”Иргэдийн итгэлийг хүлээсэн засаглал бий болгоно”

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

”Иргэдийн итгэлийг хүлээсэн засаглал бий болгоно”

МАН-ын дөрөвдүгээр хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.  Сонгуулийн тухай хуулинд улс төрийн намууд сонгууль болохоос 50 хоногийн өмнө мөрийн хөтөлбөрөө үндэсний Аудитын газраар баталгаажуулах учиртай. Үүний дагуу өнгөрсөн даваа гаригт Ардчилсан намын ҮЗХ-ны хурал болсон. Энэ үеэр намын мөрийн хөтөлбөрөө гишүүдээрээ баталгаажуулсан бол МАН өчигдөр намын бага хурлаараа намын мөрийн хөтөлбөрөө баталлаа. Ардчилсан нам одоохондоо мөрийн хөтөлбөрөө ил гаргаагүй байгаа. Үндэсний Аудитын газар өчигдрийн байдлаар  Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн хөтөлбөр  намууд мөрийн хөтөлбөрөө батлуулахаар өгсөн бөгөөд Ардчилсан нам, МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрөө өгөөгүй байгаа юм байна. Энэ сарын 8-аас өмнө намууд мө­рийн хөтөлбөрөө батлуулах ёстой аж.

МАН бага хурлаараа 2012 оны УИХ-ын сонгуульд “зүтгүүлэх” мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд тус хөтөлбөрт ирэх дөрвөн жилд төрийн албан хаагчдын сарын цалинг 1,3 сая төгрөгт хүргэхээр тусгасан байна. Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчид болон намаас бэлэн мөнгөн амлахгүй байхыг хуульчилсан байгаа ч төрийн албан хаагчдын цалин нэмснээр иргэд ядуурал буурна гэж үзэж байгаа бололтой. Мөн төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг ч үргэлжлүүлэх гэнэ. Хэдийгээр 100 мянган айлын орон сууц хөтөлбөр бүрэн хэрэгжээгүй ч цаашид 200 мянга болгож нэмэгдүүлэх гэнэ. Мөн төрийн албыг чадварлаг, ард иргэддээ шуурхай үйлчилдэг болгохын тулд сайн засаглалыг бий болгоно  гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тухайлбал, төрийн албаны бүх шатанд нэг цэгийн үйлчилгээ бий болгож мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох бодлого хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдыг улстөрөөс ангид байлгаж, чадварлаг, оюунлаг нь төрийн албаны ажил хийдэг шалгуур нөхцлүүдийг тавина гэж үзэж байна. 

Энэ жил олгоод дуусах Хүний хөгжил сангийн мөнгийг МАН үргэлжлүүлэн олгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж амжжээ. Мөн хүүхдийн хөгжилд тус нам онцгой анхаарал тавих гэнэ. Үүний тулд хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хөтөлбөр хэрэгжүүлж, шинээр төрсөн эхэд эхний 18 сарыг ажилласан жилээр тооцон, ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтад Кембрижийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлэх аж.  Аж үйлдвэрийг хөгжүүлэхэд мэргэжилтэй ажилтнууд хамгийн их эрэлттэй байгаа тул жилд 15 мянгаас доошгүй иргэнийг энэ чиглэлээр бэлтгэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургаж төгсгөх, Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах  зэрэг ажлуудыг ирэх дөрвөн жил хийх төлөвлөгөө гаргажээ. Оюутан бүрт сар тутамд олгож байгаа одоогийн урамшууллыг үргэлжлүүлэн олгоно, ингэхдээ дээд боловсролын санхүүжилтийг сургалтынх нь чанартай уялдуулах  гэнэ. Мөн дээр нь 10 мянган өрхийг малжуулж, 40 мянган өрхөд үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан зээл тусламж олгох, эрчим хүчний тав дахь эх үүсвэр, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг, 10 мянган үйлдвэр шинээр нээж, нийслэлд давхар зам, хос гүүрнүүд барих юм байна. Нүүрснээс шингэн болон хийн түлш гаргах замаар Улаанбаатарын утааг сарниулах аж. 

Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын хувьд Хүүхдийн оношлогоо, эмчилгээний төв байгуулна, 0-5 насны хүүхдүүдийн эмчилгээ, оношлогоонд шаардагдах хөрөнгийг Даатгалын сан­­гаас санхүүжүүлнэ. Тус салбарт ажил­лаж байгаа их эмч, сувилагч нарыг сур­гахад анхаарч, 300-гаас доошгүй эмчийг өндөр хөгжилтэй орнуудад сур­гаж мэргэжлийг нь дээшлүүлнэ. Эмч суви­лагч, ажиллагсдын цалинг ажлынх нь үр дүнгээр тооцдог болох гээд олон шат дараалсан ажлуудыг МАН-ынхан энэ удаагийн сонгуульд ялбал ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зангидаад байна.

МАН-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Ард түмнээ сонсоё” аяныг зохион байгуулж 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг 300 гаруй сум, 152 хорооны 900 мянга гаруй иргэнтэй уулзаж санаа бодлыг нь сонссоны үндсэн дээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан тул  ард түмний амьдралын хөрсөнд тулгуурласан бодлогын баримт бичиг болсон гэж тус намынхан дүгнэж байна. Улстөрийн намуудын эргэн санах нэгэн зүйлс бол өнгөрсөн 2008 онд өгсөн амлалтууд. МАН-аас иргэн бүрт 1,5 сая төгрөгийн батламж одоо хэр нь цаасан дээр буусан амлалт хэвээр бийг санаж байгаа биз ээ. Ямартай ч МАН-ын ирэх дөрвөн жилийн хугацаанд хийх хөтөлбөр өдгөө цаасан дээр буулаа. Харин дахин дөрвөн жил цаасан дээр байх, эсвэл хэрэгжих эсэхийг иргэдийн сонголт мэдэх учиртай.

Хуралдааны үеэр Бага хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудалаас үүдээд танай намын дөрвөн гишүүн намын бүлгээсээ гарна гэж мэдэгдлээ. Та хувьдаа Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 -Би бол Ц.Нямдорж сайдыг огцруулахгүй байх нь зөв гэсэн байр суурин дээр хатуу байгаа. Яагаад вэ гэвэл тодорхой асуудлын хүрээнд Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа хүнийг Авлигатай тэмцэх газраас хэргийг нь шалгаж,  прокуророос зөвшөөрөл авч мөн шүүхийн шийдвэр гаргуулсны үндсэн дээр тухайн баривчлах ажлыг зохион байгуулсан гэж ярьж байсан. Тийм учраас Ц.Нямдорж сайд хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй, яригдаагүй байгаа учраас манай намын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс огцруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг дэмжиж байгаа юм.

-Бага хурлаар 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталлаа. Юуг гол болгосон бэ, хөтөлбөртөө?

-Хүнийг төвтэй  эдийн засагтай, байгаль экологийн тэнцвэрийг хадгалсан, иргэдийн итгэлийг хүлээсэн засаглалыг бий болгох чиглэлээр МАН-аас юу бодож байгаагаа, ямар арга хэмжээг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх вэ гэдгээ Бага хурлаар гишүүдээрээ хэлэлцүүлж байна. Мөрийн хөтөлбөрийг тал талаас нь хэлэлцэж, гишүүдийнхээ гаргасан санаа бодлыг тусгаад Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын байгууллагуудад өгнө.

-Нэр дэвшигчид хэзээ тодрох бол?

-УИХ-ын сонгууль зарласнаас хойш 20 хоногийн дараа нэр дэвшигчдийг зарлана гэсэн заалт УИХ-ын Сонгуулийн тухай хуульд бий. Тэгэхээр дөрравдүгээр 28-нд УИХ-ын сонгуулийг товлон зарласан гэж бодохоор нэр дэвшүүлэх үйл ажиллагааг тавдугаар сарын 15-наас хойш зохион байгуулж явуулах төлөвтэй байна. Монгол Улсын төвшинд өнөөдөр бүх аймаг, сум, нийслэл дүүргийн хэмжээнд манай нам намын үүрүүдээр нийт намын гишүүдийг оролцуулсан санал асуулга, хэлэлцүүлэг явуулсан байгаа. Энэ бүхэн нь аймгуудын намын хороо, дүүргийн хороодоос нэгтгэгдэж ирж байна. Үүн дээр үндэслэж МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсээ анхан шатнаас авсан саналыг үндэслэн гаргасан байгаа. Эцсийн шийдвэрийг тавдугаар сарын дундуур хуралдах намын Бага хурлаар эцэслэнэ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж