”Эрдэнэс ТТ” хөрөнгө оруулагчдаас татгалзах уу

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

”Эрдэнэс ТТ” хөрөнгө оруулагчдаас татгалзах уу

Өнгөрсөн намар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хальтхан хэлэлцэж, Засгийн газарт буцаагдсан Тавантолгой төсөл нам жим болоод удлаа. Сонгууль дөхсөн улс төрийн халуухан өрнөл, уул уурхайд болж буй томоохон үйл явдлууд, Н.Энхбаяр болоод Ц.Нямдоржийн тухай эх адаггүй хэрүүл дунд Тавантолгой төсөл хэдийнэ мартагдав уу гэлтэй,  хэвлэлийнхэн хааяадаа  яав ийв гэх ч,  энэ талаар анхаарах сөхөөтэй ч хүн өдгөө алга.  Харин ч бүтэл муутайхан байгаа энэ төслийг битгий хөндөөсэй хэмээн зарим хүмүүс залбирах нь холгүй байгаа биз ээ. Төрийн өндөрлөгүүдийн гадаадад айчлах үеэр ганц ярьдаг сэдэв нь болоод буйг, гадаадынхан анхаарал тавьсан хэвээр байгааг нь эс тооцвол Тавантолгой төсөл энэ онд хэрэгжиж эсэх нь бүрхэг байна. Эздийнх нь өмч хөрөнгө, газар нутгаа гэсэн хийрхэл, их гүрнүүдийн хоорондын тэмцэл, аль аль талуудын асар том амбицийг тэнцвэржүүлэхийн тулд  зовлон их байгаагаа учирлаж суусан ажлын хэсгийнхэн  хэдийнэ зам мөрөө хөөгөөд удаж буй.

Оюутолгойг “Рио Тинто”-д өгч, Овооттолгойг “Чалко”-д зарахаа шахсан Р.Фрийландын өдүүлсэн дуулианы завсархан үеэр  “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргахад зөвлөх банкны тоо хоёроор өссөн, Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагчаар хэнийг ч оруулахгүй байхаар шийдвэрлэсэн гэх яриа сэмхэн дэгдээд байна.  Зарим эх сурвалжууд Тавантолгой төсөлд зөвхөн Орос, Хятадыг оруулахаар ярилцаж байгаа гэж баталж байна лээ. “Эрдэнэс Тавантолгой” компа­нийн удирдлагууд гадаадын хэвлэлүү­дэд өгсөн мэдээлэлдээ Таван­толгой ордыг стратегийн хөрөнгө оруу­лагчгүйгээр тус компани өөрс­дөө ашиглаж магадгүй гэдгээ илэр­хийл­сэн байна. Тодруулбал, тус ком­панийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Тавантолгойн баруун Цанхийн хөрөнгө оруулаг­чаар оролцох  талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгааг онцолжээ. Тэрбээр хэрэв талуудтай гэрээ хэлэлцээрт хүрч чадахгүй бол “Эрдэнэс Тавантолгой” дангаараа ордыг олборлохоо ч нуугаагүй байна.

2010 оны арванхоёрдугаар сард Тавантолгой ордын баруун, зүүн Цанхид олон улсын нээлттэй тендер зарласнаар нь  төслийг хэрэгжүүлэх ажлаа Монгол Улсын Засгийн газар ерөнхийдөө эхлүүлсэн гэж хэлж болох юм. Түүнээс хойш юу болоод, ямар үйл явдал өрнөснийг монголчууд андахгүй байгаа биз. Учир нь амтай, хэлтэй болгоны ярьдаг хөнддөг, асуудаг ганц сэдэв өнгөрсөн нэг жилд Тавантолгой төсөл л байсан болохоор. 

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Тавантолгой төс­лийг хэрэгжүүлэхийн тулд стратегийн хөрөнгө оруулагчидттай хэлэлцээрийн ширээний ард бүтэн жилийн турш  хэлэлцсэн. Гэвч тохиролцоонд хүрч амжилгүй, улс төрийн нөхцөл байдлын улмаас ажлын хэсгийнхэн өөр, өөрсдийн зам мөрөө хөөцгөөж, харин Засгийн газар Тавантолгой төслийг хэрэгжүүлэх шинэ ажлын хэсгийнхнийг томилох ч завгүй улс төрийн халуухан өрнөл дунд толгой нь манарчихсан яваа. Тиймээс ч стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах ажил ерөнхийдөө зогссон гэж хэлж болно.

Өнгөрсөн долдугаар сард ажлын хэсгийнхэн Тавантолгойн баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчдаар АНУ, Хятад, Оросыг тодруулж, АНУ-ын “Пибоди Энержи”-ийн Тавантолгойд эзэмших хувь 24,  Хятадын “Шинхуа групп”-ынх 40, Монгол-Оросынх нийлээд 36 хувь хэмээн зарласан нь Өмнөд Солонгос, Японы зүгээс эсэргүүцэл илэрхийлсэн. Тэд үнэндээ Монголын Засгийн газарт хандаж хуваарилалт нь шог байгааг гомдоллосон бий. Үүнээс нь болж Үндэсний аюулгүй байдал Засгийн газарт Тавантолгой төслийг буцаасан юм. Түүний дараахан ажлын хэсгийнхэн талуудтай хийж буй энэ удаагийн хэлэлцээр өмнөхөөсөө илүү хүнд, хэл амтай нөхцөлд болж байгааг учирлаж, Оросуудын эзэмших хувийг нэмэхээ ч илэрхийлсэн билээ. Харин өнөөдөр энэ асуудал их л өөр хувилбараар яригдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компа­нийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкокийн хэлснээр бүр арга ядвал монголчууд өөрсдөө Тавантолгойн баруун Цанхийг дангаараа ашиглах санааг илэрхийлж, гэхдээ нэг боломж байгаа ч бас дурджээ. Стратегийн хөрөнгө оруулагчаар АНУ, Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгос гээд  бүгдийг нь тодруулахгүй цөөлөх асуудал ч тус компанийн удирдлагуудын хүрээнд яригдсан бололтой юм. Тэр тохиолдолд хамгийн түрүүнд Япон, Өмнөд Солонгосыг хасах, цаашлаад АНУ-ын “Пибоди Энержи”-г Тавантолгойн баруун Цанхид оруулахгүй байхаар, хоёр хөршийнхөө амбицийг адилхан хангах, эзэмших хувийг нь эн тэнцүүлэх асуудал ч яригдсан гэх. Гэхдээ үүнийгээ “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ихэд нууцалж буй аж. Тэгвэл зүүн Цанхид “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтоо өөрөө явуулж байгаа бөгөөд тонн нүүрсээ 70 ам.доллараар зарахаар Хятадын “Чайналко”-той  гэрээ байгуулж, 250 сая ам.долларын урьдчилгаагаа “Хүний хөгжил сан”-гийн мөнгө болгоод тараачихсан билээ. Нүүрснийх нь чанарыг голж, “Чайналко”-гоос гэрээгээ цуцлах албан бичиг ирүүлсэн гэсэн мэдээлэл цацагдаж байсан ч Засгийн газрын болоод “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ямар нэгэн тайлбар хийгээгүй өнгөрсөн. Зүүн Цанхиас 2012 онд 3-4 сая тонн, 2013 онд 6-7 сая тонн, 2014 онд 9-10 сая тонн, 2015 онд 15 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байгаа. Харин баруун Цанхийн ажил зогсонги, асуудалтай байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудын мэдэгдлийг харахад Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил урагш муутай, ерөнхийдөө л гацаанд орсон нь илэрхий байна. Уг нь төсөл хэрэгжээд эхэлбэл,  Монгол Улсын экспортын хэмжээ өсч,  2012 оны сүүлээр эдийн засгийн өсөлт 20 хувь, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5000 ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо бий.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж