-Одоо байгаа улс төрийн намуудыг татан буулгана гэлээ. Яагаад ингэж мэдэгдсэн юм бэ?
-Өнөөдөр Монголын улс төрийн намууд иргэдээ гишүүнчлэл, дэмжигчдийн холбоо гэсэн нэрийн дор “барьцаалж” байна. Намууд мөн чанараа алдаж бизнесийн бүлэглэл боллоо. Тиймээс одоогийн улс төрийн намуудыг татан буулгаж шинэ улс төрийн хүчинүүдийг бий болгох нь маш чухал байгаа юм.
-Намуудыг татан буулгаж чаддаг юм гэхэд шинээр байгуулагдах намууд юугаараа өөр байх бол?
-Шинээр байгуулагдах улс төрийн намууд хөрөнгөгүй, гишүүнчлэлгүй, хажуудаа залуучдуудын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг бүтцийн байгууллагагүй байх ёстой.
-Манай улсын байгалийн баялагийг гаднынхан цөлмөөд дуусч байна гэж ярьсаар байгаа боловч өөрчлөгдсөн зүйл алга. Та бүхэн үүнийг өөрчлөхийн тулд яах ёстой гэж үзэж байна вэ?
-Байгалийн баялаг бол нийтийн өмч. Тиймээс ашигт малтмалын салбарыг нийтийн өмчит корпорацийн хэлбэрт оруулснаар Монголын нийт иргэд баялагаас хувь хүртээд зогсохгүй, Монгол улс дэлхийн зах зээлтэй холбогдох боломжтой болно.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин