-Соёлын төв өргөөнд тоглолт үзэхээр ирсэн юм. Гэтэл зогсоол алга. Зогсоол олж машинаа тавих гэж энэ хэдэн барилгыг бараг хоёр гурван удаа тойрлоо. Аргаа бараад Монголын залуучуудын холбооны хашаанд оруулж тавьчихаад ирлээ. Зогсоолын асуудал арай хэтэрч байна. Нийслэл хотод энэ асуудал ганц үзвэрийн газруудад тулгардаг юм биш. Манай худалдааны байгууллагууд ч зогсоолын асуудлаа шийдээгүй байдаг. Улаанбаатар хотод хүнээсээ олон машин байна гэж шүүмжилдэг ч арай машин тавих газаргүй болчихоогүй л баймаар юм.
Иргэн О.Баяртулга:
-Зогсоол олдохгүй, зарим нь зүлгэн дээр машинаа тавьсан байна. Нялх ногоо цухуйж буй энэ үед арй ч болохгүй байх. Гэхдээ зүлгэн дээр машинаа тавьсан жолооч нарын буруу бас биш. Учир нь хаа сайгүй шамбааралдуулсан барилгуудаа хотын захад барьж, үйлчилгээний газрууд нь автомашины зогсоолтой болох хэрэгтэй шүү дээ. Ямар ч зохион байгуулалтгүй бөөгнөрүүлчихээд сүүлд нь түүнийгээ зохицуулах гэж бөөн хөрөнгө зарсанаас анхнаас нь зохион байгуулалттай байлгах ёстой байсан болов уу.
Иргэн Г.Нарангэрэл:
-Би ажлын шаардлагаар энэ хавиар өдөр бүр явдаг. Гэтэл Соёлын төв өргөөний хойд зам байнга түгжирдэг. Автомашины зогсоол байдаггүйгээс баруун, зүүн тийшээ чиглэсэн хоёр замын хоёулангийнх нь нэгдүгээр эгнээг дүүртэл машин тавьдаг. Тиймээс энүүгээр явахад хүртэл хэцүү. Хот зохион байгуулалт маш муу байгаагийн илрэл шүү дээ. Зогсоолын асуудлыг бүрэн шийдээгүйгээс энд тэнд тавьсан автомашины эд зүйл хулгайлагддаг ч байж мэдэх юм. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины зогсоолыг цэгцлэхгүй бол арай хэтэрлээ.
Иргэн Б.Гүнсэнхорол:
-Автомашинтай хүмүүст тулгардаг хамгийн том асуудлын нэг болоод байна. Одоо дулааны улирал эхэлсэн болохоор унаатай болгон машинаа унах болсон. Тиймээс замын болон зогсоолын ачаалал ихэссэн. Үзвэр үйлчилгээ, худалдааны байгууллагууд бүү хэл орон сууцнуудын гадаа зогсоол олдохгүй байна. Байр орон сууц гээд яах вэ ядаж олон нийтийн газрууд дор бүрнээ зогсоолын асуудлаа шийдвэрлээсэй гэж хүсэх байна.
Иргэн О.Баярмагнай:
-Улаанбаатар хотод машингүй хүн хэцүү. Гэтэл машинтай байх нь түүнээсээ ч хэцүү болоод байна. Учир нь өнөөдөр машин барихад үнэхээр бухимдалтай болсон. Хаашаа, хэдийд ч явсан бөөн түгжрэл. Түгжирч түгжирч хүрэх газраа хүрнэ. Гэтэл залгуулаад зогсоолын асуудал тулгардаг. Машинаа аятайхан газар тавьчихаад санаа амар ажлаа хөөцөлдмөөр байх юм. Гэтэл зогсоол олдохгүй. Аль нэг барилгын булан тохойд тавих болно. Ажлаа амжуулчихаад гараад ирэхээр дээрээс хог новш, шил шаазан шидэх энүүхэнд. Эзгүй хойгуур машинд маань ямар нэгэн эвдрэл гарвал хэн хариуцах вэ. Энэ чинь бидний хөрөнгө шүү дээ. Тиймээс ядаж хотын төвийн барилга байгууламжууд зогсоолын асуудлаа шийдэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин