Цахим спортынхон аваргаа шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Цахим спортынхон аваргаа шалгаруулна

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Монголын электрон спортын холбоо хамтран Электрон спортын үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сарын 14-17-нд Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. Уг тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд кибер спортыг олон нийт, хүүхэд залууст зөвөөр сурталчлан таниулах зорилготой. Ингэснээр кибер спортыг сонирхогчдын хүрээ болон компьютер болон түүний дагалдах хэрэгслүүдийн худалдааг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Энэ жилийн тэмцээнд персональ компьютерийн төрөлд FIFA 10, Warcraft – Frozen Throne, Trackmania Nations – Forever, Console gaming(X Box)-ийн төрөлд Tekken гэсэн зургаан тоглоомоор оролцогчид өрсөлдөнө. Эдгээр нь 2010 онд болох дэлхийн хэмжээний томоохон фестивалиуд болох WCG 2010, ESWC 2010 наадмын мөн албан ёсны төрөл бөгөөд Азийн заалны спортын төрөлд албан ёсоор орсон тоглоомуудыг цаашид Олимпын төрөлд оруулах талаар хэлэлцэж байгаа аж. Электрон спортын үндэсний аварга шалгаруулах ьэмцээний төрөл бүрт хамгийн шилдэг 16-32 тамирчин оролцох боломжтой. Тоглолт тусгай VIP танхимд болж, хоёр тоглогчийн тоглолтыг өргөн дэлгэцийн том телевизороор танхимд байгаа бүх үзэгчдэд шууд хүлээн авч үзүүлнэ. Энэ нь тухайн тоглогчийг ойр дотны хүмүүс болон ивээн тэтгэгчид нь шууд хөгжөөн дэмжих боломжийг олгож байгаа юм. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан баг, тамирчдыг 2010 онд тив, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн тэмцээний үеэр FIFA10 тоглоомын төрлөөр бооцоот тэмцээн зохион байгуулах аж.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж