ЮНИДО-гийн Ерөнхий захирал айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

ЮНИДО-гийн Ерөнхий захирал айлчилна

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла 2012 оны тавдугаар сарын 6-8-нд манай оронд албан ёсоор айлчилна.

Ерөнхий захирал Кандэ К.Юмкеллаг Гадаад харилцааны сайд хүлээн авч уулзаж, экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг ханган, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-гийн хооронд хамтран хэрэгжүүлж байгаа “Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөр” (Integrated programme)-ийн хэрэгжилтийн явц, түүний санхүүжилтийн талаар болон Монгол Улсад хэрэгжүүлж буй бусад төсөл, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн асуудлаар санал солилцоно.

Тэрбээр ЮНИДО-гийн санхүүжилтээр 2011 онд боловсруулж, монголын талд гардуулсан “Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогын үндсэн чиглэл” судалгаанд тусгагдсан зөвлөмжийн талаар ярилцах юм.

Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхахаас гадна  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нартай уулзана.

Кандэ К.Юмкелла манай орны аж үйлдвэрийн салбарын асуудал эрхэлсэн төрийн яамд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаач, оюутнууд, Улаанбаатар хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтнуудад зориулан “Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэх бодлого” сэдвээр ГХЯ-нд лекц уншина.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль Ерөнхий захирал Кандэ К.Юмкелла-д “Хүндэт профессор” цол олгох юм.

Ерөнхий захирлыг дагалдан ЮНИДО-гийн Ерөнхий захирлын Ажлын албаны дарга Паул Масели, Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Эдвард Кларенс-Смит, Ази, Номхон далайн хөтөлбөрийн ажилтан Цэн Ванг  нар ирнэ.

ЮНИДО нь аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг НҮБ-ын системийн хүрээнд зохицуулах үүрэгтэйгээр Ерөнхий Ассамблейн харъяанд 1966 онд байгуулагдсан. 1986 оноос НҮБ-ын төрөлжсөн байгууллага болон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байна. ЮНИДО-д 174 орон гишүүнээр элсээд байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, ЮНИДО-гийн олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж