Монголын Засгийн газар, салбарын яамных нь мал аж ахуй руу чиглэсэн бодлого сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь Т.Бадамжунай сайдын орон нутагт ажилласан явдал байлаа. Мал аж ахуйн салбарт чиглэсэн олон ажил өрнөж буйгаас “Малгүй өрхийг малжуулах” төслийн үр дүн сайн байгаа нь харагдаж байв. Тиймээс малчдын амьдрал, хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа уг хөтөлбөрт хамрагдаж чадаагүй байгаа бусад айл өрхийг энэ онд багтаан оруулахаа ХХААХҮ-ийн сайд онцлов. Архангай аймгийн Төвшрүүлэх, Хашаат, Хотонт сумдад малгүй болсон өрхийн тоо их байгаа бол Өгийнуур, Өлийт суманд энэ асуудал харьцангуй бага байлаа. Малгүй болсон иргэд хоршоо байгуулан, нарийн ногоо тарьж, өөрсдийнхөө бизнесийн их үүсвэрийг олж байгааг салбарын сайдын хувьд тэрбээр ихэд олзуурхаж байсан юм.
Архангай аймгийн хөдөө аж ахуй голлох салбарт жижиг, дунд бизнес эрхлэгчид хийгээд газар тариалангийн салбарынхан зүй ёсоор багтана. Тэдэнд салбарын сайдынх нь дуулгасан таатай мэдээ “Газар тариалан эрхлэгчид болон хүнсний ногоо тариалдаг иргэдэд зориулсан томоохон хэмжээний үзэсгэлэн, худалдааг энэ жил Архангай аймагт зохион байгуулах” тухай байв. Түүнчлэн газар тариалангийн тоног, төхөөрөмжийн худалдааг тавдугаар сард багтаан, аймгийн төвд явуулахаар болсон нь газар тариалангийн бизнес эрхлэгчдийн хувьд цаг үеэ олсон ажил юм. Учир нь үзэсгэлэн, худалдааны үеэр ногооны хүлэмж, бага оврын трактор гэхчлэн хөдөө аж ахуйн олон арван техник хэрэгслийг 50 хувийн хөнглөлттэй үнээр авах боломжтой ажээ.
Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх сумдаар үлийн цагаан оготны тархалт сүүлийн гурван сарын хэмжээнд эрс ихэссэн нь нутгийн иргэдийн санаа зовоосон асуудал болжээ. Үлийн цагаан оготно салын бэлчээр сүйтгэж, газар шороог сэндийчлэн, өлий их үүсгэсэн нь мал эргүүлэхэд бэрхшээлтэй болсон талаар ХХААХҮЯ-ны Ажлын хэсгийнхэнд малчид уламжилж байв. Энэ хаврын хувьд тус аймгийн Өгийнуур, Эрдэнэмандал, Өлзийт, Батцэнгэл сумдад Ажлын хэсэг гарган, хортой будаа цацаж, өлийн оготно устгах ажлыг эхлүүлсэн байгаа бөгөөд одоогийн байдлаар 35-40 хувийн хэрэгжилттэй байгаа аж. Бэлчээр хамгаалах ажил улсын хэмжээнд мөн адил эхэлж байна.
Нийт малчид, газар тариалан эрхлэгчдийн дунд хоршоо байгуулах тухай асуудалд ойлголт дутмаг байдаг ажээ. Малчид тодорхой хэмжээний мэдээлэлтэй байдаг ч хоршоо байгуулж, хэрхэн үр дүнтэй ажиллах талаар нарийн мэдээлэл хомс байдгаа салбарын сайддаа уламжлав. ХХААХҮЯ-наас хөдөө орон нутгийн удирдлагуудад хоршоо байгуулах тухай гарын авлагыг иргэн бүрт тарааж өгөхийг уламжилсан ч энэ санаачилга ажил хэрэг болохдоо удаан байгаа бололтой. Тиймээс ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Архангайн нийт сумдын Засаг дарга болоод холбогдох шатны хүмүүст энэ тухай сануулж, малчдыг Хоршоо байгуулах тухай мэдээллээр хангаж, тэдэнд туслахыг анхааруулсан юм.
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайг ийн Архангай аймгийн зүүн сумдад ажиллах үед нь орон нутгийн нөхцөл байдал, тус аймагт цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөдөө аж ахуйд чиглэсэн ажлын талаар тодрууллаа.
-Орон нутагт ажиллах хугацаандаа Архангай аймгийн малчид, тариаланчдад ажлаа хэвийн явуулахад нь учирч байгаа бэрхшээл, шийдэх ёстой асуудал нь юу байна гэж та дүгнэв?
-Архангай аймагт маань урин хавар болж байна. Хаврын улирал бол газар тариалан, мал аж ахуйн чиглэлд түлхүү анхаарлаа хандуулдаг аймгуудын хувьд бол маш чухал үе байдаг. Малчид, газар тариаланчдынхаа санал бодлыг сонслоо. Хүн бүр л өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлаа нээлттэй ярьж байна. Архангай аймгийн хувьд хамгийн нэгдүгээрт шийдэх, анхаарлаа хандуулж ярих ёстой зүйл бол худаг усны асуудал байна. Ялангуяа аймгийн зүүн сумдад гол мөрөн багасч, хуучин худаг шавхарч, нурсан гээд олон асуудал үүсчээ. Төсөл, хөтөлбөрт хамрагдах гэж олон хүмүүс хөөцөлдсөн байна. Гэхдээ бүгд хамрагдаж, энэ асуудалд бүрэн хэмжээгээр анхаарч чадахгүй байгааг харлаа. Худаг, усны асуудлыг дариухан шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Малчид ундныхаа усыг хаанаас авахав, малаа хаанаас услах билээ гэдэгт маш их санаа зовж байгаагаа хэлж байна. ХХААХҮЯ энэ асуудлыг анхааралдаа авна.
-Өгийнуур суманд малын хулгай их гарч байгаа тухай асуудал хамгийн их хөндөгдөж байсан?
-Малын хулгай сүүлийн жилүүдэд харьцангүй багассан. Гэхдээ ор тас арилсан гэсэн үг биш. Өгийнуурын хэмжээнд малын хулгай их байгаа гэдэг асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, эхнээсээ зарим арга хэмжээг авч эхлэхээр тохирлоо.
-Архангай бол газар тариалан эрхэлдэг гол аймгуудын нэг. Одоо ч гэсэн энд хувиараа газар тариалан эрхлэх хүсэлтэй хүмүүс их байна. Тэднийг хэрхэн дэмжих боломжтой вэ?
-Газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа ажил бий. Түүний нэг нь газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдэд зориулсан хөнгөлттэй зээл болон хөнгөлттэй үнээр техник хэрэгсэл олгож байгаа явдал. Зарлагдсан урамшуулалд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сард багтан хөнгөлөлтөд хамрагдах болмжийг бид бүрдүүлж өгч байгаа. Тавдугаар сард Архангай аймагт хөдөө аж ахуйн техник, хэрэгслийн үзэсгэлэн, худалдаа болно. Энэ үеэр ХХААХҮЯ-аас иргэдэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх боломж бий.
-Малчид ХХААХҮЯ-ны бодлого, бодит амьдралд нийцсэн төсөл, хөтөлбөрт нь сэтгэл хангалуун байгааг илэрхийлж байгаа харагдсан?
-Архангай аймгийн маань малчид малын төл хорогдол багатай авсан, цаг агаар сайхан орсон гээд малчдын сэтгэл санаа тэнэгэр, сайхан байна. Засгийн газар, ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа ажил малчдад урам зориг өгч, ажил хийх хүсэл эрмэлзлэлийг нь нэмж байгааг нүдээр харж, урмын үг сонсох сайхан санагдаж байна.
-Малчдыг мэргэжлийн үнэмлэхтэй болгох санаачилгыг иргэд ихээр дэмжиж байгаа санагдлаа?
-Малчин бүр мэргэжлийн үнэмлэх, дипломтой болно. Тун удахгүй малчин хүн бүр мэргэжлийн малчин гэж нэрлэгдэх болно. Малчид мэргэжлийн гэж хэлэгдэх бүхий л шаардлагийг хангаж байгаа болохоор тэднийг үнэмлэхжүүлж, ажлын байр, гүйцэтгэж байгаа үүргийг чанаржуулахад анхаарч байгаа ажил гэж ойлгож болно.
Ийнхүү ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хөдөө, орон нутгийн иргэдтэй уулзаж, хаврын их ажил, газар тариалангийн бэлтгэл явцтай танилцсан нь малчин бүрт таатай санагдсан юм. Ялангуяа, малчид, тариаланчид, иргэдийн санал болгосон олон асуудал, сэдвийг газар дээр нь шийдэж өгсөн нь цаг хугацаа хэмнэж, цаг үеэ олсон ажил байсныг Архангайчууд онцолж байлаа.