Зөв ажил хийвэл хүмүүс дэмждэг гэдгийг эндхийн оршин суугчид үлгэрлэж байна. Зам тавих газрын зурваст газар нь орсон иргэд олон үг хэлэлгүй хашаагаа хойш татаж, газраа эмхлэж өгчээ. Зам дагаж ирэх гэрэл гэгээ, хөгжилд хүмүүс урамшиж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ зам ашиглалтад орсноор Баянхошуунаас хот руу, Тасганы овоо, Гэсэр сүмээр хойш чиглэх замын ачаалал 10-15 хувь багасна гэдгийг мэргэжлийнхэн тооцож. Цаг, мөнгө хэмнэж, гэрэл дагуулах зам нэг сарын дараа зорчигчдоо тосон угтах нь. Чимээгүй хот буюу оршуулгын газартай хаяа дэрлэн буусан айлуудыг хоёр жилийн өмнө хэрмэн хашаагаар зааглаж өгөх санаачилгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр гаргаж өнөөдөр биеллээ олжээ.
Үүнээс гадна Дэнжийн 1000 хавийнхан бас нэг шинэ замтай болно. Дэнжийн 1000- Гахайн байр чиглэлийн 1,2 км замын ажил ч эхлэж байна.
Хотын мээр нэг, хоёрдугаар Дөчин мянгатын байрнууд дунд дөнгөж ашиглалтад ороод байгаа 200 гаруй метр замын байдлыг үзэж орчны тохижилт, явган хүний зам хийх талаар гүйцэтгэгчид үүрэг өгсөн. Энэ замын дор хонгилийн систем байгуулж Улаанбаатарын газар доогуурх байгууламжид эргэлт гаргасан нь хэдхэн сарын өмнө. Харин энэ зам ашиглалтад орсноор Улсын их дэлгүүрийн зүүн хэсгийн түгжрэл тодорхой хэмжээгээр саарна. Хотын орон сууцны хороолол дунд өнөө жил 17 зам барина. Тэдний 13-ийнх нь тендер зарлаад зарим нь ажилдаа ороод байна. Мөн Буянт-Ухаагаас Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17,5 км, Био комбинат-Шувуун фабрикийн зам гээд олон зам энэ онд ажил нь эхэлж, ашиглалтад орно.