Долдугаар сарын 1-нд юу болсон талаар хүн болгон мэдэж байгаа боловч, хэн, ямар буруутай талаар үнэлэлт дүгнэлт хийх эрхтэй ганцхан байгууллага нь Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх тул энэ талаар дүгнэлт хийх нь утгагүй юм.
-Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 14-р зүйлд, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 16-р зүйлд,
-Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд амьд явах эрхтэй, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж заасан байдаг. Эндээс харвал долдугаар сарын 1-нд амиа алдсан хүмүүсийн амьд явах эрх зөрчигдсөн байна. Тэгэхээр дээрхи хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн этгээд эсвэл этгээдүүд хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой болж байна. Гэхдээ хэн, хэнийг буудсан гэм буруутай болохыг гагцхүү шүүх тогтоох эрхтэй.
Долдугаар сарын 1-ний хэрэгт шалгагдаж байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатар нарын дөрвөн хүнийг дээрхи хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба улмаар шүүх хуралдаан болсон боловч өмгөөлөгч гадаадад яваа шалтгаанаар хойшилж, дээрхи хүмүүсийг шүүх ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйлийн 13-д,
-Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй,16.14-д Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байна. Эндээс харвал дээрхи хүмүүсийг хуулийн дагуу шалгаж шүүх эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу бол төрийн байгууллагад байгаа болох нь.
Тэгвэл Үндсэн хуулийн 17-р зүйлд,
-Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй, 19-р зүйлд,
-Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө,
47-р зүйлд,
-Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, 49-р зүйлд,
-Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг. Дээрхи зохицуулалтууд амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа талаар бүгд мэдэж байгаа тул энэ талаар дурьдах нь илүүц биз.
Дээрхи нэр бүхий дөрвөн шүүгдэгчийн нэг Ганбаатарын өмгөөлөгч гадаадад явсан талаар шүүх хуралдаан болох өдөр мэдэгдсэн, шүүхэд хүндэтгэлгүй хандсан зэрэг байдал нь цагдан хорих үндэслэл болсон гэх мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа. Энэ талаар Үндсэн хуулийн 55-р зүйлд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй, шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ гэж заасан ба Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд,
…Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана, шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээнэ, өмгөөлөгч нь шүүгдэгчийг өмгөөлөхийн тулд хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хууль зүйн туслалцаа үзүүлнэ, 18 дугаар зүйлд, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй, 39 дүгээр зүйлд, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгчийг сонгон авч болно, Нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болно, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн сонгож авсан өмгөөлөгч уг хэрэгт оролцох боломжгүй болсон, түүнчлэн өмгөөлөгчөөсөө татгалзсан бол өөр өмгөөлөгч сонгон авна, 68 дугаар зүйлд, эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно, шүүгдэгчийг цагдан хорих үндэслэл байвал шүүх уг арга хэмжээг хэрэглэж болно, 114 дүгээр зүйлд …цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг хүчингүй болгох, өөрчлөх талаар гаргасан шүүхийн шийдвэрт тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид, түүний эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргаж болно, 114.2-т …гомдлыг Ерөнхий шүүгч эсхүл түүний томилсон шүүгч 48 цагийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ, 114.3-д …энэ хуулийн 114.2-т заасны дагуу гомдлыг шийдвэрлээд гаргасан Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгчийн шийдвэрт дахин гомдол гаргахгүй гэж тус тус нарийвчлан зохицуулсан байдаг.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 4-р зүйлд … гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ, 10-р зүйлд …Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно гэж тус тус заасан байдаг.
Хуулийн байгууллагын албан тушаалтан хууль зөрчсөн бол ямар хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн 248-р зүйлд … Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэсэн бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, илт гэм буруугүй хүнийг хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан, сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэсэн эсхүл энэ хэргийн улмаас хохирогчид их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 249 дүгээр зүйлд … Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бусаар хүнийг баривчилсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 250 дугаар зүйлд…Шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бус шийдвэр гаргасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 258 дугаар зүйлд Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
Эцэст нь Долдугаар сарын 1-ний хэрэгт шалгагдаж байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатар нарын хэрэгт хамааралтай байж болох хуулийн заалтуудын талаар дурьдахад ийм байгаа ба дээрхи зүйл заалтуудыг уншаад хэрэг явдал хуулийн дагуу явагдаж буй эсэх талаар дүгнэлт хийх эрхийг танд үлдээе. Албан ёсны дүгнэлт хийх эрх зөвхөн шүүхэд байгааг ойлгосон гэдэгт найдья.