Шинэ гэмтлийн авто машин угаалгын газар машинаа угаалгаж байсан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Д.Сангиас цөөн асуултад хариу авав.
-Энд автомашин угааж байгаа хүмүүсээр байнга үйлчүүлдэг үү?
-Үгүй ээ. Хааяа л угаалдаг. Мөнгө төгрөг тааруу үедээ энд ирдэг юм.
-Таны машиныг хэдэн төгрөгөөр угаадаг юм бэ. Хэр сайн угаадаг бол?
-Би суудлын жижиг тэрэгтэй. Зөвхөн гаднахыг нь угаахад 3000 төгрөг төлдөг. Муу угаадаг. Тэгэхдээ шороонд даруулаад явж байснаас дээр л дээ. Тэрбээр ийн ярьсан юм.
Үйлчилгээ муутай, автозамыг эвдрэлд хүргэх болсон тэдгээр машин угаагчидад арга хэмжээ авдаг эсэх талаар Автозамын газрын Завсар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах инженер С.Түмэндэмбэрэлээс тодрууллаа.
-Автомашин угааж байгаа хүмүүсээс болж автозам маш ихээр эвдэрч байна. Тэдэнд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Одоогийн байдлаар Ард Аюушийн өргөн чөлөө буюу манайхны хэлж заншсанаар Шинэ гэмтлийн хойно хувиараа хөдөлмөр эрхлэгч хүмүүс явган хүний зам дээр машин угааж байгаа. Үүнээс үүдээд шавартай ус зам дагаж урссанаас болж автозамын эвдрэл тэр хавьд маш их үүсч байгаа. Жилээс жилд тэр хүмүүсийг дийлдэггүй юм. Нэг хэсэг үзлэг шалгалт хийхээр түр больчихдог. Тэрхүү автомашин угаадаг хүмүүс Баянгол, Баянзүрх дүүрэгтээ хандаад үйлдвэр үйлчилгээний хэлтсээсээ лиценз маягийн зүйл авчихсан байдаг юм билээ. Машин угааж байгаа хүмүүсээс болж зам дээр шавар шалбааг үүслээ гээд зөндөө гомдол ирдэг. Гомдлын дагуу газар дээр нь очиж үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан. Манайх замын цагдаагийн гэрээт байцаагчтай. Тэдэнд үүрэг даалгавар өгч байцаагчид ч тэр дор нь арга хэмжээ авдаг боловч түр зуурынх байдаг юм.
-Автозам тэдгээр хүмүүсээс болоод эвдрээд байхад дүүргийн үйлчилгээний газар нь үйл ажиллагаагаа явуулах эрх олгоод байгаа нь хууль бус үйлдэл гэсэн үг үү?
-Өнгөрсөн жил лиценз маягийн эрх маш их олгосон байсан. Харин энэ жил эрх олгоогүй байна лээ. Бид тухайн үед очин шалгалт хийхээр түр алга болчихдог. Маргааш нь мөн адил гараад ирдэг. Үүнийг цааш нь уламжлаад Баянгол дүүрэг, Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн газруудад “Дүүргийнхээ хэмжээнд арга хэмжээ аваач” гэж хэлсэн байгаа. Ер нь энэ асуудал ганц манай Автозамын газар хариуцаад яваад байх биш. Нийт зам ашиглаж байгаа хүмүүс, зорчиж байгаа зорчигчид, бид бүхэн хайрлаж баймаар байна. Улаанбаатар хот чинь нэг сая гаруй хүнтэй, 300-400 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Дээрээс нь боловсон хүчин дутмаг. Иймээс ард иргэдийн туслалцаа мөн хайрлах сэтгэлтэй, ухамсартай байж эвдрэл бага гарч гамтай байна шүү дээ. Хувийн эд зүйл болохоор өнгө зүс ороод байдаг. Улсынх болохоор өнгө зүс дарагдаад байдаг. Тиймээс хүн болгон дор дороо ухамсартай байж “Энэ чинь миний юмтай ялгаа юу байх вэ. Бид бүгдийн төсвийн мөнгөнөөс гарч байгаа шүү дээ” гэсэн бодолтой явбал эвдрэл бага үүснэ. Автомашин угааж байгаа 20-иод хүний ар гэрийн эрх ашгийг бодох уу, аль эсвэл тэр замаар явж байгаа олон мянган хүний эрх ашгийг бодох уу гэдэг байгаа юм.
-Жил болгон зам засварын ажил эхэлдэг. Энэ жил хэчнээн километр зам засахаар төлөвлөөд байна вэ?
-Шинээр баригдах 37.34 километр замнаас ашиглалтад орох нь 20.24 километр, өргөтгөл шинэтгэлийн ажлаас 107.3 километрээс энэ жил ашиглалтад орох нь 69.76 километр, 286.2 м гүүрний ажил байгаагаас шинээр барих нь 133 метр, шинэчлэх нь152 метр, энэ жилдээ шинээр ашиглалтад орох нь 102.6 километр, шинэчлэх нь152.8 байх юм.
-Зам засварын ажил хэзээнээс эхлэх вэ?
-Нөхөөсний ажлууд өнөөдрөөс эхлэж байгаа. Мөн цаг агаарын нөхцөл байдлыг харж байна.
-Хэдийд засварын ажил дуусах бол?
-Зам засварын ажил цаг агаарын байдлаас ихээхэн шалтгаалдаг. Хур бороо багатай байвал эрт л дуусна.
Түүнтэй ийн ярилцав. Автомашин угаагчид хөдөлмөрлөж ар гэрээ тэжээж байгааг нь харахад бахарахмаар байгаа ч өөрсдийн эрх ашгийг дэндүү их боддог хэмээн буруутгамаар байна. Авто замаас холхон, шавар шавхай бий болгохооргүй газар, чанартай сайн үйлчилж байвал хэн ч юу ч хэлэхгүй шүү дээ.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин