ДМАЭМБ нь олон улсын 36 байгууллага, бүс нутгийн төлөөлөгчийн газраар дамжуулан дэлхий дахины хэмжээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газар хоорондын байгууллага юм. Манай улсын хувьд тус байгууллагад 1989 онд гишүүнээр элссэнээс хойш хоорондын хамтын ажиллагаа боловсон хүчнийг мэргэшүүлэх, техникийн болон судалгаа шинжилгээний ажлын хүрээнд эрчимжиж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг үржлийн газар (МЭҮГ), Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), түүний харьяа Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжиж байна.
Монгол Улс ДМАЭМБ-аас 2005 онд “Үхрийн мялзангийн халдваргүй орон”, 2006 онд “Үхрийн мялзан өвчнөөр тайван орон” статусыг тус тус авчээ. Түүнчлэн 2007 онд “Мал эмнэлгийн ажиллагаанд хийсэн үнэлгээ”, 2010 онд “Мал эмнэлгийн албыг чадваржуулах зорилтот дүн шинжилгээ” чадавхийн үнэлгээг бүрэн хийлгэсэн Азийн бүсийн 18 орны нэг болсон байна. Мөн үхрийн цээж өвчнөөр эрүүл орны статусыг авахаар 2009, баруун бүсийн зарим аймгийг шүлхийгээр тайван, вакцин тарьдаггүй эрүүл бүсийн статус авахаар 2011 онд албан ёсны өргөдөл баримт бичгийг илгээж, техникийн болон зөвлөх үйлчилгээг авч хамтран ажиллаж байгаа гэнэ. ДМАЭМБ-аас “Ази тивд өндөр хоруу чанартай шувууны томуугийн хяналтыг бэхжүүлэх нь” төслийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас дээрх төслийн хүрээнд Японы Ямашимагийн шувуу судлалын хүрээлэн, Хоккайдогийн их сургуультай хамтран зэрлэг шувуудыг бөгжлөх, дохиолол суулгах, зэрлэг болон тэжээвэр шувуудын дунд томуугийн А хүрээний томуугийн вирусыг судлах зорилгоор дээж авч шинжлэх зэрэг ажлыг хамтран, хийж гүйцэтгээд байгаа ажээ.