МАН-ын Бага хурлаас 12 гишүүн чөлөөлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2012.05.01-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурлаас 12 гишүүн чөлөөлөгдлөө

МАН-ын Бага хурал өндөрлөлөө. Эрх барьж буй олонхийн энэхүү хурал өнөөдрийн улс төрийн үйл явдлын гол сэдэв байлаа.  “Тусгаар тогтнолын ордон”-д болсон МАН-ын IV Бага хурлын гишүүд 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, баталсан юм.

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, сайн засаглалыг бий болгоно гэх таатай эхлэлтэй ч “Ирэх дөрвөн жилд төрийн албан хаагчдын сарын цалинг 1.3 сая төгрөгт хүргэнэ, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно, хүүхэд төрүүлж  асарсан эхэд 18 сарынх нь асаргааг ажилласан жилээр тооцож өгнө, оюутанд бүрт сар тутамд олгож байгаа одоогийн урамшууллыг үргэлжлүүлнэ” гэсэн олон өрнөлтэй тус намын мөрийн хөтөлбөр Бага хурал тараагүй байхад л “Халамжийн болон бэлэн мөнгөний амлалт ихтэй хөтөлбөр байна” гэх шүүмжлэл дагуулж амжлаа.

МАН-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Ард түмнээ сонсоё” аяныг зохион байгуулж 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг 300 гаруй сум, 152 хорооны 900 мянга гаруй иргэнтэй уулзан, санаа бодлыг нь сонссоны үндсэн дээр энэхүү хөтөлбөрөө боловсруулжээ. Мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, батлах нь гол байсан өнөөдрийн хурлаар өөр нэгэн олны анхаарал татсан сэдэв хөндөгдсөн нь Бага хурлын нэр бүхий 12 гишүүнийг чөлөөлсөн явдал юм. МАН-ын Бага хурал болохтой зэрэгцэн МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан өдрөөс хойш МАХН руу сэтгэлээ илгээчихсэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарын гишүүд намын бүлгээсээ гарах тухайгаа мэдэгдсэн нь улс төржсөн өдрийн гол үйл явдлын нэг байв.

Намын бүлгээс гарахаа мэдэгдсэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар удаа ч үгүй МАХН-ын Бага чуулганд зочилж, мөнгөн аяга, хадагтай гардан МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн юм.

Энэ үйл явдалд МАН-ын дарга С.Батболд,

“Өдөрт дунджаар 500 гаруй гишүүн манай намыг сонгож байна. Тиймээс замын дундаас гарч байгаа улс төрийн хүчин байна уу, зарим нэг хувь гишүүд байна уу ямар нэг ач холбогдол өгөхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн бол

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх,

“Манай намын дүрэмд Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн МАН-д гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаад элсэж болно. Мөн хүсэлтээ гаргаад намаас чөлөөлөгдөж болох заалттай. Тийм учраас өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээр манай намд элсдэг. Итгэл үнэмшил үгүй байна гэвэл намаас сайн дураараа гарах боломж нээлттэй” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

Ямартай ч дээрх нэр бүхий дөрвөн гишүүн тэргүүтэй 12 хүнийг МАН Бага хурлын гишүүнчлэлээс нь өнөөдөр чөлөөлсөн байна. МАН-ын мэдэгдсэнээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаас гарах өргөдлөө албан ёсоор өгч, мэдэгдсэн бол О.Чулуунбаатар,  Ц.Даваасүрэн нар намаас гарах тухай албаны байдлаар илэрхийлээгүй гэнэ. Тэдний гурав нь буюу УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар өнөөдөр үдээс хойш МАХН-ын гишүүнчлэлээ сэргээгээд зогсохгүй тэр даруйдаа Д.Тэрбишдагва гишүүн МАХН-ын дэд даргаар, Ч.Улаан, О.Чулуунбат нар нарийн бичгийн даргаар сонгогдоод байгаа бол Ц.Даваасүрэн гишүүний хувьд өнөөдрийн байдлаар МАХН-д албан ёсоор “очоогүй” байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж