Хүлэмжийн хий дэлхийг хөшиг мэт бүрхэн хучих болсны гол буруутан нь хүний буруутай үйл ажиллагаа юм. Бид бүхний амьсгалж буй агаар мандалд агуулагддаг нүүрстөрөгчийн давхар ислийн бодисууд нарны гэрлийг буцааж ойлголгүй халууныг хэрхэн үүсгэдэгийг, дэлхийн дулаарал юунаас үүсч байгааг хүн төрөлхтөн сүүлийн 200 жилийн турш судлаж байна.
Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Монгол орны 683 гол мөрөн, 1,484 гаруй булаг шанд, 760 нуур ширгэсэн ба нийт гол мөрөн, нуур цөөрмийн 70 гаруй хувь нь ширгэж үгүй болоод байна.Мөн 1998 оноос хойш Улаанбаатар хотын агаарын бохирдол жил бүр асар хурдацтай өсч, агаарын бохирдлын 70% нь түүхий нүүрс хэрэглэснээс үүдэн гарах гарах боллоо. Утаанаас үүдэлтэй зүрх судасны болон амьсгалын замын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр Монгол улсын нэг өрх айл жилд дунджаар 500 ам долларыг амьсгалын замын өвчлөлд зарцуулдаг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2010 оны судалгаагаар тогтоожээ. Энэ бол нүүрсхүчлийн давхар исэл хэт их өссөнтэй холбоотойгоор бидний амьдралд үзүүлж буй сөрөг нөлөөлөл юм.
Дэлхий дахинд нүүрлээд буй эдгээр аюултай тэмцэхийн тулд НҮБ-аас Киотогийн протоколыг 1997 онд санаачлан баталсан бөгөөд Киотогийн протоколын дагуу нүүрсхүчлийн хий хэмээх нүдэнд үл үзэгдэж гарт үл баригдах зүйлийг Хүлэмжийн хийн олон улсын зах зээлд арилжаалж, улс хооронд худалдаалах болжээ. Монгол Улс НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцид 1993 онд нэгдэн орж, 1999 оны 12 сарын 15-нд Киотогийн Протоколыг баталгаажуулснаар ЦХМ-ыг /Цэвэр Хөгжлийн Механизм/ ашиглах, цаашлаад энэхүү зах зээлд өрсөлдөх боломжтой болсон юм. Киотогийн протоколын дагуу Монгол улс хүлэмжийн хийг бууруулах талаар ямар нэг тоон үүрэг хүлээгээгүй ч Улаанбаатар хотын хорт утаа олон улсын дундаж хэмжээнээс хэт өндөр түвшинд хүрсэн тул утаа болон хорт хийг бууруулах бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай боллоо.
ХасБанк 2009 оноос эхлэн байгаль орчинд ээлтэй олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд НҮБ-ийн Цэвэр Хөгжлийн Механизмд бүртгүүлж хүлэмжийн хийг тодорхой түвшинд бууруулах, бууруулсан тоон үзүүлэлтэд үндэслэн хүлэмжийн хийг бууруулсан төлбөр хүлээн авах аргачлалыг боловсруулж, түүнийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байна. Түүнчлэн Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн Эрүүл ашгийг дээдэлсэн эрхэм зорилгынхоо хүрээнд Mонголын Мянганы Сорилын Сантай хамтран Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй Эко бүтээгдэхүүнийг иргэдэд түгээж, хүлэмжийн хийг тодорхой түвшинд бууруулах алхмуудыг хийж эхэллээ. Үүний зэрэгцээ 2010 оноос АНУ-д төвтэй Майкро Энержи Кредитс компаниар зуучлуулан хүлэмжийн хийг бууруулах бүтээгдэхүүнийг худалдаалах, хүлэмжийн хийг бууруулсан төлбөрийг хүлээн авах чөлөөт/voluntary market/ зах зээлд ажиллаж байна.
ХасБанкны Эко бүтээгдэхүүний төсөл нь 2011 оноос эхлэн Цэвэр Хөгжлийн Механизм буюу хүлэмжийн хий худалдаалах хамгийн том зах зээлд нэгдэхээр төлөвлөж, шаргуу ажилласаны дүнд 2012 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр Монгол улсын Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчooнд албан ёсоор бүртгэгдсэн анхны арилжааны банк болоод байна.
Хүрээлэн буй орчинд ээлтэй Эко бүтээгдэхүүний төсөл 2013 оны 1 дүгээр сард НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцид бүртгэгдэх бөгөөд уг төсөл НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөнөөр Лондон хотод төвтэй Сити Групп болон Сити Майкро Файнансе байгууллагуудаас 1.17 сая тонн хүлэмжийн хий бууруулсантай тэнцэхүйц төлбөрийг ирэх 7 жилийн турш Хүрээлэн буй орчны борхирдлыг бууруулах Эко бүтээгдэхүүний төсөлд зориулан олгох юм.
ХасБанк хэрхэн хүлэмжийн хийг бууруулдаг вэ?
Иргэд Эко бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнөх түлшний хэрэглээ болон хэрэглэж эхэлсэний дараах зарцуулалтын зөрүүнээс хүлэмжийн хийн бууралтыг тооцдог бөгөөд энэ зөрүүг бүртгэж, Майкро Энержи Кредитс Олон улсын байгууллагаар дамжуулан олон улсын зах зээлд худалдаалдаг байна.
Майкро Энержи Кредитс Олон улсын байгууллага, Сити групп хамтран xүлэмжийн хийг худалдаалах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир хэлэхдээ “Өвлийн турш манай нийслэл хот дэлхийн хотуудаас хамгийн их агаарын бохирдолтойд тооцогдож байгаа нь бидний санааг зовоосон томоохон асуудлын нэг яах аргагүй мөн. ХасБанк болон Майкро Энержи Кредитс олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, Сити групптэй хийсэн энэхүү гэрээний дагуу олгогдох санхүүгийн эх үүсвэрийн тусламжтайгаар Монгол улсын өрх гэр бүрт эрүүл саруул амьдрах орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор бид Эко Банкны хэлтсийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэн сайжруулах боломж бүрдэж байна.” хэмээн энэхүү үйл явдлыг онцлон дурдсан байна.
Сити группийн Банкны Бичил Санхүү, Нийгмийн Хөгжил хариуцсан Ерөнхий захирал ноён Боб Аннибалэ хэлэхдээ “Сити групп ба бидний хамтран ажилладаг түнш байгууллагууд хүлэмжийн хийн нөхөн төлбөрийн санхүүжилтийн гинжин холбоо үүсгэж, айл өрхүүдийн эрчим хүч, цахилгаан зарцуулалтыг багасгаснаар, дэлхийн илүүдэл эрчим хүчний ашиглалтыг бүх түвшинд бууруулахад чиглэж байна. Бид хамтдаа Улаанбаатар хотын гэр хорооллын эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг сайжруулах замаар өрхүүдэд санхүүгийн хэмнэлт бий болгох, түүнчлэн хор хөнөөлтэй орчны нөлөөнөөс сэргийлэх боломжийг бүрдүүлж байна. Шинэлэг бичил санхүүгийн үйлчилгээг тухайн харилцагчид болон нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олгох нь гайхалтай зүйл бөгөөд үүнийг бусад хөгжиж буй орнуудад загвар болгон хэрэглэж болох юм” хэмээн онцлон хэллээ.
Түүнчлэн Майкро Энержи Кредитс болон Сити групптэй хийсэн гэрээний дагуу Эко бүтээгдэхүүн хэрэглэж буй өрхүүд цэвэр эрчим хүч хуримтлуулсаны хариуд олгодог хүлэмжийн хийн төлбөрийн үр ашгийг хүртэх боломж бүрдэж байгаа нь бахархууштай байна. Өмнө нь энэ төрлийн олговорыг зөвхөн нарны зай үүсгүүр бүхий станц, томоохон усан цахилгаан станцууд авдаг байлаа. “Өнөөдөр ХасБанк болон бусад бичил санхүүгийн байгууллагууд дэлхий даяар орших бага орлоготой мянга мянган өрхүүдэд цэвэр эрчим хүчний хэрэглээний өргөн сонголтийг бий болгож байна. Уг гэрээг байгуулсанаар бага орлоготой өрхүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулж, орчны бохирдлыг бууруулах боломжтой боллоо” хэмээн Майкро Энержи Кредитсийн Гүйцэтгэх Захирал хатагтай Айприл Аллдэрдaйс хэллээ.
ХасБанк нь НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн дагуу ирэх 2013 оны 3 дугаар сард Сити группээс анхны хүлэмжийн хийг бууруулсан төлбөрийг авахаар төлөвлөж байна. Энэ төлбөр нь Хүрээлэн буй орчинд ээлтэй Эко бүтээгдэхүүнийг хөгжүүлж сайжруулах, төрөл хэмжээг нэмэгдүүлэх, шинэ технологи бүхий эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад нэвтрүүлэх, санхүүжүүлэх, худалдаалахад зориулагдах болно.
ЗөвБанк ХасБанк
Сити групп нь 200 сая харилцагчидтай, 160 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэгч санхүүгийн байгууллагуудын нэг юм. Сити групп нь хөрөнгө оруулалт, санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг бүх түвшинд өөрийн харилцагчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн, өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ хүргэдэг.
Майкро Энержи Кредитс нь бичил санхүүгийн байгууллагуудыг хүлэмжийн хийн зах зээлтэй холбож, зуучлан ажилладаг байгууллага бөгөөд дэлхийн 20 гаруй бичил санхүүгийн байгууллагуудыг хүлэмжийн хийн зах зээлд нэвтрэх боломжоор хангаж, хамтран ажиллаж 120,000 гаруй өрхүүдэд цэвэр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлчилгээг хүргээд байна.