-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ажил ямар шатанд явж байна вэ?
-Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох арга хэмжээ эхлээд одоогоор сар гаруй болж байна. Энэ хугацаанд нийт 1000 гаруй иргэн банкинд хүсэлтээ гаргаад байна. Одоогийн байдлаар арилжааны хоёр банк уг хөтөлбөрийн дагуу гэрээ хийж ажиллахаар болсон. Төрийн банкны хувьд хөтөлбөртэй холбоотой бичиг баримт бүрдүүлэх зэрэг бэлтгэл ажлууд дууссан. Мөн иргэдээс өргөдөл хүлээж аваад эхэлчихсэн байгаа. Тус банк одоогоор 50 гаруй иргэнийг зээлд хамруулсан. Өөрөөр хэлбэл, орон сууц нь ашиглалтад орчихвол шууд байрандаа орох боломжтой гэсэн үг. Харин Капитал банк гэрээ байгуулах шатандаа явж байна.
-Энэ онд нийт хэдэн мянган орон сууцыг ашиглалтад оруулах вэ?
-Шинээр барьж буй 50 хувийн гүйцэтгэлтэй байранд иргэд орон сууц авах хүсэлтээ гаргана. Гэхдээ үүнээс доош хувийн гүйцэтгэлтэй байранд орохгүй гэсэн ойлголт биш. Энэ жилийн хувьд нийт 4000 гаруй орон сууцыг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-100 мянган айлын орон сууцны тоог цаашид нэмнэ гэсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэл үнэн үү?
-Улаанбаатар хотод нийт 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган орон сууц тус тус баригдана. Нийт талбайн хэмжээ нь журмын дагуу дээд тал нь 55 метр квадрат гэж заасан байгаа. Талбайн хэмжээ нь хоорондоо адилгүй болохоор магадгүй 200 мянган айлын орон сууцыг барьж байж гэмээнэ энэ төсөл хэрэгжиж дуусна гэсэн үг.
Тэрбээр ийн ярьсан юм. Дээрх хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжилнэ. Хэвлэлээр хөтөлбөртэй холбоотой мэдээллийг өдөр бүр иргэдэд өгч байгаа боловч зарим нэгэн асуудлыг иргэд төдийлөн сайн ойлгохгүй, мэдээлэл хомс байна. Журамд “Тухайн өрхийн сарын орлого 790 мянган төгрөгөөс дээш байна” гэж заасан байгаа. Мөн өрхийн хоёр гишүүн ажилтай байх ёстой. Ихэнх иргэд заавал нийгмийн даатгалаар гол баримт болгох талаар ойлголттой буй. Гэтэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөггүй тэгсэн мөртлөө сарын орлого нь нэг сая төгрөг давдаг иргэд “Би ямар бичиг баримт бүрдүүлж тэр хөтөлбөрт хамрагдаж болох вэ” хэмээж байгаа. Хэрэв иргэн та зах дээр лангуу түрээслэж наймаа хийдэг бол ашиглалтын гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт, бараагаа тээвэрлэсэн гаалийн бичиг, татварын баримт зэргийн хуулбарыг өргөдлийн хамт бүрдүүлж Орон сууц санхүүжилтын корпорацид хүсэлтээ гаргахад болох юм байна. Түүнчлэн хилээр бараа тээвэрлэж, байр түрээслэдэггүй хувиараа ногоо зардаг хүн байлаа гэж бодъё. Тэгвэл ногоогоо бөөндөж авч байгаа хувь хүн, компаниас ямар нэгэн баримт хийлгэж ОССК-д бусад бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд орон сууцтай болох үүд нь нээгдэх гэнэ. Мөн 800 мянган төгрөгийн орлоготой бүх шаардлагыг хангаж байгаа атлаа орон сууцтай болох эсэх дээр эргэлзэж буй хэсэг нь байна. Тэд яагаад ийн тээнэгэлзэх болов. Учир нь арай ядан 800 мянган төгрөг нэг сар зүтгэж олчихоод байрны хүүд ихэнхийг нь тавиад туучихвал бусад хэрэгцээндээ хэрэглэх мөнгө үлдэх болов уу гэсэндээ тэр. Засгийн газраас 50 сая төгрөгт багтааж уг зээлд хамрагдаж болох талаар журамдаа тусгасан. Харин 50 метр квадрат талбайтай байрыг 1450 төгрөгөөр авахад 70 сая төгрөг болно. Үүний 20 сая төгрөгийг иргэн өөрөө төлж, үлдсэн 50 сая төгрөгт нь багтааж сар бүр 358 мянган төгрөгийг банкинд төлнө гэсэн үг. Түүнчлэн өмнө нь ах эгч юм уу ойр дотны хэн нэгэнтэйгээ хамтран байр авахад нэр нь орсон бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж болохгүй гэнэ.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин