-Ажилгүй хүмүүс тэтгэвэр авна гэнэ үү…
-Тийм юм байхгүй байлгүй дээ. Тэгээд одоо бид нар өөрсдийнхөө цалингаар тэднийг тэжээх хэрэг үү?
-Арай тэгэхгүй байх аа. Тийм биз дээ.
Энэ бол твиттерт өрнөсөн хэдхэн минутын “жиргээ”. Угтаа зөвхөн энэ асуудал жиргээг ширүүсүүлж, хүмүүсийг уурыг хөдөлгөж байв. Дэлхийн зарим оронд мөрдөгддөг энэ гажиг тогтолцоо манайд хэрэгжээд эхэлбэл тэртээ тэргүй их мөнгө тарааж байгаа манай улсын эдийн засагт томоохон ачаа нэмэх нь ойлгомжтой. Гэхдээ эрхэм уншигч та үүнд санаа зовох хэрэггүй болох нь. Учир нь Шинэчлэгдэхээ хүлээж байгаа нийгмийн даатгалын багц хуулинд ажилгүйчүүдэд тэтгэвэр олгохгүй байхыг хуулинд ийм заалтыг огт тусгаагүй ажээ. “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй хүмүүс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахгүй. Угаасаа ингэж ч хуулинд заачихсан байгаа” гэж Ч.Алтанхуяг ярьсан юм. Гэхдээ шинэчлэлээ хүлээж байгаа хууль чухам хэзээ батлагдаж, хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй л байна. Гэхдээ ажилгүй хүмүүст тэтгэвэр олгодог байх тухай санал орж ирээгүй юу гэвэл үгүй. Ийм санал нэг биш нэлээд хэдэн удаа ирж байжээ. Энэ тухай хуулийн төсөл боловсруулагчид ярилцан байж хуулинд тусгай заалтаар оруулахгүйгээр тохирчээ. Угтаа ажил хийгээгүй хүн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг орчин үеийн ардчилсан нийгэмд байхааргүй гажиг тогтолцоог оруулах талаар ярилцаж байж. Одоогоос 70 гаруй жилийн тэртээ Аргентин улс энэ тогтолцоог хэрэглэж байгаад улсын эдийн засаг сульдаж доройтох хүнд хэцүү цаг үедээ хэрэггүй тогтолцоо байсныг сая нэг ухаарсан гэдэг. Гэхдээ манай улс энэ бараан түүхийг давтахааргүй л болсон нь сайшаалтай.
Хэдийгээр ардчилсан нийгмийг сонгоод 20 гаруй жилийн нүүрийг үзсэн ч нийгмийн даатгалын тогтолцоо өөрчлөгдсөнгүй. Өөрчлөлтөө одоо хүлээж “суугаа”. Нэг ёсондоо бидний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нийтэд нь хуваарилж өгнө гэж ойлгож болно. Гэтэл энэ тогтолцоог ардчилалгүй гэж цоллуулдаг Орос улс халжээ. Бидэнтэй ижил гараанаас эхэлсэн Украйн, Польш зэрэг бүх улсууд халчихаж. Тэд хуримтлалын тогтолцоо руу шилжээд удаж байна. Өөрөөр хэлбэл миний, таны төлж байгаа шимтгэл зөвхөн надад л, танд л зориулагдана гэж ойлгож болно. Ийм тогтолцоонд шилжсэн оронд та одоогийн байдлаар хэдийг төлж байгаа гэдэг нь нээлттэй. Ирээдүйд хэдэн төгрөгний тэтгэврийг авах нь ч нээлттэй. “Бид хуваарилалтын тогтолцоог хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх ёстой. Эдийн засгийн өсөлт, ашигт малтмалаас олж байгаа орлог зэргийг тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэхэд зориулах хэрэгтэй. Үр дүн нь ч хурдан гарна. Гэхдээ тогтолцоо өөрчилнө гэдэг өргөс авч байгаа мэт хурдан шийдэгдчих ажил биш” гэж Ч.Алтанхуяг ярьж байна.
Бид дэлхийн бусад улсаас маш өвөрмөц аргачлалаар тэтгэврээ тогтоолгодог. Угтаа 1995 оноос өмнө, хойно гэж ялгамж үүсгэн тэтгэвэр боддог хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, 1995 оноос өмнө буюу хуучин нийгмийн тогтолцооны үед амьдарч байсан хүмүүсийн цалинг 1995 оны мөнгөнд шилжүүлээд хүүг нь шилжүүлж бодсон гэсэн үг л дээ. Харин 1995 оноос хойших хүмүүсийг тухайн үеийн авч байгаа цалингийн дунджийг, нийгмийн даатгалын шимтгэлийн дундажтай харьцуулах замаар бодож тэтгэвэр олгодог аж. Үүнээс болоод социализмын үеийн зарим хүмүүсийн тэтгэвэр өндөр, зарим нь бага, 1995 оноос хойших зарим хүмүүсийн тэтгэвэр өндөр, зарим нь бага болсон билээ. Энэ ч утгаараа тухайн үеийн хүмүүсийг “шинэ цагийн хэлмэгдэгчид” гэж нэрлэх нь бий.
“1995 оноос өмнө, хойно гэдэг бол зөвхөн л зарчмын асуудал шүү дээ. Гагцхүү тэтгэврийн өөрийнх нь бодит худалдан авах чадварыг хадгалах, хүүгийн өсөлт, инфляцид оруулахгүйгээр хамгаалсан давхар итгэлцүүрээ шинэчилж чадаагүй байснаас тэтгэврийн ийм зөрөө үүссэн” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг ярьж байна.
Магадгүй тэтгэвэрт гараагүй уншигч та итгэлцүүр гэж юу вэ гэж гайхсан байж магадгүй. Асуултыг тодотгох нэг зүйл байна. Түүнийг уншигч танд бага ч атугай тайлбарлая. 1995 онд тухайн хүн 900 төгрөгийн цалин авч байлаа гэж тооцъё л доо. Тэгвэл тухайн үед 900 төгрөгийн бодит худалдан авах чадварыг, одоо байгаатай буюу хүүгийн өсөлт, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөлт, инфляцид шилжүүлэн бодох аргачлалаар гарч ирсэн эцсийн тоо нь итгэлцүүр юм. Хамгийн сүүлд бодож гаргасан 2007 оны итгэлцүүрээр бодож үзвэл дээрх 900 төгрөгийн цалин одоогийн 100 мянган төгрөгтэй тэнцэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, итгэлцүүрийг 100 гэж тооцсон хэрэг.
Харин өнөөдөр энэ итгэлцүүрийг нэмэх талаар Засгийн газар хэлэлцэнэ. Хэрвээ тэгвэл 900 төгрөгийн цалин дунджаар 550 мянга болон өсөх магадлалтай гэсэн үг. “Одоогоор яригдаж байгаа нэг асуудал гэвэл хэрэглээний үнийн индексийн өсөлт зэргээс хамаараад одоогийн итгэлцүүрийг 600 хүртэл шинэчлэн тогтоох боломжууд бий. Гагцхүү бид үүнийг ярьж байна. Хэрвээ тэр итгэлцүүр нь батлагдчих юм бол 1995 оноос өмнө байна уу, хойно байна уу хамаагүй тэтгэврийн зөрүү арилж яг одоогийн төвшинд худалдан авах чадвартай тэтгэвэр авна” гэж Ч.Алтанхуяг ярьсан юм.
1999 онд батлагдсан тэтгэврийн нэрийн дансны тухай хуулиар бид шинэчилсэн байдлаар тэтгэврийг авах болно. Энэхүү шинэчилсэн хуулиар бол 1960 оноос өмнө, хойно гэж хуваасан нэрийн дансны шимтгэлээр бид тэтгэврээ авах юм. Тэгвэл дэвшилттэй гэж яриад байгаа шинэ системд ч эргэлзээтэй зүйлс чамгүй байна. Өөрөөр хэлбэл, Нэрийн дансны тухай хуулинд зааснаар хөдөлмөрийн хөлсний дараалсан гурван жилийн дундаж өсөлтийн хувиар тухайн тэтгэврийг бодно гээд заачихсан байгаа. Үүнийг 2000 оноос өмнө байсан хүүгийн өсөлтөөс хамааран тодорхой хэмжээгээр өсгөжээ. Тухайлбал, 2000 оноос өмнө 1,3 хувийн хүүгийн өсөлттэй байсан бол 13 хувь, 1,7 хувь авч байсан бол 7 гэх мэтчилэнгээр өсгөсөн хэрэг. Яг үүгээр тооцвол одоогийн байдлаар хүүгийн өсөлт 28,9 хувь байгаа аж. Хэрвээ бид энэ тооцооллоор тэтгэврээ бодуулах юм бол одоогийнхоос хоёр дахин бага тэтгэвэр авах болно. Тухайлбал, 1960 оноос хойш төрсөн хүмүүсийн тэтгэвэр маш бага байна гэсэн үг. 1960 оноос өмнө төрсөн хүмүүс одоогийн хуулиар тогтоолгоход хамгийн сүүлд авч байсан цалингын 52,3 хувиар буюу цалингийн талаас илүү хувийг тэтгэвэр болгож байгаа юм. Гэтэл 1960 оноох хойш төрсөн хүмүүс авч байсан цалингийнхаа 28 хувьтай тэмцэх хэмжээгээр бодогдоно” гэж Ч.Алтанхуяг ярив.
Яг үнэндээ үүнийг шийдэхийн тулд суурь тэтгэврийг нэмэх л нэг гарц бий. Гэтэл суурь тэтгэврийг нэмэх асуудал өнөө хэр нь шийдэгдээгүй учраас бид бага тэтгэвэр авна гэж ойлгож болно. 2015 оноос яг энэ шинэчилсэн тогтолцоогоор тэтгэврийг тарааж эхэлнэ. Өнөөг хүртэл шийдсэн юм одоогоор алга.
Ээлж халаатай орчлонд бид нэг л өдөр хөгширнө. Угтаа хөгширсөн цагт биднийг түших зүйл нь тэтгэвэр. Гэтэл бид одоог болтол нэг иймэрхүү буруу тогтолцоо, буруу тооцооллоор дүүрсэн нийгмийн даатгалын тогтолцоон дунд бид амьдарч явна. Шинэчлэлийг хийхийн тулд судалгаа хийж байгаа ч энэ нь дэндүү удаан, алгуур үргэлжилж байна.
Бидэнд одоо ирээдүйд шинэчлэгдээсэй гэж залбирах л үлдсэн.