
Цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн өнгөрсөн сонгуулийнх нь амлалт биелээгүй байхад одоо дахиад хаанаасаа ийм утга учиргүй зүйл гаргаад ирснийг бодоод бодоод олсонгүй. Өнөөдөр Хүний хөгжлийн сан хоосорч, хүүтэй мөнгө зээлэн 21 мянгыг тарааж эхэлсэн талаар яриа ид өрнөж байна. Гэтэл цалинг дунджаар дөрөв дахин нэмэгдүүлэх хуурамч амлалтаар сонгуулийн шоу хийхээр МАН-чууд бага хурлаараа товлов.
Дөрвөн жилийн өмнө СЕХ-ны дарга Б.Баттулга “МАХН-ын СЕХ-д өгсөн мөрийн хөтөлбөрт 1,5 сая төгрөгийн тухай байгаагүй” гэж тайлбарлаж байсныг сануулъя. Харин одоо СЕХ-ны Н.Лувсанжав “МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан 1,3 сая төгрөгийн цалинтай болгох амлалт хууль зөрчсөн” гэх л үлдэж. Гэхдээ тэглээ гээд яалаа даа…
Боломжгүй зүйлээ бодит бололцоо гэж харсан С.Баяр 2008 оны арваннэгдүгээр сарын 6-нд “1,5 сая төгрөгийг бэлнээр олгохгүй, олговол эдийн засаг элгээрээ хэвтэнэ” гээд мэлзсэн. Тэгвэл С.Баярын тахимаа өгсөн С.Батболд “Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ” гэснийхээ араас ийм амлалт дэвшүүлж байна.
МАН-ын бага хурлын танхимаас сонсогдож буй бас нэг асуудал нь дөрвөн жилийн өмнө ярьж л байсан “Сайн засаглал”. Хэрэв боломж олдвол үүнийг бий болгохын төлөө ирэх дөрвөн жилд ажиллах гэнэ. Үүнийг төрийн үйлчилгээг сайжруулахыг зорьж байна гэхээсээ илүүтэй “Өнөөдрийн засаглал муу ажиллажээ” гэж дүгнэхэд хүргэлээ. Төрийн албаны бүх шатанд нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг болох гэнэ. Энэ нь бас л дөрвөн жилийн өмнө хэлж, ярьснаа биелүүлээгүй юм байна гэдгийг ойлгууллаа.
…Бас нэгэн амлалтыг хууль зөрчин мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Энэ нь хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хөтөлбөр юм. Тэгээд ч төрсөн эхчүүдэд цалинтай нь тэнцэхүйц тэтгэмж олгох хуулийн төсөл хэзээний боловсруулагдчихсан яваа.
Дунд сургуулийн сургалтад Кембрижийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлнэ. Ёстой уучлаарай. Энэ хөтөлбөр дөнгөж эхлээд дампуурчихсан яваа. Тиймээс бүтэхгүй.
Бас Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах гэнэ. Оюутны хотхон энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд биелүүлээгүй амлалтаа дараагийн сонгуулиар дахиад амлаж болно гэж үзвэл оюутнууд дэмжээрэй.
Оюутанд бүрт сар тутамд олгож байгаа одоогийн урамшууллыг үргэлжлүүлнэ л гэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн биелүүлчихсэн амлалтын “соpy past” хийвэл хүмүүс мэдэхгүй гэж байгаа бололтой.
Эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын хувьд Хүүхдийн оношлогоо, эмчилгээний төв байгуулна. Бас л элийрсэн, балайрсан явдал. Өнгөрсөн сонгуулиар ч үүнийгээ ярьж л явсан шүү дээ. Ганц зүйлийг нэмээд асуухад IV төрөх барих ажил чинь яасан бэ?!
Иймэрхүү байдлаар дахин бөөн бэлэн мөнгө амлаж буй МАН-нд итгэл үзүүлбэл сөхөрсөн эдийн засгаа сэхэл авахааргүйгээр элгээр нь хэвтүүлэх нь дээ. Дэмжих эсэх эрх нь танд бий л дээ.
