-Ардын намын нэр бүхий гишүүд намаасаа татгалзаж байгаагаа хэллээ. Намын нарийн бичгийн даргын хувьд тэдний энэ үйлдлийг юу гэж бодож байна вэ?
-Ер нь бол манай улс 20 жилийн өмнө ардчилсан нийгмийг сонгосон шүү дээ. Тэгэхээр хүн бүрт сонгох, сонгогдох болон улс төрийн намаас гарах эрх нээлттэй. Тиймээс сонголт хийх эрх хүн бүрт бий. Ардын нам бол Монголын ард түмний зүрх сэтгэлд тусгаар тогтнол, аюулгүй байдлыг авчирсан томоохон нам. Тийм учраас энэ гишүүд өөрсдийнхөө сонголтыг хийхдээ 220 мянган гишүүнтэй Ардын намынхаа язгуур бодлогыг нөгөө талаас улс орныхоо цаашдын хувь заяатай холбож үзсэн байх гэж бодож байна.
-Тэд ийн явж байгаа нь Ардын намд нөлөө үзүүлэх болов уу?
-Нөлөөлөхгүй. Энэ бол тэдний өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал шүү дээ.
-Тэгвэл МАХН ирэх сонгуулийн үеэр Ардын намын хүчтэй өрсөлдөгч байж чадах болов уу?
-Чадахгүй гэж бодож байна.
Яагаад гэвэл хуурамч бүтээгдэхүүн хуурамч л байдаг. Ардын нам бол 220 мянган гишүүнтэй, 90 жилийн хугацаанд улс орныхоо ачааны хүндийг үүрч явсан улс төрийн хүчин. Ер нь том модноос унасан навч дахиж ургадаггүй гэдэг дээ.
-Намаасаа гарч байгаа нэр бүхий гишүүд МАХН бол уугуул нам гэж байсан. Харин та бүхэн Ардын нам бол уугуул гэдэг?
-Монголын түүх түүхээрээ үлдэнэ. Түүхэнд 1921 онд Монгол Ардын намыг байгуулахад тэр үеийн эх орончид туурга тусгаар Монгол Улсаа байгуулахын тулд МАН буюу санскритаар сэтгэл гэсэн намын нэрийг авсан юм. Тухайн үед VIII Богдоос авахуулаад хаад, ноёд, харц ард бүгд нэгдсэн. Тиймээс Монгол Ардын нам бол бидний уугуул нэр.
-Ардын нам ямар мөрийн хөтөлбөртэйгээр ирэх сонгуульд өрсөлдөх гэж байна вэ?
-Бид энэ удаагийн Бага хуралдаа намын анхан болон дунд шатны үүрийн гишүүдээсээ 500 гаруй хүнийг урилгаар оролцуулж байна. Ард иргэддээ өргөн барьж байгаа сонгуулийн мөрийн хөтөлбөр олон хүний санал тусаж, үзэл бодлыг уралдуулах учиртай. Иймээс энэ удаагийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа “Ард түмнээ сонсъё” аяны үеэр гарсан санал бодлыг үндэс болгосон. Бид мөрийн хөтөлбөрөө дөрвөн тулгуур бодлогын хүрээнд авч үзэж байгаа. Юун түрүүнд хүний төлөөх нийгмийн бодлого, хүн ба байгаль экологийн бодлого, хүн ба эдийн засгийн хөгжлийн бодлого, хүн ба шударга тогтолцоо гэсэн асуудлыг тавьж байна. Монголын ард түмэнд өнөөдөр үнэхээр юу хэрэгтэй байгаа юм бэ гэвэл тохилог орон байр, өөрийн гэсэн ажил төрөлтэй, эрүүл оюунлаг байдал чухал. Тиймээс манай намын мөрийн хөтөлбөрийн үндэс бол хүний хөгжлийн асуудлыг гаргаж тавьж байгаагаараа онцлог юм. Бид дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгож чадлаа. Энэхүү эдийн засгийн өсөлтөөр бий болж буй үр шимийг монгол өрх бүрийн үүдээр оруулах нь Ардын намын мөрийн хөтөлбөрийн үндэс гэдгийг хэлэхийг хүсэж байна. Монголчуудыг аюулгүй орчинд ажиллаж, амьдруулах нь манай намын хувьд чухал юм. Бид ард түмнийхээ итгэлийг даасаар ирсэн. Энэ удаа ч мөн ялгаагүй.
-Ардчилсан намын зүгээс “Монгол хүн-2020” хөтөлбөртөө үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан гэж байгаа. Танай намын хувьд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс юугаараа ялгарах вэ?
-Ардын нам бол нийгмийн баримжаатай социалдемократ улс төрийн хүчин. Зүүний намын хувьд хүний хөгжлийн асуудлыг чухалчлах учиртай. Манай нам үзэл бодол, чиг шугам дээрээ байгаа. Барууны үзэлтэй намууд зүүний үзэл баримтлалыг баримталж байгааг ард түмэн ойлгох болов уу.
-Энэ удаагийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жилийнхээс илүү их хөрөнгө шаардана гэж байгаа. Түүнчлэн намуудын мөрийн хөтөлбөрт хязгаарлалтууд хийж өгсөн шүү дээ?
-Мөрийн хөтөлбөрт хуулиар нэлээд хязгаарлалтыг хийсэн. Тухайлбал, байгалийн баялагтай холбоотойгоор хувьцаа олгох, бэлэн мөнгөний хоосон амлалт өгөхийг хориглочихсон. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө баталсны дараа Үндэсний аудитын газар маргааш /өнөөдөр/ хүлээж авна. Тус газар улс төрийн намууд руу эдийн засгийн ийм хүрээнд амлалт өгөөрэй гэж хязгаарласан. Тиймээс энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр тусгаж өгсөн төсвийн дагуу хийж байгаа юм. Ер нь ирэх дөрвөн жилд эдийн засгийн томоохон тэсрэлт үүснэ. Ингэж үзэх суурийг нь бид тавьж чадсан. Үүнийгээ дагаад бидэнд илүү их боломж гарч ирэх юм. Байгалийн баялгаас олж буй мөнгөө хос хөрөнгө оруулалт байдлаар хүнээ хөгжүүлэх асуудалд зориулна.
-Мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон уу?
-Бид хөтөлбөрт тусгасан ямар асуудлыг улсын төсвөөс санхүүжүүлэх үү, ямар асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх үү, ямрыг нь ард иргэдийн хамтын ажиллагаан дээр үндэслэн хийх вэ гэдгийг заагласан байгаа. Энэ утгаараа үйлдвэржилтийн газрын зургийг шинэчилж, 10 мянган үйлдвэр аж ахуйн нэгжийг байгуулж, 300 мянган ажлын байрыг бий болгохоор зорьж байна. Мөн ажилтан, албан хаагчдын цалин, тэтгэврийн асуудлыг инфляцийн түвшинтэй уялдуулан байнга нэмэгдүүлэх асуудлыг тусгахаар шийдвэрлэсэн. Монгол айл, монгол хүнд юу хэрэгтэй байна вэ гэдгийг гол шалгуур болгосон.
-Танай нам халамжийг хавтгайруулахгүйн тулд үндэсний тэтгэлгийг бий болгож байгаагаа хэлсэн. Чухам ямар тэтгэлэг юм бэ?
-Иргэдтэй уулзахад хавтгайрсан халамжийг халаач ээ гэдгийг тавьж байна. Тэгэхээр бид хавтгайрсан халамжийг халж, зорилтот хэсэгтээ хүрсэн халамжийн бодлогыг цаашид явуулах юм. “Хүний хөгжил сан”-аас олгож буй 21 мянган төгрөгийг хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
-Өнгөрсөн сонгуулийн үеэр өгсөн амлалтаа бүрэн биелүүлж чадсан уу?
-Монгол Улсын Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболд илтгэлдээ УИХ-ын 2008 оны сонгуульд дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөрийн тайланг тавилаа. Энэхүү мөрийн хөтөлбөр цаашлаад Засгийн газрын хөтөлбөр болон хэрэгжсэн байгаа. Харин Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувьтай байна. Ойрын хугацаанд хэрэгжүүлэн бүрэн дуусгах асуудал бий. Ямартай ч ард түмэндээ хийсэн ажлаа тайлагнаж дүнгээ тавиулах болно. Ардын намын тухайд хийсэн ажлаа тайлагнахдаа хэлэх үгтэй, хийсэн ажилтай, ирээдүйд юу хийх вэ гэсэн хөтөлбөртэйгээ очиход бэлэн боллоо.
-Ардын намынхан биелүүлээгүй үлдсэн гэх 10 хувийн амлалтаа сонгуулиас өмнө биелүүлж амжих уу. Тодруулбал, иргэдэд нэг сая төгрөг олгох амлалт байна?
-Эх орны хишгээ ард түмэнд өгч сонгуульд оролцоно. Нэг ёсондоо 1.5 сая төгрөгийг ард түмэнд олгох боломж нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад олгох нэг сая төгрөгийг сонгуулиас өмнө өгч дуусна.
-Парламентад суудалтай, суудалгүй намуудын удирдлагууд УИХ-ын 2012 оны сонгуульд бэлэн мөнгө амлахгүй гэдгээ гар барин хэлсэн. Өмнөх амлалтаа үргэлжлүүлнэ гэдэг нь бэлэн мөнгө амлаж байгаагаас ялгаагүй юм биш үү?
-Энэ удаагийнхаа мөрийн хөтөлбөрт бэлэн мөнгө амлаагүй. Бидний зүгээс өмнөх бодлогоо үргэлжлүүлнэ гэдэг асуудлыг л тавьж байгаа юм. Манай улсад нэг хэсэг нь гачигдалтай амьдарч байна. Тиймээс эдгээр хүмүүст нийгмийн халамжийн бодлогыг хүргэх асуудал бол энэрэнгүй төрийн үндсэн үүрэг. Нийгмийн баримжаатай зүүн төвийн улс төрийн хүчний хувьд бид хүнээ гэсэн бодлогыг цаашид ч хэрэгжүүлнэ. Энэ ч утгаараа “Хүний хөгжил сан”-аас олгож буй 21 мянган төгрөгийг хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэддээ өмчлүүлэн олгох бодлого баримтална.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин