Ардын намын “тархи гоожиж” байна

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Ардын намын “тархи гоожиж” байна

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар өчигдөр Ардын намаас гарч байгаагаа мэдэгдээд МАХН-д элсэв. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Удвал тэднийг алга дэлгэн угтлаа. Удаа ч үгүй тэд мөр зэрэгцэн суугаад албан тушаалаа хуваарилж, цаашид хэрхэхээ хэлэлцэж эхэлсэн аж. 

Яг энэ үеэр Ардын намын Бага хурлын гуравдугаар хуралдаан ид үргэлжилж байлаа. Тэднийг мөрийн хө­төл­­бөрөө хэлэлцэж, ирэх сонгуулийн амжилтаа зураглаж байх үеэр нь Ч.Улаан нарын гишүүдийн намдаа барьсан бэлэг энэ. Энэ тийм ч гэнэтийн явдал байсангүй. Харин ийм зүйл болохыг мэдэж байсан Ардын намынхны найдвар тасарч, арга нь барагдсан гэвэл үнэнд ойртоно. Болсон явдлыг тоочвол нэг иймэрхүү. Ардын намынхан хөлөндөө, гарандаа ч биш бүр тархиндаа хүнд гэмтэл авав.

Үйл явдал ийн өрнөсний дараа өвчнөө бага дээр нь эмчлүүлэхгүй байж байгаад тархиндаа хүнд гэмтэл авсан Ардын намынхан хямралд орж хоцорсон. Шок, шокдоо нэлээд хүнд хэлбэрийн шоконд орсон. Гэхдээ тэд тэвдэж байгаагаа харуулахыг хүсэхгүй байна. УИХ-ын 2012 оны сонгууль болоход багахан хугацаа үлдэж байхад Ч.Улаан, О.Чулуунбат нарын оюунлаг гишүүдээ МАХН-ын дарга Н.Энхбаярт алдаж байгаа Ардын намынхан тэвдэхгүй, ядахдаа тэвдэж байгаагаа харуулахгүйг хи­чээхгүй гээд ч яах билээ. “Энэ хүмүүс сонголтоо хийж байна” гээд “Явбал яваг” гэсэн өнгө аяс харуулахыг хичээж байгаа ч намдаа элэггүй болсон гишүүдийнхээ бодлыг яаж ийж байгаад урвуулаад байгаа нь үүнийг нотлох биз.

Ч.Улаан гишүүний хувьд одоогийн Ардын намаар овоглон Үндэсний хөгжлийн газрын дарга, Санхүү, эдийн засгийн сайд, Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байсан нэгэн. “Энэ байна” гээд харуулчих олон зүйлийг хийж, намдаа ч тэр хэрээр тусалсан. Харин УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монгол Улсын толгой эдийн засагч, урдаа барьдаг банкир. Түүнийг Ардын намын “тархи” гэхээс өөр юу гэх вэ.

Ардын намын тархи-ны гэмтэл цаашид даам-жирч мэднэ. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар Ц.Даваасүрэн гишүүнийг хөтлөөд явахыг үгүйсгэхгүй. Уг нь тэрбээр “МАХН-д элсдэггүй юм гэхэд намаасаа гараад Хөвсгөлд бие даан нэр дэвшинэ”  гэх. Эрхэм гишүүнд нутгийнхан нь  “Та нутагтаа их зүйл хийсэн. Ардын намаас нэр дэвшиж чадахгүй бол бие дааж нэр дэвш. Таныг дэмжинэ” гэж зөвлөсөн талаар эх сурвалж өгүүлж байна. Хэдийгээр намаасаа гарахгүй гэсэн ч Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг тавьсан Д.Загджав нар ч Ардын намынхныг сандаргаж мэдэхээр байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэр­биш­дагва нарыг булган сүүлтэй байгаасай гэж залбирч, “Тун удахгүй олон гишүүн бидэнтэй нэгдэхээр ирнэ” гэсэн аж. Н.Энхбаярын Ардын намын тархийг шархдуулах ажиллагаа дуусаагүй байгаа бололтой. Ямартай ч дугаар шилжих мөчид МАН-ын Бага хурлаас 12  гишүүнийг  чөлөөлсөн юм.

Т.УРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж