Ирээдүйн ерөнхий сайдын танилцуулах айлчлал

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Ирээдүйн ерөнхий сайдын танилцуулах айлчлал

БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Ли Кэцян ОХУ-д айлчлав. Тэрээр Дмитрий Медведев, Владимир Путин нартай уулзав. Хятадын коммунист намын их хурлын дараа Ли Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болно гэгдэж байгаа бөгөөд тэрээр Оросын хослолтой хувиараа танилцах зорилгоор ирсэн гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ түүний айлчлал нь Бээжингийн эдийн засгийн стратегид улам бүр үүрэг зорилго нь тодорч байгаа Европын холбоотой хэлэлцээр хийхэд чиглэгджээ.  

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны орлогч сайд Чэн Гопиний хэлснээр Москвагийн уулзалт нь Хятад-Оросын харилцааг “шинэ нөхцөл байдал”-д гаргахад тустай гэнэ. Хэвлэлүүдэд мэдээлснээр “шинэ нөхцөл байдал” гэдэг томьёолол нь юуны түрүүнд Владмир Путин дахин ерөнхийлөгч болж байгаатай хамаатай ажээ. Хэлэлцээрээр Орос-Хятадын хамтын ажиллагаа олон улсын ажил хэрэгт ямар байх, мөн Бээжинд болох Шанхайн хамтын ажиллагааны саммитийн бэлтгэл, хоёр талын хамтын ажиллагааны 10 жилийн төлвийн талаар ярилцсан бололтой.

“Синьхуа” агентлагийн дөрөвдүгээр сарын 28-ны мэдээгээр Ли Кэцян Орос-Хятадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцох ёстой байв. Тэнд хоёр орны худалдааны тэнцлийг хэрхэн тэнцвэржүүлэх талаар ярилцана гэж уг агентлаг мэдээлсэн. Орос нь түүхий эдийн экспортын нэмэгдлээс татгалзах, олон нийтийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний Хятадын импортоос татгалзахыг хүсч байгаа. Харин үүний оронд машин-техникийн барааны худалдааны нэмүү үнэтэй хувийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа.

Москвад Хятадын ерөнхий сайдын орлогчийн  хийсэн айлчлалаас онцын зүйл хүлээх хэрэггүй гэж Оросын шинжээчид дүгнэж байна. Энэхүү айлчлал нь Хятадын коммунист намын ХVIII их хурлаар дараагийн ерөнхий сайд болох Ли Кэцяны бэлтгэл ажил бөгөөд Оросын лидерүүдтэй биечлэн танилцах зорилготой аж. Хятад Оростой харилцах харилцаагаа чухалд үздэг ба тэд стратегийн түншүүд юм. Тэдний олон улсын сонирхол нь олон зүйл дээр таардаг. Өнгөрсөн жилд тэдний худалдааны эргэлт дээд үзүүлэлттэй байсан ба 80 тэрбум орчим ам.долларын хэмжээтэй байлаа.

Лигийн Орост хийсэн айлчлалыг саяхан Хятадын дараагийн дарга болох Си Циньпиний АНУ-д хийсэн айлчлалтай харьцуулж болно. Түүнийг ерөнхийлөгч Барак Обамад танилцуулсан ба энэ айлчлалын үеэр зарчмын шинжтэй ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй. Айлчлал нь танилцах зорилготой байсан бөгөөд Ли Кэцяны айлчлалыг бас ингэж дүгнэж болох ажээ.

Лигийн айлчлал нь Орос-Хятадын Тэнгисийн цэргийн Шар тэнгист хийж буй хээрийн сургуулийн ажиллагаатай давхцаж байгаа. Үүнтэй холбогдуулан Хятадын ардын чөлөөлөх армийн чөлөөний зарим офицерүүд Орос-Хятадын цэргийн холбоо байгуулах хэрэгтэй гэж интернэтээр бичсэн байна. АНУ-ын эсрэг санаа бодолтой цэргийнхэн энэ тухай ярьж байгаа юм. Энэ нь Хятадын гадаад бодлогод өөрчлөлт орж байна гэсэн үг биш. Хятад нь Оросын адил цэргийн эвсэл байгуулан баруунтай харьцаагаа муутгах хүсэлгүй байгаа.

Хятадын албан ёсны мэдээгээр Лигийн Москвагийн айлчлалаас илүүтэйгээр Брюссельд очих нь чухал. Хятад нь Европын холбоон дахь өөрийн нөлөөг нэмэгдүүлэх сонирхолтой. Wall Street Journal бичсэнээр, ЕХ-ны өндөр тушаалтнуудтай Ли евро бүсийн хямралтай тэмцэх арга замын талаар ярилцах болно. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Европоор айлчилсны дараа залгуулаад Ли тийшээ ирэв. Хятадын өндөр тушаалтнууд тэнд айлчилсан нь Европын холбоо Хятадын гадаад бодлогод улам их байр суурь эзлэх болно гэсэн үг. Хятадын валютын нөөц нь гурван ихнаяд ам.доллар хүрч байгаа билээ.

Хүчин суларч байгааЕвропын орнуудад Хятад авралын гараа сунгах уу? Вэнь Европт айлчлахдаа энэ талаар огт дуугараагүй. Харин түүний хэлж байсан үгнээс дүгнэлт хийхэд Хятадын тусламж нь хоёр нөхцөлтэй байж болох ажээ. Нэгдүгээрт, Европ Хятадад зах зээлийн эдийн засагтай орны статусыг өгөх ёстой. Хоёрдугаарт, Европ нь Хятад зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригоо цацлах ёстой болж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж