Өөрөөсөө бусдыг хайрлахаа больсон өнгө мөнгөний төлөөх шунал монголчуудыг сэтгэлгээний ядууралд хүргэж, аавын хайр, эхийн сэтгэл, ханийн жаргалыг мөнгөөр худалдаж авна хэмээн сэтгэчихсэн, алдар нэр, албан тушаалын дон, улс төрөөр өвчилчихсөн Монголын залуус ингэхэд хэн болж хүмүүжээд байна вэ. Бид хэнийг төрүүлж, хэнийг бэлтгээд байгаа юм бэ. Үнэндээ Монголд амьд явах баталгаа аль хэзээний алдагдаж, хэзээ хэн машинтайгаа ирээд дайрчих бол, хэнд дээрэмдүүлж, хэн нэгэн орон гэрийг маань хулгайлж түйвээчих бол гэсэн айдсаар дүүрчихсэн шүү дээ. Хөршийнхөө хүнтэй үг солихоос ч айдаг болоод удаж буй.
Аллага, таллага, архидалт газар авч гэмт хэргийн гаралт улам бүр нарийсч байгааг мэдсээр байж мэдээгүй юм шиг өнгөрч байгаа нь өнөөдрийн хувьд Монголын хамгийн том эмгэнэл болчихоод байна. Байгалийн баялгийг идлээ, уулаа хэмээн гадаадынхныг ад үзэх монголчууд дотроосоо ялзраад эхэлчихэж. 10 сая ам.долларын төлөө америк эрийг буудаж алаад, шатаасан этгээд мөн л цэл залуухан бүсгүй байсан. Тэгээд манай томоохон сэхээтний хүүхэд, сургуульдаа нэртэй, онц сурлагатай оюутан гээд байгаа. Шарилыг нь шатааж, цусанд хутгалдсан гараа угааж байхдаа тэр бүсгүй чухам юу бодож байсныг мэдэхгүй ч түүний хийсэн хэргийг бодохоос аймаар. 15-тай залуус айлынхаа охины машиныг унаж үзэхийн тулд боож алчихаад дараа нь шатаасан. Есийн есөн хүнийг хороож алчихаад гэртээ нь хамт шатаасан, хүүхэд хүчиндсэн гээд аймаар гэмт хэргийн тухай мэдээг өглөө бүр сониноос уншиж, орой бүхэн телевизээр хардаг. Монголчууд бүр сүүлдээ ээжийгээ, аавыгаа, хэн нэгнийг алаад л шатаахдаа бүр гаршиж байна гээч. Эх орны хишиг өгсөнгүй, сая төгрөг тараасангүй, хувьцаа олгосонгүй хэмээн гомдоллох хэрнээ амьд явах баталгаагаа бид яагаад эрхбаригчдаас нэхдэггүй, шаарддаггүй юм бол оо. Өдөр тутам нийгэмд үйлдэгдээд байгаа гэмт хэргийн золиос нь бид өөрсдөө болчихоод байна шүү дээ.
Тэнд л хүн алж гэнэ, энд ч хүний толгой таслаад мөчлөөд хаячихсан гэнэ, хэдэн залуу нэг бүсгүйг хүчиндэж алав, эхнэртэй нь уулзуулсангүй гээд хадам эхийгээ хөнөөв… Энэ мэдээнүүд юу вэ, бурхан минь. Монголчууд хүн алж “тоглох”-оо юман чинээ бодохоо байжээ. Ээжийгээ олон удаа хутгалж хөнөөсөн, хөнөөчихөөд шатаахыг оролдсон, аавыгаа алсан, эхнэрийгээ олны өмнө амь насыг нь бүрэлгэсэн, нөхрөө сүхдээд муу усныхаа нүхэнд нуусан гэх сонсохоос ч сэтгэл эвгүйцэж, бие арзаймаар хэргүүдийг бид ердөө хэвийн үзэгдэл мэт хүлээн авдаг болсон нь бүр илүү аймшигтай. Өөрөөр хэлбэл, монголчуудын сэтгэл өвдөхөө больж, чих нь дөжирчихсөнд л хамгийн гол асуудал байгаа хэрэг. Зурагтаар гарч байгаа кинонууд нь нөлөөлдөг байх л даа, нийгмийн сэтгэл зүйд. Хүнийг ийм аргаар дээрэмдэж, алж, хөнөөж болдог гэдгийг телевизээр гарч байгаа кинонууд бараг л “а, б“-гүй заагаад өгчихөж байгаа юм чинь. Ямар сайндаа л хэдэн жилийн өмнө ШТС-ыг дээрэмдэж, хүний амь хөнөөсөн залуус хэрэг хийх болсон шалтгаанаа киноноос сэдэвлэсэн хэмээн хээв нэг мэдүүлэхэв дээ.
Монголын ядуурал 29 хувь болтол буурлаа л гэнэ. Эдийн засаг өслөө гэнэ. Ажлын байр нэмэгдлээ л гэнэ. Шилэн байшингуудын тоо нэмэгдэж, гудамжаар тансаг машинууд хөлхөлдөж, хүүхдүүд бөмбөг өшиглөж биш контарстрайк тоглож байгаа нь Монголын хөгжил биш ээ. Үүнийг Монголын хөгжил гэж том эндүүрэв зээ. Эд хөрөнгийн ядуурлаас илүү сэтгэлгээний ядууралд бид нэрвэгдэж, дэндүү аминчхан бас өчүүхэн болчихсон байна. Гэхдээ энэ бүхэн нөгөө л ядуурал, ажилгүйдэл, үнийн дарамт, стрессээс болж байгаа нь тодорхой. Бусдад үлгэр дууриал болох ёстой зурагтаар гардаг “ах нар” хүртэл бие бие рүүгээ салаавч гарган “дэггүйтэх”-ээр Монголын нийгэм яаж ёс суртахуунтай байх билээ дээ. Өөрсдөө ёс зүйгүй авирладаг төрийн түшээд үр хүүхдээ ёс суртахууныг сургамжилж чадна гэж үү. “Эх нь шийр алаг бол хүү нь хээр алаг” гэдэг нэг үг байдаг даа.