Надад үзэг өгөөч, юм бичье

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Надад үзэг өгөөч, юм бичье

Надад
үзэг өгөөч би юм бичье. Гэхдээ надад “ув” улаан,  “цэв” цэнхэр, “нов”
ногоон, цагаан үзэг хэрэггүй. Сэтгүүлчдийн гол зэвсгийг үзэг хэмээн
ойлгож, Ган үзэгтэн гэх цол өгсөөр бид их удсан. Гэхдээ ийм, тийм цол,
шагнал биш зүгээр л хүссэнээ бичих үзэг хэрэгтэй байна. Одоогоос 20-иод
жилийн тэртээ томоос том, тод улаан өнгийг халж, ямар ч өнгөөр
илэрхийлэгдэмгүй хүссэнээ бичиж болох тийм үзэгний төлөө хүйтэнд жагсч
тэмцсэн. Түүнийхээ хүчинд олоод авчихсан гэж бодож байлаа. Даанч энэ
үзэг жил ирэх тутам томорч жинхэнэ сэтгүүлчдэд даагдахаа больжээ. Өнгө
нь хоёр хуваагдаж тэр гэхийн тэмдэггүй болжээ. Угтаа эрх мэдлийн төлөө
шунах хэзээ ч дуусамгүй энэ шунал нь л ган гэж цоллодог үзгийг
хүндрүүлээд байгаа хэрэг.

Маш хүнд үзгээр хэн юм бичих вэ?
Дөнгөж сургууль төгссөн шинэхэн сэтгүүлч л лав биш. Тэд угаасаа дийлэх ч
үгүй. Тав, зургаа, 10, 20 жилийн дараа ч дийлэхгүй. Учир нь энэ үзэгний
хошуунаас улс төр гэсэн томоос том хар гинж зүүлттэй байдаг учраас.
Гэхдээ чи сэтгүүлч болсон л бол үзгэнд гараа хүргэх боломж олдоно.
Магадгүй аль хэдийнэ өргөөд сурчихсан хөгшин сэтгүүлчдээс чи хэрхэн, яаж
өргөхөө заалгачихна. Чи энэ үзгээр бичээд байх ч шаардлага байхгүй.
Учир нь үзэг дээрээсээ хөдөлдөг болохоор тэр. Нэгэнт ийм үзэгнээс хэний
мэдэлд хэрэгтэй мэдээлэл очих вэ гэдэг нь ойлгомжтой.

Томоос том
үзгийг хэн дийлж чадах вэ? Үзгийг сүлдэндээ залсан Сэтгүүлчдийн эвлэл
дийлэхгүй. Үзэг гэж чухам вэ гэдгийг мэддэг болсон архаг сэтгүүлчдийн
зарим нь л даадаг учиртай. Яагаад гэвэл өөрөө хөдөлж байдаг тэр үзэг
чухам хэнээр бичүүлэхээ сайтар мэддэг хэрэг. Үзэг нь ч мэдэж, сэтгүүлчид
нь ч гадарлаж байгаа болохоор “хүнд”, “хэцүү” сэдвүүд гарахгүй.
Магадгүй сүүлийн хэ­дэн жил баяжиж байгаа сэтгүүлчдийн нууц нь том
үзгийг дааж чаддагтай нь холбоотой байж болох.

Томоос том үзгийн
үзүүр нь ямар вэ? Үзүүр нь мөлгөр. Хурц байх ямар ч боломж байхгүй.
Учир нь тэртээ тэргүй өөрөө хөдөлж байдаг энэхүү үзгэнд хурц үзүүрний
хэрэг байхгүй л дээ. Ардчилал Монголд ирснээс хойш томорч байгаа энэхүү
үзгээр бичсэн зүйлсүүд л “Монголын шилдэг” гэсэн том шагналыг авдаг
болсоор уджээ.

Залуус даах хэмжээний жижиг үзэг байдаггүй хэрэг
үү? Байна аа, байна. Тийм үзэг байна. Гэхдээ шав шар өнгийн, хэтэрхий
хурц гэж жигтэйхэн тийм үзэг байна. Өөрөө хөдөлдөг нь ч, эзэн нь
хөдөлгөдөг нь ч мэдэгдэхгүй тийм үзэг бий. Өнгө нь шар учраас тэр үзгээр
бичсэн зүйлс үнэний шалгуураас хазайж, худлын хайрцганд ордог.
Хэдийгээр сэтгүүлч нь шар өнгөөр бичиж,  үнэн зүйлийг бичсэн гэж
маргалдах ч үүнийг нь тооцолгүйгээр “шүүх” хэмээх айхавтар газар
аваачна. Тиймээс энэ үзэг бидэнд хэрэггүй болж таарч байна.

Жинхэнэ
үзэг хаа байна? Бүү мэд. Энэ үзэгний тухай сүүлийн арав гаруй жил ярьж,
боломж байгааг сануулсан ч үзгийг хайгаад олсонгүй. Нарантуул,
Бөмбөгөр, Скай, Их дэлгүүр. Эдгээр үйлчилгээний төвүүдэд ч алга. АНУ,
Швейцарь гэх улсуудад байгаа гэж дуулддаг ч бид барааг нь ердөө
харсангүй. Жинхэнэ үзэг хэмээн хулхидуулсан дуураймал үзэгнүүдээр бид
зэвсгээ хийн явж байна. Нэгэнт шаардлага хангаагүй зэвсэгтэй цэрэг дайнд
яах вэ? Техникийн шаардлагаас болж ялагдах нь тодорхой. Уг нь бидний
дайсан гэж нэрлэгдэх тэр этгээд “хууль” хэмээх томоос том бамбайтай
юмсан.

Үзэгний эрэлд… Нэг үеэ бодвол жинхэнэ үзгийг
эрэл­хий­­лэгчдийн тоо олон болжээ. Даанч тэдэнд томоос том суудал, эрх
мэдэл хэмээх чамин нь аргагүй пайз л дутаж байна. Хэдийгээр төрийн бус
байгууллагууд нь жинхэнэ үзэг гэж иймэрхүү зүйл байдгийг харуулж байгаа ч
70 жил том улаан үзгээр, 20-иод жил том алаг үзгээр бичсэн “сэтгүүл
зүй” хэмээх тогоонд жинхэнэ үзгээр бичих ур дүйтэй “гар” алга.

Сэтгүүлчид
нэг иймэрхүү үзгээр зэвсэгээ хийн ажил, үүргээ гүйцэтгэж явна. Уг нь
бидэнд сэтгүүл зүйг хэн ахалж, байгууллага нь чухам хэн байх нь
хамаагүй. Сонгуульд улаан нь байна уу, ногоон нь байна уу ялах нь
хамаагүй. Зүгээр л бидэнд чанарын шаардлага хангасан үзэг хэрэгтэй. Өөр
юу ч биш.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж