Д.Тэрбишдагва гишүүний хувьд Ардын намаас гарч байгаагаа мэдэгдээд цаг ч болоогүй байхдаа МАХН-ын дэд дарга болсон юм. Нэг ёсондоо тэрбээр Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр орлох нь. Намын дарга нь ч түүнд олон зүйл захиж байгаа байх. Түүнчлэн МАХН-ын ирэх сонгуулиар амжилт гаргах эсэх нь түүнээс хамаарах бололтой. Нэг намаас нөгөө рүү шилжээд, намын дэд дарга болох нь түүний хувьд нэг өдрийн ажил ажээ.
Улс төрийн хүрээнд “Н.Энхбаярын хүн” гэгддэг Д.Тэрбишдагва гишүүний хувьд энэ талаарх шийдвэрийг аль эрт гаргасан ч “Ардын нам болохгүй байна” гээд гараад явах боломж төдийлөн гараагүй. Харин АТГ-ынхан Н.Энхбаярыг албадан баривчилснаар эрхэм гишүүний МАХН тийш явах замыг засаж өгсөн гэхэд болно. Түүний намаасаа гарч байгаа шалтгаан нь үүгээр дуусахгүй. Тухайлбал, “Уул уурхай болон бусад асуудлын хүрээнд тодорхой шийдвэр гаргахыг Ерөнхий сайдаас удаа дараа хүссэн ч өнөөг хүртэл тодорхой алхам хийгээгүй. Ийм асуудлыг зохицуулах ёстой УИХ дахь намын бүлэг ард түмний төлөөлөл болж байгаа гишүүний тавьсан асуудалд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байна” гэж буй. Тиймээс МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хэрхэн тэмцэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин