”Монголын төр шударга ёс тогтоохын төлөө байна”

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

”Монголын төр шударга ёс тогтоохын төлөө байна”

”Монголын төр шударга ёс тогтоохын төлөө байна”
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Монгол Ардын Намын Бага Хурлын IV хуралдаанд тавьсан улс төрийн илтгэл


Ардын Намын Бага хурлын гишүүд ээ,

Эрхэм журмын нөхөд өө,

Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье,

Улс оронд маань урин цаг ирж, хаваржилт хаа сайгүй сайхан болж байна. Мал төллөж, малчин түмэн маань борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байна. Малын төл, хаврын тариалалтаас жилийн хүнс, намрын ургац хамаардаг учир ард иргэд, малчид тариаланчид их ажлын ид үедээ орлоо. Ардын нам, ардын засгийн газар ч их бүтээн байгуулалтад ид шамдаж ард иргэдээ хөнгөлөлтэй нөхцлөөр орон сууцжуулах, ачаа тээвэр, аялал жуулчлалд аятай нөхцөл бий болгох зорилгоор шинэ төмөр зам, шинэ нисэх буудал барих дорвитой бодлого шийдвэрүүдийг ажил болгон эхлүүлж байна.

Сургуулийн танхим, судалгааны бай­гууллага хаана л бол хаана ажил бүтээл өрнөж хөгжил дэвшилд хөг нэмэрлэж эхэл­лээ. Үүнтэй зэрэгцээд улс төрийн хүрээнд ч  өдөөлттэй, заримдаа бүр хорлонтой, элдэв өнгө төрхтэй үзэгдэл, үйл явц эрчимжиж байна. Энэ нь манай намын дотоод амьдралд ч мэдрэгдэж, ухаалаг хариу үйлдлийг биднээс нэхэх боллоо. Манай нам элдэв сөргөлдөөн зөрчилдөөний үед улс төрийн эвлэрэл зохицлыг эрхэмлэх зарчим баримталдаг ч ардчилал, шинэчлэлийг үргэлжлүүлэх, эв нэгдлээ бусниулахгүй байх, авлигатай тэмцэж түүнээс эрс салах байр сууринаас хэзээ ч ухрахгүй. Энэ хүрээнд эвлэрэл зохицол, эргэж буцах явдал байх ёсгүй гэдгийг энд шуудхан хэлье. Нийгэм, улс төрийн ийм цаг үед манай улсын төрийн эрх барих дээд байгууллага  Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан. УИХ-ын сонгуулийн шинэчилсэн хуулийг холимог тогтолцоотойгоор бо­ловс­руулан баталсан нь сон­гуулийн эрх зүйн шинэ орчныг бүрдүүллээ. Нийслэлийн ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуультай хамт явагдахаар болж байна. Энэ нь бас л шинэ нөхцөл байдлыг үүсгэж байна. Манай нам уугуул нэрээ сэргээн авч, Монгол Ардын Нам хэмээх түүхэн эрхэм нэрээрээ анх удаа сонгуульд оролцох гэж байна.XXVI Их хурлаараа уугуул нэрээ сэргээн авах хамтын шийдвэрээ гаргаж “Монгол Ардын Нам бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл” гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл МАХН хэмээх манай хуучин нэрийг хууль бусаар зээлдсэн шинэ нам байгуулагдаж бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн Монгол Ардын Хувьсгалт Нам гэдэг бол манай Монгол Ардын Намтай ямар ч хамаарал холбоогүй болохыг сонгогч түмэндээ дахин сануулж хэлье. Иргэд, сонгогчид маань үүнийг ялгаж салгаж ойлгон урьдын адил манай намыг талархан дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Манай намын бодлого, үйл ажиллагаа өнгөрсөн 90 гаруй жилийн турш Монголын ард түмэн, Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний үнэт зүйлст ээлтэй, нийцтэй явж ирсэн. Иймээс ч Монголын ард түмэн, Монгол Ардын Нам хоёрын нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Монгол Ардын Намын хошуучлал, манлайллыг манай ард түмний дийлэнх олонхи ямагт хүлээн зөвшөөрч, талархан дэмжигч нь, үр бүтээлтэй хамтран ажиллагч нь байсаар ирсэн. Олон намын тогтолцоотой улс төрийн өнөөгийн орчинд ч энэ хандлага хэвээр байгаад Монгол Ардын Нам, түүний олон мянган гишүүд сэтгэл хангалуун байна. 2008 онд манай нам эх орныхоо эрх ашгийг эрхэмлэж, улс төрийн тогтвортой байдлыг хангах, улс орноо хөгжүүлэх нийтлэг эрхэм зорилгод томоохон намуудын хамтын хүчин чармайлт нэн чухлыг үндэслэж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах саналыг Ардчилсан намд тавьсан билээ. Ардчилсан нам энэ саналыг хүлээж авсан боловч тэр нь ард түмэн, улс орны төлөө үүргээ ухамсарласан жинхэнэ эх оронч шийдэл байгаагүй гэдгийг цаг хугацаа харууллаа. Тэд Засгийн эрхийг эрх ямба гэж ойлгож, хүлээх үүрэг, үүрэх хариуцлага гэж үзээгүйгээ улигт болчимгүй үйлдэл, шийдлээрээ олон түмэнд нотолж өгсөн. Ардчилсан нам засгийн ажилд дэндүү хүнийрхүү хандсаныг иргэд сонгогчид харсан. Тэд Засгийн газраас гарсныхаа дараагаар Монгол Ардын Намыг сонгуульд оролцоход нь улс төрийн таагүй уур амьсгал бий болгохыг оролдож байгааг хэлэх нь зүйтэй. Ийм үед миний бие МАН-ын даргын хувьд “Шударга сонгуулийн төлөөх санаачлага”-ийг улс төрийн бусад намуудад хандаж дэвшүүлснийг Та бүхэн мэднэ. Хавтгайруулж мөнгө амласан сонгууль түүх болон улирах учиртай. Бид улс төрийн намуудыг уриалан гарын үсэг зурсан уриалгынхаа үзэл санаанд үнэнч байгаа. Манай нам Ардчилсан намтай хамтарч байхдаа ч, одоо дангаараа ачааны хүндийг үүрч байхдаа ч ард түмнийхээ өмнө амласан үүргээ биелүүлэхийн төлөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Өмнөх сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж байгаагаа бид сонгогч түмэндээ тайлагнах ёстой.

ЖУРМЫН НӨХӨД ӨӨ,

Өнгөрсөн сонгуульд манай намын хөтөлбөрийг дэмжсэн сонгогчдын олонх нь “өмнө нь амласан зүйлсээ хийсэн үү?” гэсэн нэхэл хатуутай асуултыг та бидэнд тавих бүрэн эрхтэй. Сонгуульд ялсан хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь улс төрийн хоёр намын мөрийн хөтөлбөрийн нийлбэр байлаа. Гэвч шүүмжлэл хүлээх зүйл та бидэнд байгаа ч, хийж бүтээсэн зүйл нь түүнээс хавьгүй их байна. Монгол Ардын Нам ард түмэндээ хэлэх юмтай, хийсэн ажилтай ээлжит сонгуулиа угтаж байна. Юуны өмнө, Улсын Их Хурлын 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө үндсэн зорилтыг эргэн санацгаая. Уг хөтөлбөрийн оршилд “Манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын эрчимтэй хөгжлийн шинэ үе эхэлж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10 хувиас доошгүй болно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 он гэхэд 5 мянган ам.долларт хүрнэ” хэмээн зорилтоо тодорхойлон бичсэн нь бий. Энэ зорилтоо бид хэрэгжүүлж чадлаа.

Бүрэн эрхийн дөрвөн жилийн хоёр нь эдийн засгийн гүнзгий хямралтай байсан ч манай түүхэнд урьд өмнө нь байгаагүй 17.3 хувийн өсөлтөөр 2011 оноо үдлээ. Үүгээрээ Монголын ард түмэн, манай нам бахархах учиртай. Өнөөдөр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 орчим ам доллар болж, 2008 оныхоос бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ оны эцэст уг үзүүлэлт 5000 ам долларт хүрэх боломжтой гэсэн тооцоо байна. Монгол Улс үсрэнгүй хөгжлийн замдаа хөл тавьж эхэлснийг олон улсын судалгааны байгууллагууд, хөгжлөөр тэргүүлэгч орнууд хүлээн зөвшөөрлөө. Эдийн засгийн энэ өсөлтийн үр дүн нь хувь хүнд, нийгмийн амьдралын нэгж салбар бүрт бодитой тусч эхэллээ. Эх орныхоо эрдэс баялгаас Монгол Улсын иргэн бүр хишиг хувь хүртэж, нийгмийн тэгш хувиарлалтын эхлэлийг бид тавьлаа. “Хүний хөгжлийн сан”-гаас  иргэн бүр сар тутам хишиг хүртэж, оюутан бүрт сургалтын төлбөрт 1.0 сая төгрөг олгож, сонгууль хүртэл ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань 1.5 сая төгрөгөө авч дууснаа. 2010, 2011, 2012 онд “Хүний хөгжлийн сан”-гаас нийтдээ 1.8 орчим их наяд төгрөгийг олгож байгаа нь 2008 оны нийт төсвийн хөрөнгө оруулалтаас даруй тав дахин илүү байна.

Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гарсан. Ийнхүү эх орны хишиг эзэндээ очиж, монгол хүн бүр хувьцаа эзэмшигчид болсноор зах зээлийн харилцаанд жинхэнэ оролцогч, хөрөнгийн зах зээлд тоглогч байх нөхцөл, бололцоо бүрдлээ. Энэ бол иргэн хүний эдийн засгийн эрх чөлөөний бодит баталгаа юм. Монгол хүний улс төр, оюун санааны эрх чөлөө ардчилсан хөгжлийн 20 жилийн түүхэнд эдийн засгийн эрх чөлөөгөөр ийнхүү баталгаажиж эхэллээ. Ингэснээр манай иргэд эх орныхоо эзэн байхын жинхэнэ утга бүрдэж байна. Түүхэн энэ боломжийг манай нам ард түмэндээ олгосондоо баяртай байна.

Нийтэд үйлчлэн төрийн албанд зүтгэж буй албан хаагчдын цалинг хоёр дахин нэмж, тэтгэврийн дундажийг 190 мянган төгрөгт хүргэж чадлаа. Малчдын олонхи нь эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдлаа. Нийгмийн хайр халамж хэрэгцээтэй хэсгээ ч бид орхигдуулаагүй. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй хүмүүс халамжийн тэтгэвэр авах эрхтэй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн зорилтод бүлгүүдэд манай нам онцгой анхаарч, хүн амын нийгмийн хамгаалал, халамжийн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг 4,7 дахин нэмэгдүүлж, өнгөрсөн онд нэг их наяд төгрөгт хүргэв. Үүнийг цаашид ч нэмэгдүүлнэ. Дээр дурдсан олон арга хэмжээний дүнд 2008 онд өрхийн сарын дундаж орлого 300 гаруй мянган төгрөг байсан бол одоо бараг 2 дахин нэмэгдэж 600 гаруй мянган төгрөг болоод байна.

Эдгээр тоонуудыг онцолж байгаа нь Монголд хүн бүр, айл өрх бүр баян цатгалан амьдарч байна гэсэн үг биш юм. Өнөөдөр ч гэсэн монголчууд бидний 29.8 хувь ядуурлын түвшинээс доогуур амьдралтай байна. Гэхдээ 2011 онд ядуурал 10-аад хувиар буурч, өмнө нь 10 хүн тутмын 4 нь ядуу байсан бол өнгөрсөн онд 3 болж багассан. Энэ тоо нь сонгуулийн өмнөх хоосон сурталчилгаа биш. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны судалгаагаар нотлогдсон бодитой үзүүлэлт юм. Ядуурал буурсан нь ажилгүйдэл багассантай бас яах аргагүй холбоотой. Манай улсын ажилгүйдлийн түвшин энэ оны эхний байдлаар 7.7 хувь хүртэл буурлаа. Эдийн засгийн өсөлтийг огцом нэмэгдүүлэх замаар олон мянган ажлын байрыг шинээр бий болгож, нийгмийн баялгийг шударга хуваарилах бодлого нь зөв байсны нотолгоо энэ юм. Зүүн төвийн үзэлтэй Монгол Ардын Намын бодлого нь монгол хүнийг дан ганц цалин орлоготой болгох бус үүний зэрэгцээ өрсөлдөх чадвартай, эрүүл, боловсролтой байх боломжийг бүрдүүлэхэд оршино. 2009 оны 10 сарын 29-ны өдөр миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-д хандаж хэлсэн үгэндээ “Монгол хүний сайхан амьдралын төлөө бид ажиллана. Монгол хүн бүр ажилтай, Монгол хүн бүр боловсролтой, Монгол хүн бүр эрүүл байх, Монголын төр иргэндээ ойрхон байх ёстой” гэж хэлсэн. Энэ зорилт биеллээ олж байна. Ийм ч учраас бусдын хэлэлцүүлгийн сэдэв, уриа лоозон болж байгаа юм.

Өнгөрсөн дөрвөн жилд монгол хүний дундаж нас уртаслаа. Хүн амын төрөлт, өсөлт нэмэгдэж байна. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтийн нэг болох эхийн эндэгдэлийн үзүүлэлтээр Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дундаж зэрэглэлд шилжив. Иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл бүрдлээ. “Эрүүл монгол хүүхэд” аяныг эхлүүлж, 18 нас хүртэлх бүх хүүхдийг хамруулж эхэллээ.

Боловсролын салбарт бүх шатыг хамарсан иж бүрэн шинэчлэлийг эхлүүлж, “Боловсролтой хүн-хөгжлийн хөтөч” бодлогыг хэрэгжүүлж ирлээ. Залуучуудын ирээдүйн амьдралын найдвартай хөрөнгө оруулалт болох ёстой дээд боловсрол нь иргэдийн нуруун дээр ашиг өгөөж багатай санхүүгийн дарамт болж хувирах тохиолдол газар авч их дээд сургуулийн тоо аль ч хүний ухаанд оромгүй олширч байсныг бид зогсоож чадлаа. Төрийн өмчийн их, дээд сургуулийн тоог 42-оос 15 болгож, хувийн хэвшлийн их дээд сургуулийн тоог цөөрүүлэн чанаржууллаа. Гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд суралцагчдын тоо 2008 оныхоос 4,4 дахин өслөө. Энэ хугацаанд ДНБ хоёр дахин өссөнтэй харьцуулвал бид өндөр мэргэжлийн боловсон хүчиндээ эдийн засгийн өсөлтөөсөө хоёр дахин давуулж хөрөнгө оруулалт хийсэн байна гэсэн үг юм.

Оюутнууд нийтийн тээврээр зорчих, орон нутагтаа ирэх, очихдоо хөнгөлөлт эдэлж, энэ оноос сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах боллоо. Энэ нь монголчууд бид ирээдүй үедээ, өнөөгийн залуучууддаа ямар их найдвар тавьж байгаа, тэднийхээ боловсролд хэрхэн анхаарч байгаагийн тод илрэл юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн үндсэн сургалтаар сүүлийн 3 жилд 70.000 орчим мэргэжилтэй ажилчдыг бэлтгэлээ. Сургалт, үйлдвэрлэл хоёр хоршиж, суралцагчид үнэлгээтэй ажилд дадлагажих болов.

Ерөнхий боловсролын сургуульд олон улсын Кембрижийн стандартыг нэвтрүүлж, аймгийн төв, хотын сургуулийн 78 хувь, сумын төвийн сургуулийн 38 хувь нь интернэт сүлжээнд холбогдлоо. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүллээ. Дотуур байрны хангамж, нөхцөл сайжирч, түүнд амьдрах сурагчдын тоо өслөө.

Газрын хэвлий дэх баялгийг иргэдийн оюуны баялаг болгоход түлхүү анхаарна гэсэн бидний бодлого ажил хэрэг болж буйг энэхүү тоо баримт өгүүлнэ. Эдийн засаг, нийгмийн хөгжил эрчимжихийн хэрээр үндэсний соёл урлаг, спорт, нийтийн биеийн тамирт ч томоохон дэвшил гарч байна. Монгол хүн анх удаа олимпийн аварга болж, тив, дэлхийн аваргууд, медальтнууд түүний араас цуврах боллоо. Урлаг, соёлын мастерууд маань ч олон улсын дэвжээнд манлайлах болов.

Нийгэм хүмүүнлэгийн салбарт “Гэр бүл улсын үндэс” хөтөлбөрийг санаачлан эхлүүлж, төрөлтийг дэмжиж, “Алдарт эх” одонгийн болзлыг шинэчлэн, мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ. Гэр бүлийн харилцааны үнэт зүйл, ёс зүйг төлөвшүүлэхэд онцгой анхаарч, ясли, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулав.

Манай намын хөтөлбөрийн хоёр дахь том зорилт улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн билээ. Стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Оюу толгой, Таван толгойгоос эхлэн бодитойгоор хэрэгжүүлж эхэлснээр эдийн засгийн бүтцэд үндсэн өөрчлөлт гарч, эдийн засгийн өсөлт үлэмж хурдсав. “Хөгжлийн банк” байгуулж, 800 тэрбум орчим төгрөгийн зээлийн хөрөнгийг бүрдүүлж чадлаа. Энэ нь манай эдийн засгийн цар хүрээ өргөжин тэлж байгаагийн бас нэгэн бодит илрэл юм. Хөрөнгийн зах зээлийг цаашид улам тэлэхийн тулд хөрөнгийн биржийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж эхэллээ.

Ийнхүү манай нам, манай Засгийн газар XXI зууны Монгол орны аж үйлдвэржүүлэлтийн шавыг тавьж, шанг татлаа. “Сайншанд” аж үйдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам”, “Шинэ онгоцны буудал”, “Шинэ бүтээн байгуулалт”, 6 хувийн хүүтэй “100.000 айлын орон сууц” хөтөлбөр зэрэг асар их хөрөнгө оруулалт шаардагдах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа. Үүнийг дагаад зам, барилга, эрчим хүчний салбарт мэдэгдэм өсөлт гарч байна. Хөдөөгийн бүх сум, суурин эрчим хүчний байнгын хангамжтай, орчин үеийн холбоо харилцаатай болж, иргэд мэдээллийн олон эх сурвалжаар хангагдлаа.

Манай нам, түүний гишүүд, дэмжигчид өнгөрсөн зуунд Монгол орноо үйлдвэржүүлэх үйлсэд хүчин зүтгэж, орчин үеийн аж үйлдвэрийн үндсийг тавьсан билээ. Харин эдүгээ XXI зууны шинэ үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх түүхэн үүрэг бас бидэнд ногдож байна.

Аж үйлдвэржүүлэлт алсын зорилго биш өнөөгийн үйл хэрэг, бүтээн байгуулалт хоосон яриа биш бодит ажил болж эхэллээ. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Энэ зорилгоор зээлийн хүүг 12.0-оос 7.0 хувь хүртэл бууруулж, зээлийн дээд хэмжээг 50 саяас 500 сая төгрөгт хүргэж, хугацааг 3 жил байсныг 5 жил болгон сунгаж, эхний жил үндсэн зээлээс чөлөөлдөг болов. Үүний үр дүнд олон жижиг, дунд үйлдвэр сэргэж, айл өрх, иргэдийн амьжиргааг бодитойгоор тэтгэж чадлаа.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн нөлөөгөөр манай ард иргэдийн сэтгэхүй ч шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Хоосон улс төржилтийг ардаа орхиж, хөдөлмөрлөх, ажил үйлчилгээ эрхлэхийг илүүд үзэх ухамсар, сэтгэлгээ бүрэлдлээ. Энэ бол асар том дэвшил. Бодол, сэтгэлгээний энэ их өөрчлөлт бол бүтээн байгуулалтын тусгал нөлөө, бас түүнийг түлхэгч их хүч, хөдөлгүүр билээ. Хэн өөрөө хөдөлмөрлөж, хичээж, зүтгэж байна, түүнийг төр засгаас тусламж, дэмжлэг, нөхцөл боломжоор хангах болно.

Монгол орны эдийн засгийн уламжлалт салбар болох мал, аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, малчид тариаланчдаа тэтгэх манай намын бодлого, зорилт ч амжилттай хэрэгжиж ирлээ. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх суманд мал эмнэлэг, үржлийн тасаг, бүсийн тулгуур найман төвд мал үржүүлэг, биотехнологийн салбарыг шинээр байгуулав. Бүх малыг гурван жил дараалан угаалга, тарилга, туулгад үнэ төлбөргүй хамруулах “Таван эрдэнэ” арга хэмжээг эхлүүлэв. Малчин өрхийг 2009 оноос эхлэн орлогын албан татвараас бүрэн чөлөөлж, үндэсний үйлдвэрт тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгох зэргээр мөнгөн орлогыг нь нэмэгдүүллээ.

Мал дагавал ам тосдоно гэдэг. Махтай, сүүтэй, хоолтой, ундтай байя гэвэл малчдаа бид бүх талаар дэмжих ёстой. Дэмжиж ч ирлээ.

“Атрын III аян”-ыг өрнүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэл жил бүр өсч, буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 орчим хувийг дотоодоосоо хангах болов. Энэ онд эх орны үйлдвэрийн гурилаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрлээ. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2008 оныхтой харьцуулахад 56,8 хувиар өсчээ.

“Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэгчлэн бид дотоод нөөц боломжоо дайчлан ажилласнаар чамлахааргүй амжилтад хүрснийг дээрх тоо баримтууд өгүүлж байна. Мал сүргээ өсгөн эрүүлжүүлж, газар тариалангаа сэргээж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх юм. Манай нам үүнийг стратегийн чухал зорилт хэмээн үзэж ирлээ. Өнгөрсөн жилүүдэд манай малчид, тариаланчид аж ахуй эрхлэх менежмент, зах зээлийн ухаанд суралцаж, шинэ цагийн ухаалаг, тооцоотой үйлдвэрлэгчид болж өсөж байгаа нь сайшаалтай. Эх орныхоо хөнгөн, хүнсний үйлдвэрийг түүхийн эдээр, хүн амаа хүнсээр хангаж, улс орныхоо хөгжил дэвшилд их хувь нэмрээ оруулж байгаа хөдөлмөрч, бүтээлч хөдөөгийн ард иргэд, малчид, тариаланчиддаа гүн талархал илэрхийлье.

Бид уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ эх орныхоо байгаль экологийг хамгаалах зорилтоо умартаагүй. Уг салбарт байгальд ээлтэй технологи ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах шинэ менежмент нэвтрүүлэх, байгалийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн бодлогыг тодорхойлж, дэс дараатай хэрэгжүүлж ирлээ. Мөн нийт газар нутгийнхаа 16,0 хувь буюу 25,6 сая га талбайг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрууллаа.

Байгаль хамгаалах “Иргэдийн нөхөрлөл”, иргэний хөдөлгөөнийхөн болон эх орон, газар шороо, нутаг усаа гэсэн ард түмний оролцоо, зүтгэл, тэмцэлд түшиглэж, эх байгаль, экологийн орчныг сүйтгэх аюулыг хязгаарлан зогсоохоор уйгагүй ажиллаж байна. Ахиц ч гарлаа. Гэхдээ хийх ажил их байна.

Ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрлийг эмхэлж, цэгцлэх ажлыг эрчимжүүлсний үр дүнд 2005 онд манай улсын нийт нутаг дэвсгэрийн 44.5 хувь нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд хамрагдаж байсан бол 2009 онд 25.2, 2010 онд 16, 2011 онд 14.6 хувь болж буурлаа.. Ашигт малтмалын нийт тусгай зөвшөөрлийн тоо 4 жилийн өмнө 7000 гаруй байсан бол эдүгээ 4000 хүрэхгүй болж, бараг 2 дахин багасчээ. Эдийн засаг, нийгмийн цаашдын хөгжлийг бүхэлд нь ногоон хөгжлийн бодлогод чиглүүлж, захируулан хөгжүүлэх нь Ардын нам, Ардын засгийн гол стратеги байх болно гэдгийг онцлон тэмдэглье.

Манай хөтөлбөрийн гурав дахь үндсэн хэсэг бол засаглалыг хөгжүүлэх, бэхжүүлэхтэй холбоотой цогц зорилт байсан.

Дээр дурдсан нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлж, төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангахын зэрэгцээгээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэх талаар чармайн ажиллаж, чамлахааргүй үр дүнд хүрлээ.

Батлан хамгаалах, энхийг сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад харилцааг хөгжүүлэх салбарт мэдэгдэм ахиц гарч, Монгол Улсын нэр хүнд өсч ирлээ. Монгол цэрэг дэлхийн халуун бүсүүдэд алба хааж, энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж, алдар нэрээ дуурсгаж байна. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийг даргалах болсон нь манай орны ардчилсан хөгжлийн амжилт, ололтыг дэлхий нийт хүлээн зөвшөөрч буйн бодит нотолгоо мөн.

Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгогч түмэндээ амалсан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллахдаа “Ам алдвал барьж болдоггүй” гэсэн ардынхаа андгайг сахиж, улс төрийн өндөр үүрэг хариуцлагыг өөртөө тавьж зүтгэснээрээ дээр дурьдсан эерэг үр дүн, нааштай чиг хандлагуудыг гаргаж чадлаа. Монгол хүн монголдоо сайхан амьдрах итгэл найдвар, өөдрөг төсөөлөлтэй болж байна. Үүнийг монголчуудын гадагшлах хөдөлгөөн саарч, зөгий үүрэндээ цуглах мэт эх орноо зорин наашлах иргэдийн цуваа гэрчилж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж амжуулсан ажил төрөл, амжилт, ололтоо нэгтгэн дүгнэж тайлагнах цаг үетэй зэрэгцээд өнөө жилийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө сонгогч түмэндээ өргөн барьж танилцуулах хариуцлагатай мөч бидний өмнө тулж ирлээ. Давааны цаана даваа, үүрэг хариуцлагын цаана шинэ үүрэг хариуцлага тосч байдагийг 90 гаруй жилийн түүхтэй манай нам түүхэн туршлагаасаа мэднэ.

Та бид “Ард түмнээ сонсъё” аяныг өрнүүлж гишүүд дэмжигчдийнхээ дунд урт хугацааны хөгжлийн асуудлаар өргөн хэлэлцүүлэг явуулсан. Монгол Ардын Нам XXVI Их хурлынхаа шийдвэрийн дагуу “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж, Бага хурлынхаа III хуралдаанаар сайтар хэлэлцэж баталсан. Одоо бидний дэвшүүлж буй сонгуульд оролцох хөтөлбөрийг тухайн баримт бичигт тулгуурлан боловсруулсан гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа.

АРДЫН НАМЫН ЖУРМЫН НӨХӨД ӨӨ,

МАН-аас УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн гол зорилтуудыг тоймлон танилцуулъя.

Энэхүү хөтөлбөрийг боловс­руулахдаа бид ард иргэдээ сайтар сонссон. Ард түмэн биднээс юуг хүсэмжлээд байна вэ?

-Тогтвортой хөгжил, ажлын байр, тогтмол цалин орлого, аятай тухтай орон гэртэй болох нөхцөл,

-Бохирдоогүй байгаль, байгалийн баялгаас хүртэх тэгш боломж,

-Эдийн засгийн эрчимтэй хөгжил, хүнийг хөгжүүлсэн түүнд хүрсэн эдийн засгийн өсөлт,

-Иргэндээ ойрхон, авлига, хүнд суртлаас ангид, нээлттэй шударга засаглал бүхий төр зэрэг дөрвөн багц шаардлагыг чухалчлан тавьж байна.

Ард түмнийхээ энэ захиалгыг цаашид хэрэгжүүлэн биелүүлэх, мөрийн хөтөлбөрийн төслөө бид боловсрууллаа.

Маш товчоор томъёолох юм бол бид хүндээ, байгальдаа ээлтэй ногоон эдийн засагтай, тэрхүү эдийн засаг нь эрчимтэй хөгжсөн, нээлттэй засаглалтай ирээдүйг бүтээмээр байгаа юм. Бид хөгжлийн Монгол загварыг бий болгох боломжтой гэж үзэж байгаа. Сингапур, БНСУ, Чилийн загвар сонирхолтой. Гэхдээ Монгол алинтай нь ч адилгүй өвөрмөц. Тэгэхээр бид өөрийн соёл, уламжлал, үнэт зүйлс, байгаль, цаг уур, эдийн засгийн өвөрмөц нөхцөл, суурь өгөгдөхүүнүүддээ тулгуурласан Монгол хөгжлийн загварыг боловсруулах ёстой. Ногоон хөгжлийн загвар бидэнд тохирох загвар гэж бодож байна. Хөгжиж буй орон хөгжлийнхөө гараан дээр шууд ногоон загварыг сонгож байсан тохиолдол бараг үгүй. Энэ утгаараа уг загвар нь Монголын хөгжлийн өвөрмөц загвар байх болно. Ийм загвар нь манай намаас санаачилагдах нь ч зүйн хэрэг юм. Учир нь тэнгэрлэг иргэд нь амгалан жаргасан, тэнүүн тал нь цэцгэнд умбасан, хүн байгалийн төгс зохирол бүрдсэн, хүндээ ч, байгальдаа ч ижил шударга хөгжлийн замнал нь манай зүүн төвийн социал демократ үзэл бодолтой яв цав нийцэж байгаа юм. Гэхдээ энэ үзэл баримтлал нь тэгш боломж, шударга хувиарлалтад тулгуурласан харьцангуй чинээлэг дундаж давхарга нийгэмд зонхилох хэсгийг бүрдүүлэх манай хөгжлийн уламжлалт бодлогыг ургашлуулан хөгжүүлж боловсронгуй болгож байгаа юм.

Манай намаас сонгуульд оролцохоор дэвшүүлж буй энэ хөтөлбөр маань үндсэндээ 4 гол хэсгээс бүрдэж байна. Төслийн хэсэг бүрийн агуулгын талаар товч дурьдая.

Нэг. Хүний төлөөх нийгмийн бодлого бол манай намын уг чанараас урган гарч буй эн тэргүүний зорилт юм.

Хүн бол хөгжлийн хөдөлгөгч хүч мөн. Ийм ч учраас Монгол Ардын Нам хүний төлөө гэсэн үзэл санааг чанд баримтлан ажиллаж, монгол хүнийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл, ажилтай, орлоготой, дэлхийн түвшний оюунлаг боловсролтой болгохыг эрмэлзэн ажиллана. Бид иргэдээ гэмт хэрэггүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна.

Энэ зорилт нь манай намын хүн төвтэй, зүүн төвч нийгмийн ардчиллын үзэл баримтлалд ч нийцэж байгаа юм.

Манай нам нийгмийн чинээлэг дунд давхаргыг төлөвшүүлэхэд чиглэсэн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн монгол хүний бодит орлогын өсөлтийг хангана. Монгол хүн ажилтай, албатай болсон л бол цалин хөлс нь нэр төдий биш байх ёстой. Харин ар гэр, аж амьдралаа авч явахад нь хүрэлцэхүйц байх ёстой. Тийм учраас монгол хүний сарын дундаж цалинг 1.3 сая төгрөгт хүргэхийн төлөө Монгол Ардын нам зүтгэх болно. Тэгэх тохиолдолд ардын цалин амьжиргаандаа хүрэлцдэг болно. Тэр цагт Монгол хүн цалингаараа, Монголдоо сэтгэл хангалуун сайхан амьдардаг болно.

Иргэдийн орон сууцны хангамж, нөхцлийг сайжруулж, эрүүл тайван орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “200 мянган айл” орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ залуу гэр бүлд зориулсан 20-40 м.кв талбай бүхий орон сууцуудыг барих тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ нь бидний өмнөх амлалтууд шиг гарцаагүй ажил хэрэг болно.

Амьжиргаагаа дээшлүүлэх, амьдралаа өөд татахын төлөө санаачилгатайгаар зүтгэж буй өрх, иргэн бүрийг бид түшиж тулж дэмжинэ. Тухайлбал, өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 10 мянгаас доошгүй айл, өрхийг малжуулж, 40 мянгаас доошгүй айл өрхөд хувийн аж ахуй эрхлэх, хоршоо нөхөрлөл байгуулахад нь зориулж, бага хүүтэй 5 саяас доошгүй төгрөгийн зээл олгох болно.

Манай нам хавтгайрсан халамжийг хална. Харин нийгмийн зорилтот бүлэгт төрийн хайр, халамж нэн шаардлагатай байгаа хэсэгтээ “Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгох 21.000 төгрөгийг 18 хүртэлх насны хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэддээ үргэлжлүүлэн олгох болно.

Өрхийн амьжиргааны эх үүсвэр болсон жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих талаар бид дорвитой алхам хийнэ. Тухайлбал, “Ирээдүйн тэтгэврийн сан” байгуулж, тэтгэврийн дундаж хэмжээг 3 дахин нэмэгдүүлэхээр хөтөлбөрийн төсөлд тусгалаа.

Боловсролын салбарыг хөг­жүүлэхдээ Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийг амжилттай төгсөгчид дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад шууд элсэн ордог чадвартай болгох тогтолцоог бүрдүүлнэ. Сурлагатай хүүхэд шилдэг сургуулийн шалгалт шүүлгийг саадгүй өгөн уригддаг болох сайн өдрийг бид авчирна.

Төрийн зохицуулалттай эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх, хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэн, амьдралын чанарыг сайжруулж, дундаж насыг уртасгахад эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын хөгжлийн бодлогыг чиглүүлнэ. Энэ тухай хөтөлбөрт тодорхой орууллаа.

Хоёр. Байгальдаа ээлтэй хөгжил, хүндээ таатай орчинг бүрдүүлэх нь бидний хоёр дахь багц зорилт юм.

Байгаль орчны асуудал манай Ардын намын бодлогын төвд байсаар ирсэн. Харин одоо төвд төдийгүй тэргүүлэх эгнээний асуудал байх болно. Учир нь дээр дурдсанчлан Монгол Улсын хөгжил бидний хөтөлбөрийн дагуу бүхэлдээ ногоон, байгальд ээлтэй хэлбэрээр өрнөнө. Үүний дагуу аливаа бодлого, арга хэмжээ аль салбарт байгаагаасаа үл хамааран батлагдах, хэрэгжихийн өмнө ногоон шалгуур босгыг заавал давдаг байх ёстой юм.

Өнөөгийн дэлхийн нийтийн хэмжээнд тогтвортой хөгжлийн шинэ загвар, шинэ зам гэж яригдаад байгаа ”ногоон хөгжил”, “ногоон эдийн засаг”-ийн бодлого нь үнэн хэрэгтээ Монголчуудын өнөөг хүртэл мөрдөж ирсэн хүн-байгалийн зохистой харьцааны тухай  тэр л ойлголт, тэр л арга зам юм. Харамсалтай нь Монголчууд байгальтайгаа харьцаж ирсэн, байгалийн баялагийг зохистой хүртэж ирсэн энэхүү үнэт уламжлалаа сүүлийн үед алдаж, байгалийн нөөц, баялагаа хайр гамгүй ашиглаж, гашуун туршлагыг багагүй хуримтлуулжээ. Өнөөдөр энэ байдлаа ойлгож, арга хэмжээ авахад оройтоогүй байна. Энэ нь юуны өмнө улс орныхоо нийгмийн болон эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилтыг  хэрэгжүүлэхийн тулд байгаль орчны талаар баримтлах бодлого, чиглэлээ эргэн харах, шинэлэг байдлаар хандах шаардлагатай болж буйг харуулж байна. Нөгөө талаар, монголчуудын байгальтайгаа харьцаж, хайрлан хамгаалж, байгалийн хишгийг хямгатай, зохистой ашиглаж ирсэн заншил, сайхан уламжлалыг сэргээж хэвшүүлэх талаар анхаарах хэрэгтэй боллоо.

Гэхдээ ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ байгальтайгаа харь­цаж ирсэн бидний баялаг уламж­лалыг сэргээж мөрдөхийн зэрэгцээ шинээр хийвэл зохих  ажил, авах арга хэмжээ олон байгаа нь бас тодорхой. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, бодлого гэдэгт бид байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үйлдвэрлэл, хэрэглээ, ахуйн бүхий л түвшинд нь цогцоор авч хэрэгжүүлэх явдал гэж ойлгож болно. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсэнээр улс орны эдийн засгийн өсөлт хангагдаж, улмаар ард иргэдийн ахуй амьдрал, амьжиргаа дээшлэх баталгаа хангагдах болно.  Өөрөөр хэлбэл, ногоон хөгжлийн бодлого нь зөвхөн байгаль орчны салбарын байгууллагуудын үүрэг бус, харин нийгмийн бүхий л салаа салбар хамрагдах, улмаар улс орны ирээдүйн тогтвортой хөгжлийн тухай асуудал болох нь харагдаж байна.

Ногоон хөгжлийн үзэл баримт­лалын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд тавигдах үндсэн шаардлага, стан­дарт, шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулж мөрдүүлэх бодлогоо хэрэгжүүлэх нэг чухал үндэслэл байх болно. Энд эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, салбарын яам, орон нутгийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, нийт ард иргэдийн оролцоог хангах нь нэн чухал.

Байгаль орчныг бохирдуулагч нь төлдөг, байгалийн баялагийг ашиглагч нь хамгаалдаг, нөхөн сэргээдэг зарчмыг баримтлах, байгаль орчныг бохирдуулсаны нөхөн төлбөр, экологийн татвар, хяналтын тогтолцоог бүрдүүлэх талаар авах арга хэмжээг үр дүнтэй явуулах шаардлагатай. Ялангуяа уул уурхай, эрчим хүч, зам тээврийн байгууллагуудын  байгаль орчны унаган төрхийг сэргээх, хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авна.

Мөн, байгаль орчны талаар үлгэр жишээ үйл ажиллагаа явуулдаг, байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлсэн, хуучин технологио шинэчилсэн компаниудад тодорхой дэмжлэг туслалцаа, хөнгөлөлт үзүүлэх талаар ч анхаарах нь зүйтэй. Ер нь байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд хөхиүлэн дэмжих, урамшуулах механизмыг өргөн хэрэглэнэ.

Ногоон хөгжлийн үзэл баримт­лал, бодлого амжилттай хэрэгжсэнээр байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах боломж бүрднэ. Мөн экологийн тэнцвэрт байдал хадгална. Улмаар улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт баталгаажина. Үүний үр өгөөжийг нийт ард иргэд хүртэж, ажлын байр нэмэгдэн, иргэдийн орлого, амьжиргааны түвшин, чанар дээшлэн нийгмийн хөгжлийн шат ахих болно.

Гурав. Иргэн бүртээ өгөөжтэй эдийн засгийн өсөлтийн бодлого бол бидний гурав дахь багц зорилт юм.

Шинэ техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нь Ардын нам, Ардын засгийн эрхэм зорилго байх болно.

Ирэх дөрвөн жил ирмүүн бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Бид ямар үр дүнд хүрэх вэ? Оюутолгойн зэсийн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, улмаар цэвэр зэсийн үйлдвэр байгуулна.

Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд байлгаж, үр ашгийг нь шударга хуваарилна.

V дулааны цахилгаан станцын эхний ээлж, говийн бүсийн цахилгаан станцыг байгуулж, төвийн эрчим хүчний системд холбоно.

Газрын тос боловсруулах гурван үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ монгол бензин, монгол цемент, монгол зэс, монгол арматур, монгол тос зэрэг стратегийн олон бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангах томоохон зорилт дэвшүүлж байна.

Ирэх дөрвөн жилд нийтдээ 10.000 үйлдвэр шинээр барьж, “200.000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Нийслэл хот болон аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбож бүрэн дуусгана. Мөн бүх аймаг сумыг шилэн кабель, өргөн зурвасын интернет сүлжээгээр холбоно.

Зүүн болон говийн бүсийг төмөр замаар холбож, далайд гарах төмөр замын шинэ гарцыг нээнэ. Олон улсын шинэ нисэх буудлыг барьж, түүнийг дагасан хот байгуулалт, дэд бүтцийг бий болгоно.

Гадаад худалдааны нийт эргэлтийг өнөөгийнхөөс дөрөв дахин нэмэгдүүлнэ. Гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэнэ.

Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олсон ололтоо бататгаж, малчид, тариаланчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Мал­чиддаа ноолуур, ноос тушаалтад өгсөний нэгэн адил мах, сүүний нийлүүлэлтэд ч урамшуулал өгөх болно. Ноолуурын үндэсний нэгдэл, арьс ширний боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

Сум бүрт хоршоо байгуулахыг дэмжихийн зэрэгцээ төв суурингийн ойролцоо 500 хүртэл фермерийн аж ахуй байгуулахад тусална. Энэ бүхний үр дүнд хөдөө орон нутгийн дүр төрх шинэчлэгдэнэ.

Манай орны хүн амын бараг талаас илүү хувь нь амьдран суудаг нийслэл хотынхоо нүүр царайг шинэчлэн өөрчлөх нь бидний зорилго байх болно.

Нүүрснээс шингэн түлш, хийн бүтээгдэхүүн гаргах төслийг хэрэгжүүлэн Улаанбаатарын утааны асуудлыг шийдвэрлэх болно. Хотын авто замын сүлжээг өргөтгөн хатуу хучилттай замыг 50 хувиар нэмэгдүүлж, 4-өөс доошгүй уулзварт давхар зам тавьж, Баянзүрх, Нарны зам, Нарантуул, Яармагын 2 дахь хос гүүрийг барьж ашиглалтанд оруулах болно. Улаанбаатар хотын нягтаршлыг сийрэгжүүлэх зорилгоор Багануурт “Мэдлэгийн буюу оюутны хотхон” байгуулна. Хотын төвийн дахин төлөвлөлтийн хүрээнд автобусны тусгай зам, метро, төмөр замын тойруу чиглэлийг барьж эхэлнэ.

Уул уурхайн орлогоос “Үндэсний баялгийн сан” байгуулж, ирээдүйдээ зориулсан хуримтлал бүрдүүлнэ.

Иргэдэд нийгмийн баялгаас хүртэх тэгш боломжийг хангахын зэрэгцээ шударга хуваарилах механизмыг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч хэрэгжүүлнэ. “Олигарх”-ын гэх тодотголтой компанийн засаглалын тогтолцооноос олон нийтийн өмчлөлд тулгуурласан компанийн засаглалд шилжихийг бүх талаар дэмжихээ дахин илэрхийлье. Энэ зорилгоор төрийн өмчийн томоохон компаниудыг нээлттэй, хувьцаа нь хөрөнгийн зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг нийтийн компани болгох арга хэмжээ авна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлснээр манай улсад олборлох, боловсруулах аж үйлдвэр зохистой хосолсон, дэд бүтцийн сүлжээ өргөн уудам нутагт тархан хөгжсөн, мал аж ахуй, газар тариалан дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болсон, орон сууц, барилга, хот байгуулалт өргөжиж, ард иргэд оршин суух таатай орчин бүрдсэн эрчимтэй, тогтвортой өсөлт бүхий өөрийгөө нөхөх чадавхитай, олон тулгуурт эдийн засгийн бүтэц бүрэлдэх юм.

Дөрөв. Иргэддээ ээлтэй, шударга хариуцлагатай, цэвэр тунгалаг, ил тод төр засгийн тогтолцоог гүйцэд төлөвшүүлэх нь бидний дөрөв дэхь гол цогц зорилт юм. 

Үндсэн хуулиа төгөлдөршүүлэх замаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалттай, иргэдийн хяналттай, харилцан шүтэлцээтэй, хариуцлагын иж бүрэн тогтолцоог цогцоор нь төлөвшүүлнэ.

Ардчиллыг гутааж, төрийг сульдааж буй авлига хэмээх хүсэшгүй хорт үзэгдлийг үндсээр нь таслах цогц арга хэмжээ авч, үндэсний шударга ёсны үнэлэмж, тогтолцоог бүрдүүлэхийг Ардын нам журамт үүргээ гэж үзэж байна. Авлигыг бид ялах ёстой. Эс тэгвээс авлига улс үндэстнийг минь мөхөөнө.

Улс төр, бизнес, дээд эрх мэдэлтний нөлөөнөөс бүрэн ангид, зөвд зөөлөн, бурууд хатуу, жинхэнэ бие даасан ил тод, шударга шүүх эрх мэдлийн төлөөх шинэчлэлийг бүх талаар дэмжинэ.

Иргэний эрхийг баталгаажуулсан, төрийн үүргийг чангатгасан эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. Нийгэмд сахилга, хариуцлага, дэг журам, хууль ёс хэрэгждэг зуршил тогтоож, ард иргэдийнхээ амар тайван амьдрах орчин нөхцлийг улам баталгаажуулна.

Төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн мэдэлд шилжүүлнэ. Төрийн албыг иргэншүүлнэ. Төр, нийгмийн удирдах хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо, иргэдийн дуу хоолой, мэргэжилтний зөвлөмжийг чухалчилна. Шийдвэр гаргахдаа бид шинжлэх ухаанчаар хандана.

Төвч шударга, чин үнэнч, чадварлаг, мэргэшсэн албан хаагчаа төр хамгаална, халамжилах ёстой. Итгэл хүлээлгэх ёстой. Авлигад өртсөн, албан тушаалдаа эрдсэн, ашиг сонирхолын зөрчилтэй, сэтгэлгүй, чадваргүй, ёс зүйгүй хэн бүхнээс төрийн албыг хамгаална. Улс төрийн нөлөөнөөс ангид, мерит зарчимд суурилсан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй, стандарчилагдасан төрийн албаны шинэ тогтолцоог бүрдүүлэх тодорхой арга замыг бид хөтөлбөртөө тусгасан. Үүнийгээ бид хэрэгжүүлнэ.

Төвлөрлийг сааруулж, өмчийн болон төсвийн эрхийг нь өргөтгөх замаар, татварын оновчтой бодлогоор орон нутгийн хөгжлийг дэмжинэ.

Улсын хил хамгаалалт, батлан хамгаалах тогтолцоо, энхийг сахиулах зэвсэгт хүчний хөгжлийг бүх талаар дэмжиж, иргэдийнхээ эх оронч үзэл ухамсрыг бадрааж, үндэсний аюулгүй байдал, улсынхаа бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх дотоод, гадаад бодлогын зорилтууд тусгаар тогтнолоо туг шүтээнээ болгосон манай намын хөтөлбөрт маш тодорхой тусгагдсан.

Журмын эрхэм нөхөд өө,

Манай намаас 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй хөтөлбөр бол хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалт биш. Харин ард иргэдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, хэрэгжих бүрэн бололцоотой, тооцоо судалгаан дээр үндэслэгдэж хийгдсэн үзэл баримтлал юм.

Энэ хөтөлбөрөө Бага хурлын эл хуралдаанаар хэлэлцэн баталж, хуулийн дагуу маргааш Монгол Улсын Аудитын ерөнхий газарт хүргүүлнэ.

Тэнд хянагдаад, ямар нэгэн засвар оруулах шаардлага гарвал уг засварыг оруулах эрхийг Бага хурлын тус хуралдаанаас намын Удирдах зөвлөлд олгох тогтоол гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Та бидний өнөөдрийн хэлэлцэж батлах мөрийн хөтөлбөр бол ард түмний дэмжлэгийг авах бодлого, зорилт, үзэл санаа юм. Бас ард түмний амьдралаас урган гарсан асуудлыг шийдвэрлэх гарц юм.

Энэ хөтөлбөр бол ард түмний амьдралыг тэтгэх, улс орны хөгжлийг эрчимжүүлэх хөтөлбөр юм. Манай Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг, анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” гэж онож хэлсэн. Манай мөрийн хөтөлбөр энэ үзэл санаатай бүрнээ нийцнэ. Иймд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө их жанжин Д.Сүхбаатарынхаа захисанчилан “Эв саналаа нэгтгэн нэгэн зүгт зориглон зүтгэцгээе”

Манай намын мөрийн хөтөлбөр “иргэнд илүү боломж, нийгэмд шударга ёс” тогтоох үйлст чанарын өөрчлөлт авчирах болно.

Бидний дэвшүүлсэн хөтөлбөр ард түмний итгэл, дэмжлэгийг авч, Монгол Улс маань хөгжин цэцэглэх болтугай.

2012 оны 05 дугаар сарын 01.
Тусгаар тогтнолын ордон
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж