарцуулах зорилгоор "Сургуулийн дэмжих сан"-г байгуулдаг аж. Уг сангийн хөрөнгийг зарцуулах чиглэл нь сургуулийн зөвлөлөөр тогтоогдсон байх ёстой. Харин захиран зарцуулах эзэн нь тухайн сургуулийн сурагчид байх бөгөөд тайланг байгууллагын нягтлан бодогч хариуцдаг. Харин хандивлагчаас тодорхой хамт олон, багшийн нэр дээр хөрөнгө оруулсан бол нэр заасан багш, хамт олонд өгч болно гэсэн бас нэг заалт байна. Тийм болохоор хуримтлалаар бий болсон хөрөнгийн зарцуулалтыг тухайн сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч сургуулийн зөвлөлдөө жилд нэгээс доошгүй удаа тайлагнах ёстой юм байна. Санг хариуцах хүнийг хамт олны саналыг түшиглэн сургуулийн захирал, эрхлэгчийн тушаалаар томилдог аж.
Мөн хандив, хөрөнгийн зарцуулалтад сургуулийн зөвлөл, санаачлагч байгууллага, хамт олны зүгээс хяналт тавьж, цаашид хэрхэн зарцуулах талаар санал дүгнэлт гаргаж, сургуулиас холбогдох арга хэмжээ авахуулахад чиглэгдэнэ гэсэн заалт бас байна.
Тиймээс сургуулийн нэр барьж мөнгө хураасан эсвэл авсан мөнгөнийхөө зарцуулалтыг эцэг, эхчүүдэд тайлагнаагүй, данс тооцоо хөтлөөгүй зарцуулсан бол тухайн багшид торгуулийн арга хэмжээ авахаас гадна тухайн сургуульд нь мэдэгдэж, захиргааны арга хэмжээ авахуулж, нөхөн төлбөр тогтоолгох ёстой юм байна.
"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин