Австралийн тэрбумтан “Titanic II” бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.02-нд нийтлэгдсэн

Австралийн тэрбумтан “Titanic II” бүтээнэ

Австралийн тэргүүн баячуудын нэг болох Клайв Палмер 21 дүгээр зууны шинэ загварын Titanic хөлөг онгоц бүтээх төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Titanic II-ыг Хятадад үйлдвэрлэх бөгөөд 2016 онд анхны аяллаа Англиас Нью-Йорк хот руу хийх гэнэ. Уул уурхайн салбарт хувиараа хөлжиж, тэрбумтан болсон Клайв Палмер шинэ хөлөг онгоц бүтээх асуудлаар Хятадын төрийн мэдлийн CSC Jinling Shipyard компанитай гэрээ байгуулсан байна. Энэ тухайд тэрбээр “Мэдээж Titanic хөлгийн адил агуу том бөгөөд тансаг байна. Гэхдээ 21 дүгээр зууны техник, технологийн дэвшлийг ашиглаж, удирдлага болоод аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байна. Анхны аяллаа 2016 оны сүүлээр Англиас Хойд Америк руу хийх болно” гэжээ.

Шинэ Titanic нь 100 жилийн өмнө Атлантын далайд живсэн Titanic хөлөг онгоцтой хэмжээний хувьд адил буюу 270 метр урт, 53 метр өндөр бөгөөд 40 мянган тонн орчим жинтэй байх аж. Нийтдээ 840 өрөөтэй бөгөөд есөн тавцантай байх юм. Түүнчлэн фитнесс танхим, усан сан, номын сан, өндөр зэрэглэлийн ресторан, гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлэх төв гээд урт аялалд шаардлагатай бүхнээр өвч тоноглох гэнэ. Харин төсөв, зардлын тухайд ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж